Мэдээ2 цаг 38 минутын өмнө
Мэдээ2 цаг 38 минутын өмнө
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын нөлөөнд хамгийн түрүүнд нэрвэгдэж, шууд өртдөг эмзэг салбар бол манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар. Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ эрс буурч, ган, зуд, салхи шуурга зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж олширсон нь бэлчээрийн ургамлын гарцыг доройтуулж, малын тэжээлийн хангамжийг улам бүр хумьсаар байна.
Манай улсын нөхцөлд бэлчээрийн мал аж ахуйг эрсдэлгүй эрхлэхэд 1.3 сая тонн тэжээл, эрчимжсэн мал аж ахуйд 221.2 мянган тонн тэжээлийн хэрэгцээ шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байдаг бөгөөд бэлчээрийн мал аж ахуйн хувьд зун-намрын улиралд тэжээлийн хэрэгцээг 100 хувь буюу хангалттай, өвөл-хаврын улиралд 35.7 хувийг тус тус бэлчээрээс хангаж байна.

Манай улсын нөхцөлд жилийн нийт хэрэгцээний малын тэжээлийн 81-90 орчим хувийг байгалийн хадлан, 2-9 хувийг ногоон тэжээл, 1-2 хувийг сүрэл дарш, 2.4-9 хувь багсармал тэжээл тус тус эзэлж байгаа бөгөөд малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Энэхүү тэжээлийн дутагдал нь малын зүй бус хорогдол үүсгэх, малчин өрхийг эдийн засгийн хүнд алдагдалд оруулах гол шалтгаан болсоор ирсэн юм. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн 2022 оны судалгаанаас харахад сүүлийн 30 жилд 728.3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирсэн. Энэ нь 8 аймгийн хүн амтай тэнцэх дүн юм. Шилжилт хөдөлгөөний үүсвэрийн 25 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, ган зуднаас шалтгаалсан. Шилжин ирэгсдийн 65.1 хувь нь залуу гэр бүл, залуучууд гэсэн судалгаа гарчээ.

Дээрх тулгамдсан асуудлыг үндэслэж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Засгийн газрын хэрэгжүүлж буй “Атар- IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд “Нутагтаа эзэн 100:1000” төслийг санаачлан орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн гол амин сүнс нь тухайн орон нутагт сонгогдсон 100 га талбайд тэжээлийн таримлыг малчдын өөрсдийнх нь оролцоотойгоор тариалж, тэжээлийн нөөцийг тогтвортой өсгөхөд чиглэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчид аравт, бүлгээрээ нэгдэж, ногоон тэжээл тариалснаар ган, зудыг эрсдэлгүй давахын зэрэгцээ эдийн засгийн үр өгөөжийг нь хүртсэн туршлагыг баяжуулж амьдралд хэрэгжүүлсэн нь энэ юм.
Төслийг амжилттай хөдөлгөх хөшүүрэг болгож ХХААХҮЯ-наас тэжээлийн таримлын үр, бордооны зардал, үрийг орон нутагт хүргэх тээвэрлэлт болон хөрс боловсруулалт, тариалалтад шаардлагатай түлшний зардлыг бүрэн шийдвэрлэж өгсөн нь малчдад том дэмжлэг болсон. Мөн эхний жилийн хувьд уг төслийг улсын хэмжээнд хавтгайруулан хэрэгжүүлсэнгүй, бодитой үр дүн, өгөөжийг чухалчилсан юм.
Төрийн энэхүү дэмжлэгийг авсан малчид нутаг усаараа нэгдэн зохион байгуулалтад орж, тариалалт болон хураалтын хичээнгүйлэн ажиллажээ. Үүний үр дүнд энэ онд 16 аймгийн 24 суманд нийт 2129 га талбайд малын тэжээлийн гурван төрлийн ургамал тариалж, ургац хураалтын гүйцэтгэлийг 90 хувьд хүргээд байна. Хамтын хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өдгөө 1911 га талбайгаас нийт 3767 тонн буюу 116954 боодол малын тэжээлийг амжилттай хураан авч, өвлийн бэлтгэлээ базаажээ. Улсын хэмжээнд нэг га-гаас дундаж ургац 19.7 центнерт хүрсэн байна.

Энэхүү ургац хураалтаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын малчид онцгойрон шалгарч, 100 га талбайгаас 18867 боодол тэжээл хураан авч бусдыгаа хошуучлав. Түүнчлэн Дорнод аймгийн Булган, Хэнтий аймгийн Баян-Овоо, Төв аймгийн Баян-Өнжүүл сумдын ургац арвин гарч, малчдынхаа өвлийн тэжээлийн хэрэгцээг найдвартай хангаж, тодорхой хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Төслийн бодит үр шимийг улсын хэмжээнд 103 хамтарсан баг, 698 малчин өрх, 61 хоршоо, 4 нөхөрлөл хүртсэн бөгөөд хамрагдсан малчдын тоогоор Архангай аймгийн Цэнхэр сум 100 малчин өрх, Өвөрхангай аймгийн Уянга, Есөнзүйл сумд нийт 9 хамтарсан баг 137 малчин өрхөөр нэгдэж орсноор тэргүүлж байгаа юм.
“Нутагтаа эзэн 100:1000” төслийг ийнхүү анхны жилд туршихад бодит үр дүнгээ өгч, бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийг бууруулах найдвартай гарц, шийдэл гэдэг нь батлагдаж байна. Төслийн ач холбогдлыг орон нутгийн малчид, удирдлагууд өндрөөр үнэлж байгаа бөгөөд үүний бодит илрэл болгож, уг төслийг өөрийн нутагтаа хэрэгжүүлэх хүсэлтийг дахин 14 аймгийн 100 сумын 156 багаас ХХААХҮЯ-нд ирүүлээд байна. Энэхүү өндөр хүлээлт нь малчдыг нутагтаа эзэн шиг амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, хөдөө аж ахуйн бодлогыг хөрсөнд нь буулгасан тус төсөл цаашид үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн болон өргөжих ирээдүйтэй нь харагдаж байна.
Эх сурвалж: Үнэн сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 9, 2026

November 9, 2026

November 9, 2026

November 9, 2026