Нийтлэл1 цаг 4 минутын өмнө
Нийтлэл1 цаг 4 минутын өмнө
Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан эрх баригч нам доторх сунгаа ширүүн өрнөж буйг хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээнээс бэлхнээ харж болохоор өдөр хоногууд өнгөрч байна. Саяхнаас АН-ынх эхэллээ. Нэгнийгээ харлуулах, зохион байгуулалттай гүтгэх явдал бүр хавтгайрав. Эрх баригч нам хэд хэдэн судалгааны байгууллагаар судалгаа хийлгүүлж, дундын хувилбар сонгохоор төлөвлөсөн гэх мэдээлэл нэлээд дээхнээс яригдаж байсан. Тэгвэл энэ дундын хувилбар нь Сангийн сайд асан Б.Жавхлан байж болох юм гэдэгт санал нэгджээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт нийслэлийн МАН-ын хорооны тамга Х.Нямбаатараас Б.Пүрэвдагвад шилжих үеэр нэгэн цагт энэ албан тушаалд байсан, УИХ-ын дарга асан М.Энхболд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Манай намын талцал хуваагдал УИХ-ын 68 гишүүнээс үүдэлтэй. Хамаг маргаан Г.Занданшатараас боллоо. Гишүүн биш байж Ерөнхий сайд, намын дарга болно, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэснээс энэ маргаан эхтэй. Намын дарга, бүлгийн дарга нар эвлэрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Цаашлаад биднийг ирэх оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгууль хүлээж байна” гэжээ.
Эндээс өмнө Төрийн Тэргүүнд нэр дэвших санаатай МАН доторх 70-аад оныхон өөрсдөө судалгаа хийлгүүлсэн. Бүр дотоодын судалгааны компаниудад итгэхгүй солонгосчуудаар рейтингээ тогтоолгуулахаар үнэ цохиж, мөнгө хаяж судалгаа хийлгүүлсэн гэх яриа улс төрийн хүрээнд гарсэн.
Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нар ил, далдаар горилж буй. Тэгвэл энэ нэрсээс Г.Занданшатар хасагдаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэмэгджээ. Учир нь, гадаад нэр хүнд, имиж талаасаа гадна судалгаагаар рейтинг нь өндөр гарчээ.
С.Бямбацогтын хувьд Их хурлаа олигтой удирдаж чадахгүйн дээр гишүүдийг “дэгэнд” оруулж чадахгүй хүн сонгуульд өрсөлдвөл МАН ялагдана гэж үзэж буй бол Ж.Энхбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдаас Батлан хамгаалахын яамыг хариуцуулахаар сэлгэхээр улс төрийн хүрээнд яриа өрнөсөн нь өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр явсан билээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрийг нь цэвэрхэн татуулж буй хэлбэр аж.
Ирэх оны Төрийн тэргүүний сонгуульд Үндсэн хуульд зааснаар 50 нас хүрсэн хүн өрсөлдөх ёстой. 50 насны босго давсан Ерөнхийлөгчийн суудал мөрөөдөж яваа улстөрчид МАН, АН-д олон байна. Парламентад суудалтай хоёр том нам хэнийг нэр дэвшүүлэхээ судалгааны дүн харж байж болно гэх ерөнхий агуулгыг горилогсдодоо хэлээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 9, 2026

November 6, 2026

November 6, 2026

November 4, 2026