Мэдээ2 цаг 1 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Ард иргэдийнхээ амьдралд үнэхээр санаа зовж байна. Мөнгө тараагаад амьдрал нь улам л доройтно
Оюутолгойн ногдол ашгийг тараах нь зөв эсэх талаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоос тодрууллаа.
Тэрбээр сонгуулийн мөчлөгтэй холбоотойгоор иргэдэд таатай сонсогдох ч бодит амьдрал дээр сөрөг үр дагавар авчирч болзошгүй бодлогуудаас болгоомжилж, аливаа асуудалд мэдлэг, мэдээлэлтэй, хариуцлагатай хандахыг уриаллаа.
Б.Мөнхсоёл “Инфляц 13 хувьтай байснаа 12.9 хувь болж буурсан ч эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Шатахууны үнэ, нийлүүлэлтийн асуудал ч шийдэгдээгүй. Иргэдийн амьдрал хүнд байхад бид цаашид хэрхэн хэвийн, боломжийн амьдрах вэ гэж байтал бэлэн мөнгө тараах асуудал яригдаж байна.
Зах зээлд нийлүүлж буй мөнгөний хэмжээ нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт эрэлтийг дагаж өсөхгүй бол үнэ нэмэгдэх нөхцөл бүрддэг. Гол учир нь үүнд байгаа юм. Өөрөөр хэлбэл, арван хүн нэг барааг худалдан авахын төлөө өрсөлдвөл тухайн барааны үнэ өсөх магадлалтай.
Шатахууны хувьд ч үүнтэй төстэй нөхцөл байдал үүсэж байна. Зарим ШТС-аас шатахуун олдохгүй бол дамлан худалдаалах асуудал гарч, улмаар таксины үнэ болон бусад үйлчилгээний зардал нэмэгдэх эрсдэлтэй. Үүний цаана эцсийн хэрэглэгчид буюу жирийн иргэд л хохирч үлдэнэ.
Тиймээс иргэдээ энэ нөхцөл байдлыг ойлгоосой гэж хүсэж байна. Сонгууль дөхөхөөр иймэрхүү үзэгдэл гардаг гэдгийг бид хангалттай харж, мэдэрсэн. Иргэдэд таатай сонсогдох боловч бодит амьдрал дээрээ сөрөг үр дагавар авчирч болзошгүй бодлого, шийдвэрт аль болох ухаалгаар, ухамсартай хандаж, аливаа асуудлыг олон талаас нь тунгаан боддог байгаасай гэж уриалмаар байна.
Энэ бол зөвхөн нэг хэсэг бүлэг хүний асуудал биш. Монгол Улсад амьдарч байгаа нялх хүүхдээс эхлээд ахмад настан, албан тушаалтай, албан тушаалгүй бүх иргэнд хамаатай асуудал. Худалдан авах чадвар, цалин, тэтгэврийн өсөлт бууралтаас үл хамааран амьдралын өртгийн нэмэгдлийг төдийлөн мэдрэхгүй байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хувьд хүссэнээрээ ярих амархан байж болно. Гэхдээ энэ бүх бодлогын бодит өртгийг хэн үүрч байна вэ? Эцсийн дүндээ нийт ард иргэд, энгийн хэрэглэгчид л үүрч байгаа шүү дээ.
Тиймээс олон нийт маань өөрсдөө ч бас аливаа асуудалд хариуцлагатай, хэрсүү хандаасай гэж хүсэж байна. Улс төрөөс аль болох ангид, мэдлэг мэдээлэлтэй, аливаа шийдвэрийн цаад үр дагаврыг ойлгодог нийгэм болоосой гэж уриалж байгаа юм.
Монгол шиг цөөн хүн амтай улсад эрх мэдлийн төлөөх хэт их өрсөлдөөн, улс төрийн талцал хуваагдал нь улс орны хөгжлийг улам хүндрүүлж байна. Хувь хүнийхээ хувьд би олон нийтийнхээ, ард иргэдийнхээ амьдралд үнэхээр санаа зовж байна” гэв.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд дээгүүрээ хулгайч ,луйварчид нь бүтээн байгуулалт нэрээр хувааж аваад байх ёстой юу ?! Би олон нийтийнхээ, ард иргэдийнхээ амьдралд үнэхээр их санаа зовж бна ч гэх шиг, ингэж рекламдах ямар хэрэг бна.
Санал болгох

November 3, 2026
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

November 3, 2026
Ө.Шижир: Ногдол ашгийг төрд хадгалуулахаар хулгай хийгээд байгаа болохоор л иргэд дансандаа авъя гээд байна

November 3, 2026
З.Мэндсайхан: Зах зээлд нийт 3 их наяд төгрөгийн бэлэн мөнгө нийлүүлэгдэх нь инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй



