Мэдээ1 цаг 36 минутын өмнө
Мэдээ1 цаг 36 минутын өмнө
Засгийн газраас шатахууны үнийн өсөлтийн зөрүүг төсвөөс татаас хэлбэрээр олгох асуудлыг хөндсөн. Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр нефть импортлогч аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг нөхөх нь зөв эсэх, энэ арга хэмжээ иргэдийн амьжиргаанд бодитой нөлөө үзүүлэх эсэх асуудал анхаарал татаж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. “Онцгой нөхцөл байдлын үед үнийг тогтворжуулах асуудлыг хөндөж ирсэн жишээ бий. Тухайлбал, 2012-2016 онд Н.Алтанхуягийн Засгийн газар хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан.
Өнөөдрийн нөхцөл байдал ч мөн онцгой нөхцөл байдал мөн. Учир нь ОХУ, Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ шатахууны нийлүүлэлтдээ дотоодын хэрэгцээгээ тэргүүнд тавьж эхэлсэн. Манай улсад нийлүүлэлт хэвийн байсан ч олон улсын зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна.
Тиймээс ард иргэдийн нуруун дээр ирэх ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд Засгийн газар үнийг тогтворжуулах асуудлыг авч хэлэлцэж байгаа юм.
Үнийг тогтворжуулах асуудлыг үндсэндээ татаас хэлбэрээр шийдвэрлэх боломжтой. Үүнд хоёр арга бий.
Нэгдүгээрт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэлбэрээр шийдвэрлэж болно. Энэ нь гаалийн татварын асуудал биш. Тухайн аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа татвартай холбоотой харилцаагаар зохицуулах боломжтой. Ингэснээр шатахууны үнийг тогтвортой түвшинд барих үүргийг тухайн аж ахуйн нэгжүүд хүлээнэ.
Хоёрдугаарт, тодорхой хэмжээний төсвийг тухайн аж ахуйн нэгжүүдийн хүлээж буй алдагдлын хэмжээгээр нөхөн олгох асуудал яригдаж байгаа. Энэ нь татаас хэлбэрээр хэрэгжих зохицуулалт юм. Миний хувьд эдгээр хоёр аргыг хоёуланг нь ашиглах боломжтой бөгөөд зөв гэж үзэж байна.
Шатахууны үнэ өсөхөд бараа бүтээгдэхүүний үнэд шууд өөрчлөлт ордог. Хэрэв бид шатахууны үнийг анхаарахгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ цаашид өснө. Тэгэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөлнө. Инфляц ч мөн нэмэгдэнэ.
2026 оны аравдугаар сард инфляц хамгийн өндөр түвшинд буюу 13.4 хувьд хүрсэн. Шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй байгаа нь инфляцад өндөр нөлөө үзүүлж байна.
Нөгөө талаас инфляц, бодлогын хүү, зээлийн хүү зэрэг олон хүчин зүйл хоорондоо уялдаатай. Ялангуяа шатахууны нийлүүлэлтийн хувьд Монгол Улс ОХУ-аас хамаарал өндөртэй. Мөн Хятад улсаас шатахуун авч байгаа. БНСУ-аас нийлүүлэлт авах асуудлаар Дамдинням сайд ажиллаж байгаа ч үнийн асуудал бий.
Тиймээс иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнэд татаас олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр оруулж ирсэн. Үүнийг УИХ дэмжсэн.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар нэрийг нь өөрчлөн хэрэгжүүлж ирсэн. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр үнэ үнэхээр тогтворжиж, эдийн засаг сайжирч, иргэдийн халааснаас гарах мөнгө багассан уу гэдэг асуудлыг тусад нь авч үзэх хэрэгтэй.
Өнөөдөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа арга хэмжээ бол эдийн засгийг шууд сайжруулахад чиглэсэн бодлого биш. Харин эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулахгүй байх арга хэмжээ юм.
Тиймээс үнийг тогтворжуулах арга хэмжээг авах шаардлагатай. Монгол Улс өөрөө газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээ ашиглалтад оруулаагүй, дотоодын хэрэгцээнийхээ ихэнхийг импортоор хангаж байгаа нөхцөлд ийм арга хэмжээ авах нь зүйтэй.
Засгийн газар ард иргэдийнхээ халааснаас гарах мөнгөнд ирэх ачааллыг аль болох нэмэгдүүлэхгүй байх үүрэгтэй. Харин УИХ-аас энэ арга хэмжээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг нь олгож байгаа юм” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026