Нийтлэл12 минутын өмнө
Нийтлэл12 минутын өмнө
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өчигдөр “Бодийн...” гэж нэршсэн нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхийн төлөө Ардчилсан нам тууштай тэмцэхээ илэрхийллээ. Ингэснээр сөрөг хүчний талд олон нийтийн том дэмжлэгийг үүсгэж чадлаа. Гэхдээ хэргийг даруй илрүүлэх үү, олон жилээр сунжруулах уу гэсэн эргэлзээ байсаар байгаа бөгөөд Ардчилсан намын дараагийн алхмыг анхааралтай ажилглаж эхэллээ. Тодруулбал, энэ хэрэг “С.Зоригийн хэрэг” МАН-д бий болгож байсан давуу талыг АН-д үүсгэж байна.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг эрүүгийн хэрэг МАН-ын улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болж, олон ч сонгуульд ялуусан билээ. Иргэд энэ хэргийг илрээсэй, жинхэнэ буруутнууд олдоосой гэж үнэхээр их хүссэн нь МАН-д “Бид ялбал С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж сурталчлаад ч сонгуульд ялах боломжийг нэг бус удаа гаргаж, эсрэгээрээ АН-ын боломжийг үгүй болгосон байдаг.
Тэгвэл “Бодийн 110 сая ам.долларын...” гэх хэрэг Ардчилсан намд С.Зоригийн хэрэг МАН-д олгож байсан давуу талыг олгох нь нэгэнт ойлгомжтой боллоо. Одоо Ардчилсан нам энэ хэргийг илрүүлэхийн төлөө тууштай явахад л хэн ч нэр дэвшсэн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд баттай ялахаар байна.
Мэдээж, наана нь бага сага асуудал бий. Бодит байдал дээр Ардчилсан нам дотроо хоёр хуваагдсан. ЕНБД С.Баярцогтын талынхан Онц их хурал хуралдуулж Их эвсэл үндэсний хөдөлгөөнийг Б.Хурцаар удирдуулан байгуулсан нь үүнийг харуулж буй.
Энэхүү хөдөлгөөний ард Ц.Элбэгдорж угшилтай С.Баярцогт ба түүний нөхдөөс гадна АН дахь “МАН-ын жигүүр” гэгдэж буй нөхдүүд бий. Гэхдээ хоёр талд хайрцаглагдчихаагүй хэсэг бүлэг байгаа бөгөөд асуудлыг чухам тэд шийднэ. Мөн Их эвсэл хөдөлгөөний талын төлөөлөл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин өчигдөр “Ардчилсан нам Засагт хамтрахгүй” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, АН одоогоор сонгуульд ялах том эрх ашигтаа үнэнч байна. Энэ бол сайны дохио.
Гэхдээ нэг асуудал бий. МАН С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэчихээд одоогоор илрүүлээгүй байгаа. Сонгууль дөххөөр л гаргаж ирж олон нийтийн анхааралд оруулж байгаад “Бид ялбал С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэдэг ээлжит жүжгээ тавьдаг. Иргэд ч үүнээс залхсан.
“Бодийн...”, “Авлигын ” гэж нэрлэгдэж байгаа ч энэ хэрэг бол нүүрсний хулгайн хэрэг. Хэрвээ үнэн бол /Х.Нямбаатарын ярьж байгаа нь үнэн бол/ ААН гэхээсээ илүү улстөрчдийн хийсэн хэрэг. Шижмийг нь хөөхөд шууд ҮАБЗ рүү хөтөлдөг.
“Бодь интернейшнл” ХХК төмөр замыг анхны ТЭЗҮ-гээр үргэлжлүүлэх болсноороо МАН удтал “Овоолсон шороо” гэж сурталдсан тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг төмөр замын суурь бүтэцтэй холбоотой муу нэрнээс нь салгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, төмөр замын гэрээнд түүний эрх ашиг ч бий. Гэхдээ тэрбээр АН-д байгаа хоёр том фракцын нэг бөгөөд тэдний тал ҮАБЗ-ийн зөвлөмжөөс гадна хурлын протокол, хэн ямар байр суурь илэрхийлж байсныг ил болгохыг шаардсан, Х.Нямбаатарын гаргаж тавьж буй мэдээлэлд огт нэр дурдагдахгүй байгаа зэргээс харвал энэ хэрэг үнэхээр АН-ын үед илэрнэ гэх найдлага бий.
Тиймээс, Ардчилсан нам одоо нэгэнтээ энэ хэргийг барьж авсан бол үүний яг эсрэгээр нь хийж, “Бид арай өөр шүү” гэдгээ харуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, олон сонгууль дамнуулж шуналтахгүйгээр, хэлснээрээ улс төрийн шийдвэрүүдээ даруй, даруйхан гаргаж, хурдан хугацаанд илрүүлэх эрмэлзлээ харуулах, улмаар олон жил сунжруулж “Зоригийн хэрэг 2.0” болгохгүй байх нь чухал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 17, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 12, 2026