Мэдээ2 цаг 30 минутын өмнө
Мэдээ2 цаг 30 минутын өмнө
Засгийн газраас “За бол заавал хийе” гэдэг хөдөлгөөн санаачлаад явж байна. Үр дүн нь хэр байна вэ. Сүржин нэртэй ч үйл ажиллагаа явуулдаггүй, нэр төдий зүйл болчих гээд байна гэдэг хардлага төрүүлж байна. Үндэсний хэмжээний хөдөлгөөн гэж байгаа ч төдийлөн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадахгүй байна уу гэх шүүмжлэл байна ?
Нэрэнд ач холбогдол өгөхөөсөө өмнө хүүхдийн асуудалд дөжирчихсөн, анхаарал хандуулдаггүй байсан он жилүүдийн хор хөнөөл нь өнөөдрийн нөхцөл байдал шүү дээ. Монгол Улс хүүхдийн эрхийн, хөгжлийн индексээрээ 192 орноос 85 дугаар байранд жагсаж байсан бол одоо дайн байлдаантай байгаа Иран улсын ард 91-т эрэмбэлэгдэж байна. Бид авлига, хэвлэлийн эрх чөлөө, аз жаргалын индекс ярьдаг ч хүүхдийн хөгжлийн индексээрээ ийм түвшинд л явж байна.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд, хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал зөвлөлийн хурлаар хуулиа баталчихсан, “НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенц”-д нэгдээд орчихсон “за” гээд хүүхдийн өмнө тунхаглачихсан юм бол хуулиа хэрэгжүүлж, ажлаа хийгээч ээ л гэсэн үг. Ямар шалгуураар 91-т эрэмбэлэгдээд байна вэ гэхээр боловсролын байдал, хүүхэд хамгаалж байгаа байдал, хүүхдийн орчны аюулгүй байдлыг хамгаалж байгаа байдал, аюулгүй байдал , хөгжлийн байдал зэрэг шалгуураар ийм дүн тавиулчхаад байна.
Тэгвэл Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газраас Монгол Улсын хэмжээнд аймаг орон нутаг ямар хэмжээнд яваа вэ гэдгийг гаргах индексийг анх удаа гаргасан. Энэ дээр хамгийн дажгүй явж байгаа аймаг болон муу явж байгаа аймгуудыг нь эрэмбэлчихсэн байгаа. Монгол хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал, хүүхэд хамгаалал тэдний эрх, хүүхдийн хөгжил ямар байгаа вэ гэдгийг тодорхойлсон. Өөрөөр хаана юу хийх вэ, аль дүүрэг, аль аймагт яаж анхаарах вэ гэдгийг тодорхой болгож байгаа гэсэн үг. Хэмжиж чадвал хөгжиж чадна гэсэн жишгээр индексээ гаргасан.
Өнөөдөр энэ индексийг Засгийн газар, Ерөнхий сайдын хэрэглэдэг Dashboard дээр тавьж, хариуцаж байгаа салбарын сайд, засаг дарга нар нь ажлаа хийгээч л гэж байгаа юм.
Уриа лоозон ярьж байж л анхаарлыг нь татаж ухааруулахгүй бол хөдөлж өгөхгүй байна. Ерөөсөө за гээд хуулиа баталчихсан юм бол, за гэж гэрлээд хүүхдээ төрүүлчихсэн юм бол хүүхдээ хайрлаач, хуулиа хэрэгжүүлээч гэсэн үндэсний хөдөлгөөн юм.
Хүүхдийн эрхийг хамгаалахад засаг дарга нар маш чухал үүрэгтэй байдаг. Тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ ?
Энэ дээр эн тэргүүнд анхаарч байгаа нь хүүхдийн орчны аюулгүй байдлыг 21 аймаг, есөн дүүрэг, хороо, багийн засаг дарга нар хангаач ээ. Хаана суваг шуудуу байгаа вэ, хаана хүүхэд эндэх эрсдэл үүссэн гэх мэт эрсдлээ тооцоолоход 10066 эрсдэл байна гэдэг тоо гарч ирсэн. Өнөөдөр үүнийг хэрэгжүүлэхдээ улиг домог болсон хоосон тоо авахгүй. Өмнө ба дараа нь гэсэн баталгаат зурагтай байх юм. Энэ тайлангаа бид өнөөдөр нэхээд сууж байна. Өнөөдрийн байдлаар 23.7 хувийн хэрэгжилттэй явж байгаа. Тэгэхээр бүх шатны засаг дарга нар тухайн шатны хаа хүүхдийн төлөөх зөвлөлийн дарга нь байдаг. Эдгээр хүмүүс тухайн орон нутгийн хэмжээнд хүүхдийг аюулгүй байлгах үүрэгтэй. Тийм учраас тэр ажлаа хийгээч ээ, хийсэн бол тайлагнаад яваач ээ гэсэн л агуулгатай хөдөлгөөн.
