Нийтлэл4 цагийн өмнө
Нийтлэл4 цагийн өмнө
-АН хамтарсан Засгийн газарт орж, шинэ МАНАН-г байгуулалцах уу-
Ноднин, МАН, АН-ын Их хурал товлогдохоор дуншиж байх үед “МАН-ын их хурал Л.Оюун-Эрдэнийг, АН-ын их хурал Х.Баттулгыг шахан зайлуулах ажиллагаа болно. Энэ ажиллагаагаа дуусгасны дараа дахин Хамтарсан Засгийн газар байгуулна” гэсэн яриа гарч байсан билээ. Тэгвэл энэ яриа батлагдах магадлалтай болж, Н.Учрал Ардчилсан намыг танхимдаа оруулах яриа илт чангарчээ.
Энэ нь хэдийгээр, өнгөндөө АН-ыг эсрэг талтайгаа нийлүүлж, Засгийнхаа хувь заяаг эрсдэлд оруулахгүй гэсэндээ Н.Учралын аргагүйн эрхэнд хийж байгаа алхам мэт харагдаж байгаа ч цаанаа бол нэгэн МАНАН суларч, шинэ МАНАН эрх мэдлээ зарлан тунхаглаж байгаа, урьдаас төлөвлөсөн ажиллагаа гэх хэсэг бүлэг байна.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга гэсэн нам дамнасан бүлэглэл суларч, Сү.Батболд, У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж, С.Баярцогт гэсэн шинэ МАНАН тус тусын намдаа нөлөөгөө баталгаажуулсны илрэл болох гэнэ.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарыг нэгдэн нягтарч, шинэ МАНАН үүсгэсэн гэх яриа аль 2023 оны хавраас Төрийн ордноос тарж, бодит фактуудаар баталгаажсан билээ. Улмаар бяр хүч нь амтагдсан тэд өнгөрсөн жилийн өдийд буюу Ухаа худагийг төрийн мэдэлд авах яриа хүчтэй хөндөж тавьсан үеэс нь эхлэн тэдний эсрэг У.Хүрэлсүх, С.Баярцогт, тэдний ард байдаг Сү.Батболд, Ц.Элбэгдорж гэсэн бас нэгэн МАНАН бий болж, нам дотроо тэмцэл өрнүүлэхээр тохирсон гэдэг.
Шинэ МАНАН-гийн эхний ажиллагаа Хамтарсан Засгийн газрыг унагах байсан бол дараа нь намуудынхаа Их хурлаар дайснуудаа шахаж гаргах байсан бөгөөд баримтаар батлагдаад явж байна.
Өнгөрсөн жилжингээ нохой шувуу шуугиулсан МАН-ын их хурал бүхэлдээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг шахан гаргах ажиллагаа болсон бол АН-ынх мөн Х.Баттулгын хүмүүсийг сулруулж, “Ц.Элбэгдоржийн” гэх хүмүүсийг өөд нь татах ажиллагаа болсон.
АН-ын их хурлын үед, жишээ нь намын даргад нэр дэвшигчийг тодруулах журмаар Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нарыг, сүүлд нэр дэвшихээр материалаа бүрдүүлж өгсөн хүмүүст тавьсан шалгуураар Ө.Шижирийг хассан. Товчхондоо АН-ын Үндэсний бодлогын хороо дээрээс чиглэл авсан мэт тэр чигээрээ Женко буюу Х.Баттулгыг шахан гаргах, түүний ар дээр нөлөөгөө бэхжүүлэх уур амьсгалаар цэнэглэгдсэн, тэр нь өчүүхэн зүйл дээр ч харагдаж байсан юм.
Жишээ нь, Төрийн ордонд болсон Үндэсний бодлогын хорооны хурлын эхэнд Дотоод сонгуулийн хорооны гишүүн, хуульч О.Баасанхүү Дотоод сонгуулийн хорооны гишүүн Г.Эрдэнэбатыг “Г.Эрдэнэбат дарга...” гэж дуудсанаа “ҮБХ-ны гишүүн Г.Эрдэнэбат. Удахгүй дарга болно биз ээ” гэсэн. Удахгүй болох үйл явцыг тодорхойлсон олон илэрхийллийн зөвхөн нэг нь энэ байсан юм. Г.Эрдэнэбат удалгүй УИХ-ын Тамгын газрын дэд даргаар томилогдсон жишээтэй.
Гол сэдэвтээ ороход, Х.Нямбаатарыг зайлуулсан Н.Учралын ялалт нь зөвхөн түүнийх биш бөгөөд ард нь байгаа Ерөнхийлөгч болон АН-ын С.Баярцогт, түүний ард байгаа Ц.Элбэгдорж нарын ялалт юм.
Туулын хурдны зам төслийг элдэвлэхэд Ц.Элбэгдоржийн гарын хүн болох Ц.Оюунгэрэл нүүрээ шүүр болтол зүтгэсэн нь үүний нэг л жишээ бөгөөд нэлээд уртаар үргэлжлүүлж болно.
Тиймээс хэрвээ одоо АН-тай Хамтарсан Засгийн газар байгуулагдвал тэр нь МАН-аас Л.Оюун-Эрдэнийг, АН-аас Х.Баттулгыг шахах У.Хүрэлсүх, С.Баярцогтын төлөвлөгөө хэрэгжсэн, жинхэнэ ялагч нь Ц.Элбэгдорж, Сү.Батболд тэргүүтэй томчууд гэж харж болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 9, 2026

November 9, 2026

November 6, 2026

November 6, 2026