Нийтлэл4 цаг 21 минутын өмнө
Нийтлэл4 цаг 21 минутын өмнө
Зарим хүмүүст сонин санагдах байх. Гэхдээ Монголын шатахууны зах зээл одоо л эрүүлжиж эхэлж байна. Өмнө нь ОХУ-аас 99, БНХАУ-аас 1 хувийн хамааралтай байсан бол өнөөдөр Казахстан, БНСУ гэсэн хоёр ч эх үүсвэр нэмэгдчихлээ. Импортлогч компаниуд өртгөөрөө үнээ тогтоож, үнэ ханш солонгорч байна. Үнэ олон янз байна гэдэг цаана нь Монгол Улсад шатахуун нийлүүлж байгаа газар олон байгааг л харуулна. Засгийн газар өмнө нь өөр дээрээ ирэх галаас айгаад хийж чаддаггүй бодлогын хэдхээн том асуудал байсны нэг нь шатахууны үнэ чөлөөлөлт. Тэгвэл энэ асуудал ОХУ-Украины дайнтай холбоотойгоор аяндаа шийдэгдэж байна.
Одоо нэгэнтээ тогтоосон энэ харилцаагаа шинэ эх сурвалжуудаасаа буцааж тасалж огт болохгүй. Шатахуун үнэтэй ч тасрахгүй байна гэдэг хамгийн чухал. Тиймээс эх үүсвэр олшруулах ажлаа үргэлжлүүлж хийх ёстой.
Харин нефть импортлогчдод мөнгө гаргаж өгөх тухай бодоод ч хэрэггүй.
Өнөөдөр Монгол Улс мөнгөгүй байгаа. Баталгаа нь Засгийн газар Монгол банкны алдагдлыг хаах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс улайм цайм татгалзсан явдал. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа Засгийн газар хуулиар хүлээгээгүй, алба ч байхгүй шатахуунд татаас өгч төсвөө дундлахаар шийдсэнийг тайлбарлах ганц л өнцөг бий. Тэр нь одоохондоо иргэдийн нуруун дээр ирж хараахан амжаагүй байгаа инфляцийн давлагаа.
Эрчим хүч, дэд бүтцийн том төслүүдэд тавигдсан байсан мөнгийг цалин, тэтгэврийн нэмэгдэл рүү оруулснаас үүдэлтэй инфляци дээр шатахууны үнийн өсөлт, дээр нь Оюутолгойн ногдол ашгийг бэлэн мөнгөөр тарааснаас үүдэлтэй инфляци нэмэгдэнэ. Энэ инфляциуд дээр, дээрээсээ нэмэгдэж, Засгийг нь хөмөрчих магадлал байгаа учраас л төсвөөс зөрүү өгөх асуудлыг хөндөж байгаа нь тодорхой. Түүнээс ард түмнээ бодсондоо ч биш. Учир нь төсөв гэдэг угаасаа ард түмний бүрдүүлдэг, ард түмний мөнгө.
Засгийн газар өмнө нь шатахууны үнийг тогтворжуулж байсан түүх бий. Гэхдээ арай ч үнийн зөрүүг нефть импортлогчдод шууд өгч байгаагүй, бага хүүтэй зээл олгож байсан юм. Энэ арга хэмжээнд зарцуулсан мөнгө Монголбанкны алдагдал дотор яваа. Гэтэл Засгийн газар энэ алдагдлыг хаахаасаа татгалзсан шүү дээ.
МАН уг нь дотроо хуваагдсан болохоос нэг нам. Сайн ажиллана, дэд бүтцийн олон том төсөл хэрэгжүүлнэ, иргэдийнхээ амьдралыг сайжруулна гэж төрийн эрх мэдлийг авчихаад “Ард түмнээсээ асууна“ гэх нэрээр сонгуулийн амлалтаасаа буцаж байгаа нь нарийндаа бол сонгуулийн луйвар. Оюутолгойн ногдол ашгийн тухайд, зарцуулах шийдлүүд олон бий. Монгол Улсад урт хугацааны мөнгө буюу урт хугацаатай хүү багатай эх үүсвэр гэж хэзээ ч байгаагүй. Энэ асуудлыг ногдол ашгаар шийдэж болох байсан. Гэсэн ч иргэд дансандаа авна гэж шийдсэн. Энэ бол эрх баригчдын л нөлөө. Төсөв рүү оруулсан мөнгө найдваргүй гараар ордог гэдэг ойлголтыг тэд нэгэнтээ төрүүлж чадсан байна. Шатахууны үнийн өсөлтийг төсвөөс нөхнө гэдэг нь нарийндаа үнийн өсөлтийн зөрүүг ард түмэн л үүрнэ гэсэн үг. Учир нь төсөв бол ард түмний мөнгө. Гэтэл Ерөнхий сайд үнийн өсөлтийг Ард түмэнд үүрүүлж болохгүй, төсвөөс зөрүүг нь төлнө гэж мэдэгдэж байгаа нь “Төсөв бол ард түмний мөнгө“ гэдэг ойлголтоос нэгэнт тасарч холдсоны шинж ч юм шиг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 12, 2026

November 12, 2026

November 11, 2026

November 9, 2026