Г.Сайханбаярыг хуулийн ямар үндэслэлээр эргүүлж татах вэ

Zuv.mn
2024/06/17

Ухуулагч П.О нь хүний амь нас хохироосон хэрэг үйлдсэн тул МАН-ын сонгуулийн төв штаб  өчигдөр нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Гэхдээ энэ шийдвэрийг хэрэгжүүлэх субъект болох СЕХ хуулийн ямар үндэслэлээр нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах вэ гэдэг асуудал сонирхол татаж байна.

Учир нь, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд СЕХ нэр дэвшигчийг бүртгэсэн бүртгэлээ хүчингүй болгох зохицуулалт байгаа ч нам нэр дэвшигчээ эргүүлэн татах тухай зохицуулалт байхгүй юм.  

Тодруулбал,

-75.1. Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

-75.2. Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

-75.3. Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй.

-75.4. Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй гэсэн зохицуулалт л байгаа бөгөөд 75.2-т заасан үндэслэлүүд нь:      

-35.3.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно.

-38.2.Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

-48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

48.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх;

- 48.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

- 48.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

- 56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ гэсэн байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.42
    2024/06/17

    Сая намын байраар ирж уйлж унжиж байгаад явлаашт өөрөө би огцроёоо бүх албан тушаалаа өгөөд хөдөө очиж туслах малчин болно гээд байсаан хөөрхийг явах замд нь бүү саад бол

    Хариулах