Мэдээ1 цагийн өмнө
Мэдээ1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзаж, Оюу толгойн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийлсэн.
Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газарт чиглэл өгч, "Оюутолгой" төслөөс анх удаа орж ирэх ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэх бус, иргэдийн дансанд бэлнээр шууд олгох эрх зүйн зохицуулалтыг хийхийг үүрэг болгосон.
Энэхүү асуудал нь "D-Parliament" цахим системээр дамжуулан 100 мянга гаруй иргэний гарын үсэг, дэмжлэгийг авсан саналд үндэслэсэн. Мөн өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, Төв банкны бодлогын хүү өссөнөөс шалтгаалан зах зээлд мөнгөний хомсдол үүссэн, иргэдийн бодит орлогыг хамгаалах шаардлага бий болсон зэрэг дотоод болон гадаад эдийн засгийн хүчин зүйлсийг харгалзан уг шийдвэрийг гаргасан.
Зах зээлд нийт 3 их наяд төгрөгийн бэлэн мөнгө нийлүүлэгдэх нь инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй гэх болгоомжлол байсан, өмнө нь Ерөнхий сайдын зүгээс ч үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх талаар сануулж байсан. Цалин, хөлс нэмэгдэхэд инфляц өсдөг жишгээр уг мөнгөн дүн зах зээлд ороход инфляцад тодорхой дарамт учрах нь тодорхой боловч, энэхүү эдийн засгийн хүндрэлтэй цаг үед иргэдийнхээ орлогыг дэмжих, уул уурхайн баялгийн өгөөжийг бодитоор хүртээх зорилгоор Засгийн газар холбогдох эрх зүйн шийдлийг гарган ажиллана.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу ногдол ашиг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын санд шууд төвлөрч, улмаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд зарцуулагдах учиртай. Иймээс Засгийн газар өмнө нь өргөн мэдүүлсэн нэг удаагийн зохицуулалт бүхий хуулийн төслөө эргүүлэн татсан. Харин одоо төсөвт Хуримтлалын сангаас 1 их наяд төгрөгийг зарцуулах төсвийн орон зай тусгагдан, УИХ-аар дэмжигдээд явж байгаа хэдий ч цаана нь үлдэх 2 их наяд төгрөгийг иргэдэд олгохын тулд нэг удаагийн хуулийн зохицуулалтыг шинээр батлах зайлшгүй шаардлага үүсэж байна.
Төсвийн зардлын дээд хязгаарт багтаан эдгээр зохицуулалтыг хийх бөгөөд ногдол ашиг орж ирэх тухай бүрд нь иргэдийн дансанд олгох механизмыг бүрдүүлэх юм. Одоогийн байдлаар Оюутолгойн ногдол ашгийн асуудлыг хариуцсан ажлын хэсэг ногдол ашиг хэдийд, хэрхэн орж ирэх тухай хэлэлцээрийг яаралтай эцэслэн дуусгахаар ажиллаж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.