Нийтлэл4 цаг 42 минутын өмнө
Иргэд түр хангалуун байх үед эрх баригчид зургаан жил цатгалан байх эрхээ олж авах нь ээ
-Ерөнхийлөгчийн сонгууль гурван сараар наашлах нь эрх баригчдад ашигтай-
Монголчууд ирэх жил түүхэндээ анх удаа хавар сонгууль өгч үзэх гэж байна. Ингэхдээ “Хаврын тарчиг” цагт биш, цаг цагт нэг тохиодог цагаан сарын цатгалан үеэр төрийн тэргүүнээ сонгох нь ээ.
Ерөнхийлөгч бүрэн эрхээ дуусахаас долоон сар гаруйн өмнө ажлаа өгөхөө мэдэгдсэн. Хэрвээ УИХ түүний хүсэлтийг хүлээж авбал хуулиараа дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль зохион байгуулах ёстой.
Өөрөөр хэлбэл, хамгийн цаад хугацаа нь ирэх оны гуравдугаар сарын 20-ны дотор буюу ээлжит сонгуулиас гурван сарын өмнө Ерөнхийлөгчөө сонгоно гэсэн үг. Яг цаг хугацаа гэдэг талаас нь харвал хол зөрүү биш ч Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг харвал, сонгуулийн үр дүнд маш ихээр нөлөөлөх, тэнгэр, газар шиг ялгаа гаргаж болохоор цаг хугацаа.
Монгол Улс 2026 оны улсын төсөв, Төсвийн тодотгол батлахдаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байсан их хэмжээний мөнгийг цалин тэтгэврийн нэмэгдэлд зарцуулсан.
Тэгвэл 2026 оныхоос 30 хувийн өсөлттэй, мөн л цалин, тэтгэврийн нэмэгдэлд их хэмжээний мөнгө хуваарилсан төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Зах зээлд их хэмжээний бэлэн мөнгө гэнэт нийлүүлсний нөлөө инфляциар илрэх хугацаа нь Монгол Улсын эдийн засгийн хувьд 1-3 сарын дотор дохиогоо өгч, 3-6 сарын дараа оргил үедээ хүрдэг зүй тогтолтой. Үүнтэй яг зэрэгцээд Монголбанкнаас авч хэрэгжүүлдэг арга хэмжээ болох мөнгөний бодлогын өөрчлөлтийн нөлөөлөл ААН-үүдээр дамжин иргэд дээр очтолоо 12-18 сар байдаг гэж үздэг.
Инфляци гэдэг бол гар дээр ирэх мөнгө нэмэгдсэн ч тэр мөнгөөр худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнэ багасахыг хэлдэг. Тэгэхээр, эрх баригчдын явуулж буй эдийн засгийн бодлогын нөлөөг яг бодитоор амсаж, бодитой сонголт хийх боломжтой цаг хугацаа нь зургадугаар сарын сүүл үе буюу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үе болж таарч байна.
Эсрэгээрээ, хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхэн үе бол төсвийн бодлогын нөлөө иргэдэд мэдрэгдэж амжаагүй буюу илрэх нөлөө нь сул, бодитой үнэлэлт өгөх боломж хязгаарлагдмал үе болж таарна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгсөн шийдвэр сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх үр дагаврыг үүсгэж байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