Хүүхэд хөгжлийн индексээрээ ямар аймгууд сүүл мушгиж байна вэ ? Сайн байгаа аймгууд нь аль байна вэ ?
Яг тэр аймаг сайн, тэр аймаг муу гэж дүгнэхэл хүндрэлтэй. Хүүхэд хөгжлийн индексээрээ арай өндөр байгаа гэж ярих нь зөв байх. Ерөнхийдөө арай өндөр оноотой аймгууд нь үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн аймгууд л байна. Зүтгэлтэй засаг дарга нарын хүүхдийн төлөө хийж байгаа ажлууд нь үнэлгээнд нөлөөлж байгаа. Тиймээс засаг дарга нар маань тус индексийг хараад байгаа оносон ажил хийнэ гэж харж байна.
Үндэсний хөдөлгөөн гэхээр бүхий л төрийн албан хаагчдад хамааралтай гэж харж байгаа. Яг юу хийвэл хүүхдүүд хөгжиж, хамгаалагдаж, аз жаргалтай байх юм бэ ?
Батлагдсан хуулиудаа хэрэгжүүлэх. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой эрх зүйн орчин нь бараг бүрдчихсэн байгаа. Ерөөсөө хууль үг үсэггүй, хүүхдийг хамгаална гээд заачихсан байгааг хэрэгжүүлэх л асуудал. Бид эрх зүйн орчин бүрдээгүй гэж ярьдаг. Эрх зүйн орчин бол бүгд байгаа. Гэтэл хүүхдийн хүчирхийлэл яагаад өндөр байгаа вэ гэдэг асуудал байна. Томчууд нь хуулиа л хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 53 гишүүнтэй, тэнд бүх яамдын ТНБД, салбар хариуцсан сайд нар ордог, хууль хүчний байгууллагын томоохон албан тушаалтнууд ч байдаг. Тэгэхээр тухайн байгууллагуудын аймаг орон нутаг, сум дүүргүүд дэх салбар бүр нь анхаараад ажиллачих юм бол тэр аймгийн тэр суманд хүүхэд алга боллоо, хүчирхийлүүллээ гэх асуудал байхгүй болно шүү дээ. Тиймээс шат шатандаа хариуцлагатай байх хэрэгтэй байна.
Аймаг орон нутаг нь бодлогоо гаргах ёстой. Гаргаад явж байгаа орон нутаг байгаа ч гаргахгүй, юу ч хийхгүй байгаа нь ч байна.
Хүүхдэд, гэр бүлд чиглэсэн төсөв хэр их байна вэ. Хангалттай байж чадаж байгаа юу ?
Манайд хөрөнгө оруулалтын төсөв байдаггүй. Бид дөрвөн чиглэлт улсын төсвөөс төсөв авдаг. Жишээ нь урсгал зардал байна. Улсын хэмжээнд 1869 албан хаагчтай. Сум, хороо болгоныг нийгмийн ажилтантай болгож өгсөн нь Монгол Улсын хувьд хүүхдийн төлөө хийж байгаа том дэвшил болсон. Сум, хороо болгон нийгмийн ажилтантай болсноор хүүхдийн хүчирхийллийн маш их хэрэг илэрч байгаа. Тоо нь нэмэгдсэн. Үүнээс гадна. өнгөрсөн жилийн төсөв таван тэрбумаар буурч батлагдсан. 2026 онд 17 тэрбум болсон. Энэ жил 25 тэрбум төгрөгөөр санал өгсөн байгаа. Энэ дотор бид хамгааллын зардлыг нэмье гэж огт хүсээгүй. Харин гэр бүлийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр анхаарч байна.
Монгол Улс гэр бүлийн яамтай болоод жил 10 сар болж байна. Гэтэл хүүхдийн эсрэг үйлдэгдээд байгаа хүчирхийллийн 83 хувь гэр бүлийн орчинд үйлдэгдээд байна. Тэгэхээр бид хүүхдийг хамгаалахаас илүүтэй гэр бүлийг соён гэгээрүүлж, хүүхдээ яаж хайрлахыг нь зааж өгөх зайлшгүй шаардлагатай. Энэ бол мэдээж хангалттай төсөв биш. Гэхдээ бид Боловсролын яамтай хамтарч хүүхдийн хүчирхийллийн эсрэг болон эцэг эхчүүдийг соён гэгээрүүлэх ажил хэрэгжүүлнэ. Учир нь бидний хамгаалж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь боловсролын салбарт байна.
