Мэдээ1 цаг 27 минутын өмнө
Мэдээ1 цаг 27 минутын өмнө
Засгийн газраас шатахууны үнийн зөрүүг төсвөөс татаас хэлбэрээр нөхөх асуудлыг хөндсөн. Татвар төлөгчдийн мөнгөөр нефть импортлогч компаниудад татаас олгох нь чөлөөт зах зээлийн зарчимд нийцэх эсэх талаар олон нийтийн дунд байр суурь зөрүүтэй байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Э.Болормаагаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “Эдийн засагчийн үүднээс авч үзвэл энэ асуудалд туйлын зөв, туйлын буруу гэж туйлшрах нь зохимжгүй. Нөхцөл байдалтайгаа уялдуулж арга хэмжээ, шийдвэр гаргах ёстой.
Бензин бол эдийн засгийн суурь орцын нэг. Талхны үндсэн орц нь гурил байдагтай адил шатахууны үнэ нэмэгдэхэд бусад бараа, бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Өнөөдөр үнийн өсөлт ямар түвшинд хүрсэн, өрхийн орлого ямар байгааг харгалзан Засгийн газар арга хэмжээ авахаас өөр аргагүй.
Үүний нэг боломжит шийдэл нь олон улсын зах зээл дээрх шатахууны үнийн огцом өсөлтийг дотоодын зах зээлд шууд дамжуулахгүй байх зорилгоор төсвөөс татаас олгох явдал. Энэ нь өрхийн бодит орлогыг хамгаалах, иргэдэд тулгамдаж буй үнийн өсөлтийн дарамтыг бууруулах арга хэмжээ гэж харж болно.
Гэхдээ энэ асуудалд болгоомжтой хандах ёстой. Тооцоо, судалгаатай, олон талаас нь авч хэлэлцэх шаардлагатай. Нөгөө талаас төсөв бол татвар төлөгчдийн мөнгө, иргэдийн төлсөн татвараас бүрдсэн хөрөнгө. Тиймээс энэ хөрөнгийг нефть импортлогч компаниудад татаас хэлбэрээр олгох нь буруу, чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс үнийн чөлөөт бодлого баримтлах ёстой гэсэн байр суурийг хүмүүс илэрхийлж байна.
Гэхдээ чөлөөт зах зээлтэй улс орнууд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийхээ үнэд тодорхой бодлого баримталдаг. Тухайлбал, Япон улс стратегийн бүтээгдэхүүн болох будааны зах зээлд тодорхой зохицуулалт хийдэг. Монгол Улс ч мөн гурил, сүү, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд бодлого хэрэгжүүлж байна.
Махны үнийг тогтвортой барьж чадахгүй байгаа ч гурил болон хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн, тухайлбал, сүүний үйлдвэрлэлд төсвөөс татаас олгодог. Үүнээс гадна хөнгөлөлттэй зээл олгохдоо хүүгийн татаас өгдөг. Энэ нь мөн л тухайн аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлж буй дэмжлэг юм. Бид стратегийн ач холбогдолтой гэж үзсэн салбараа хөгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргадаг.
Тэгэхээр шатахууны татаасыг зөвхөн нефть импортлогч компаниудад үзүүлж буй дэмжлэг гэж харах нь учир дутагдалтай. Хэрэв энэ татаас байхгүй бол үнийн өсөлтийн ачаалал иргэдийн халааснаас шууд гарна. Татаасны дам эдийн засгийн нөлөө маш их.
Харин нефть импортлогч компаниудад дэмжлэг үзүүлж байгаа асуудал, тухайн зах зээлд монополь байдал үүссэн эсэх нь тусдаа авч хэлэлцэх ёстой асуудал.
Харин өнөөдөр бидэнд тулгамдаж байгаа бодит асуудал бол бензиний үнэ маш хурдтай өсөж, иргэдийн халаасанд шууд дарамт учруулж байгаа явдал. Шатахууны олдоц, үнэ хоёр тусдаа асуудал. Үнийн өсөлтийн дам нөлөө нь эдийн засаг болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд асар их нөлөөлдөг.
Би чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаан дээр ч Засгийн газрын нэн тэргүүнд хийх ёстой ажил бол үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн бодит орлогыг хамгаалах явдал гэдгийг байнга хэлдэг. Бодит орлого гэдэг нь инфляцыг тооцсон орлого юм.
Өнөөдөр иргэдийн бодит орлого хумигдаж, зарлага нь багасаж, хүмүүс аль болох бүсээ чангалж амьдарч байна. Тиймээс Засгийн газар энэ асуудалд арга хэмжээ авах ёстой.
Эдийн засагч хүний хувьд өнөөдөр хэрэгжүүлж байгаа бодлогыг энэ хүрээнд авч үзэж байна. Энэ асуудалд туйлшрах шаардлагагүй. Учир нь тухайн цаг үе, нөхцөл байдалд юу хамгийн чухал байна вэ гэдгийг харгалзан шийдвэр гаргах ёстой. Туйлын зөв, туйлын буруу, 100 хувь ухаалаг эсвэл тэнэг шийдвэр гэж байхгүй.
Яг одоогийн нөхцөлд Засгийн газар шатахууны үнийн асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Татаас бол авч үзэх боломжтой шийдлүүдийн нэг мөн. Гэхдээ урт хугацаандаа үр дүнтэй шийдвэр биш болов уу гэж бодож байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.