Түүнээс гадна бид эрүүл мэнд, хөдөлмөр халамж, боловсрол, хүүхэд гэр бүл, шүүхийн шийдвэрийн нийгмийн ажилтнуудыг “нэг мэргэжил, нэг хүч” санаачлагын дор нэгтгэсэн. Ингээд нэгтгэчихвэл нэг суманд таван хүн байна. Ганцаараа хүчирхийлэлтэй тэмцээд явж байснаас тавуулаа баг болох нь илүү үр дүнтэй, илүү уялдаа холбоотой ажиллана шүү дээ. Ингэснээр нэг суманд таван хүн, аймгийн хэмжээнд 100-140 хүн байна. Энэ бол маш том хүч болж байгаа юм.
Түүнчлэн Нийгмийн ажилтны хууль УИХ-дээр явж байна. Тэгэхээр нийгмийн ажилтнууд маань хууль дээрээ сууж, яг нийгмийн ажилтнуудын эрх ашгийг хангаж чадах хууль мөн үү гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Нийгмийн ажилтнууд маань бага цалинтай, чиг үүрэг нь тодорхойгүй, ямар ч эрх мэдэлгүй нөхцөл байдалд ажиллаж байгаа.
Соёл спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахад эрхийг нь хамгаалах журам батлагдсан. Үнэхээр л соёл, спортын арга хэмжээнүүд шөнө оройг хүртэл үргэлжилдэг, маш удаан хугацаанд зохион байгуулагддаг. Эргээд хүүхдийн эрх зөрчигдөх, эрсдэлд орох гэх мэт асуудал байдаг. Яг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл өгөөч ?
Соёл спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа хүүхдийн эрхийг яаж хамгаалах вэ гэдгийг зохицуулсан энэ журам бол Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг дагаж гарч байгаа журам. Энэ том хуулийг дагаад 13 хууль, 36 дүрэм, журам, стандартад өөрчлөлт оруулсан. Энэ журамтай холбоотойгоор хүмүүсийн маш их асууж байгаа зүйл бол 19:00 цагаас хойш хүүхдүүд соёл, спортын арга хэмжээнд оролцохгүй юм уу гэж байгаа. Ер нь бол 19:00 цагаас хойш 18 хүртэлх насны хүүхдүүдийг спорт, урлагийн ямар нэг арга хэмжээнд оролцохыг бүрэн хориглосон.
Энэ яаж байгаа вэ гэхээр 19:00 цагт эхэлж байгаа арга хэмжээ оройтож дуусах нь ойлгомжтой. Гэтэл бид хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж чадаж байна уу гэдэг нь маш том асуудал шүү дээ. Улсын хэмжээнд бүх газарт камер байрлуулсан уу, бүх газарт гэрэлтүүлэг байгаа юу, эцэг эхчүүд хариуцлагатай байгаа юу, багш, тэмцээн зохион байгуулагчид нь хариуцлагатай байгаа юу, гараас гарт, гэрээс гэрт нь хүргэж өгч чадаж байгаа юу гэх мэт маш олон асуудал тулгамдаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн өнчин болон 13 хүртэлх настай хүүхдийг аливаа тэмцээн уралдаанд оролцуулахад мандатын төлбөр, хураамж авахгүй байх журам батлагдсан. Мөн аюулгүй тээвэрлэлтийн хянах хуудастай болсон. Тээвэрлэлт гэдэг асар чухал зүйл. Тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа насанд хүрэгчид, байгууллага хүүхдийг аюулгүй тээвэрлэх хянах хуудсыг заавал мөрдөж, техникийн бүрэн бүтэн байдал, хүүхдийн хамгаалалтын бүс зэрэг олон талаас нь харж зохицуулагдахаар тусгасан байгаа.
Түүнчлэн ямар нэг арга хэмжээ зохион байгуулагдахаас өмнө талууд хариуцлагын гэрээ байгуулдаг байхаар зааж өгсөн. Жишээлбэл нэг аймгийн хүүхэд, гэр бүлийн газар хүүхдийн спортын арга хэмжээ зохион байгуулахаар болсон тохиолдолд спортын газар, боловсролын газар, эцэг эхийн төлөөлөлтэйгөө хүүхдийн аюулгүй байдлыг хангана гэсэн хариуцлагын гэрээ байгуулах юм. Ингэснээр аливаа асуудал гарсан тохиолдолд хариуцах эзэн нь тодорхой байна гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026

November 19, 2026