Мэдээ2 цаг 33 минутын өмнө
Мэдээ2 цаг 33 минутын өмнө
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулыг төслийг Л.Мөнхбаясгалан тэргүүтэй 13 УИХ-ын гишүүн өргөн бариад байгаа билээ. Тус хуулийг өчигдөр /2026.11.05/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа.
Таны өргөн барьсан усны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. Та өглөөхөн Усны тухай хуулийг уул уурхайн компаниудын лоббинд автсан гишүүд дэмжихгүй байна гэж байсан. Энэ хуулийг унагаах гээд байсан учраас завсарлага авчихав уу ?
Усны тухай хуулийг 12 жил шинэчлэн найруулаагүй. Би энэ хуулийг барьж авч ажиллахдаа их гайхаж байсан юм. Бүтэн 12 жилийн хугацаанд үзэл баримтлал нь байхгүй болчихсон, бусад хуулийн хүрээнд 12 удаа нэмэлт өөрчлөлт орчихсон байсан. Есөн сарын хугацаанд энэ хуулийг нухацтай судалж, маш олон хэлэлцүүлэг хийж, судлаачидтай уулзсан. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ч ажилласан. Ингээд өнөө өглөө л учрыг нь ойлголоо. Усны тухай хуулийг батлуулах, усыг хамгаалах, усны нөөцөө хамгаалах, ард иргэдээ эрүүл, аюулгүй усаар хангах сонирхол улстөрчдөд байдаггүй юм байна.
Зөвхөн уул уурхайн төлөө бид амьдрах ёстой юм байна. Уул уурхайн компаниудад усаа өгч байх ёстой, тэд л усыг хямд үнээр хэрэглэж, ашгийг нь хүртэх ёстой гэсэн ойлголттой юм байна.
Өнөө өглөө чуулган эхэлсэн цагаас хойш УИХ-ын гишүүдийн дунд нэлээд бужигнаан үүссэн. Г.Дамдинням тэргүүтэй сайд нар эсэргүүцэж, “Ингэж болохгүй, Усны тухай хуулийг батлуулахгүй” гэсэн байр суурь илэрхийлж эхэлсэн. Засгийн газраас ирүүлсэн саналын 90 хувийг нь тусгасан. Салбарын яамтайгаа нэг ч асуудлаар зөрчилгүй, зөвшилцөж чадсан. Ийм л байдлаар энэ хууль УИХ-д орж ирж байгаа юм.
Өнөөдөр Монгол Улсын есөн аймгийн 56 сумын 817 мянган иргэн ундны усны эх үүсвэргүй болсон. Тэдгээр сум, аймгийн Засаг дарга нар Байгаль орчны яам болон Усны газарт хандаж, “Ундны усны эх үүсвэрийг маань яаралтай хайгуул хийж олж өгөөч” гэсэн. Бүр нэн яаралтай гэсэн тодотголтой албан бичгийг удаа дараа хүргүүлсээр байна.
Иргэд нь ундны цэвэр усгүй болчихсон. Уул уурхайд ашигладаг усыг өнөөдөр ард иргэд нь ууж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, өсвөр насны хүүхдүүдийн хэрэглэж болохгүй, хавдар үүсгэх, гэдэсний савханцар илрэх эрсдэлтэй гэсэн судалгаа бий. Энэ судалгааг би өөрөө хийгээгүй. НҮБ-аас хийсэн судалгаа байгаа.
Гэтэл бид усны хайгуулын ажилд шаардлагатай хөрөнгийг төсөвлөж чадахгүй байна. Манай улс үүнийг хийж чадахгүй, хийх сэтгэл ч алга.
Усны тухай хуулийн гол зорилго, чухал зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөөч ?
Өнөөдөр уул уурхайн салбарт таван тонн усыг нэг хайрцаг тамхины үнэ болох 6000 төгрөгөөр ч хүрэхгүй үнээр хэрэглүүлж байна. Уул уурхайн компаниуд ийм хөнгөлөлттэй нөхцөлөөр усаа хэрэглэсээр ирсэн. Одоо цаашид ч үргэлжлүүлэн ийм үнээр хэрэглэх ёстой гэж байна.
Энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөөс болж уул уурхайн компаниуд усны салбараас 887 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа юм. 887 тэрбум гэдэг бол бараг нэг их наяд төгрөг. Гэтэл есөн аймгийн 56 сумын 817 мянган иргэнийг эрүүл, аюулгүй усаар хангахад ердөө 10 гаруйхан тэрбум төгрөг хэрэгтэй. Өрөвдөлтэй байгаа биз дээ. Үүнийг бид уул уурхайгаас гуйж авах гэж байгаа юм.
Өнөөдөр Монголын Их хурал сөхрөх гэж байна. Тэрнээс нь урьтаж манай нам завсарлага авлаа. Ирэх даваа гарагт би МАН-ын бүлэгт хуулиа танилцуулна. АН-ын бүлэгт ч мөн танилцуулна. Ингээд манай бүлэг нэгдмэл байр суурьтайгаар гарч ирнэ гэж итгэж байгаа.
Өнгөрсөн хугацаанд бид дандаа Монгол хүнээ нэгдүгээрт тавиагүй. Байгаль, экологийн системээ ч ойшоож үзээгүй. Зөвхөн уул уурхайг яаж ашигтай байлгах вэ, уул уурхайн компаниуд уурлачих вий, буцаад явчих вий гэж болгоомжилж ажиллаж, амьдарч ирсэн. Энэ УИХ, энэ Засгийн газар ийм л ажил хийж ирлээ.
Яагаад бид нэг удаа ч болов усны эх ундарга, усны нөөцөө хамгаалж, ард иргэдээ цэвэр усаар хангах бодлогыг нэн тэргүүнд тавьж болдоггүй юм бэ? Үүнийг хэрэгжүүлэх гэж оролдох бүрд нухчин дарсаар байх юм уу?
Одоо Г.Дамдинням сайд тэргүүтэй хүмүүсийн байр суурийг та бүхэн ажиглаарай. Ярилцлага өгч байгаа гишүүдийн дийлэнх нь Усны тухай хуулийг эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байна. Тэдний ихэнхийнх нь ард уул уурхайн компани, баяжуулах үйлдвэр байдаг.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнснээс бусад зориулалтаар цэнгэг усыг ашиглахыг хязгаарлах шаардлагатай гэж заасан байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг Монгол Улсын Засгийн газар, УИХ чиглэл болгон хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ заалт хүртэл хэрэгжихгүй байна.
Өнөөдөр уул уурхайн компаниуд, баяжуулах үйлдвэрүүд усаа 70-95 хувь хүртэл дахин боловсруулж, ашиглаж байна. Тэр хэмжээгээр нь усны төлбөрөөс чөлөөлж байгаа. Оюутолгой гэхэд л усаа дахин ашиглах үзүүлэлтээ хамгийн өндөр буюу 87 хувьд хүргэдэг. Тэгэхээр ашигласан усныхаа 87 хувьд ногдох төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа гэсэн үг.
Бид үлдсэн 13 хувийнх нь төлбөр дээр ердөө гурван төгрөг нэмчихээч ээ гэж байгаа юм. Гэтэл үүнийг бүгд эсэргүүцэж байна.
Өнөөдөр уул уурхайн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг гишүүд байгааг өглөөнөөс эхлээд харлаа. Одоохондоо би Г.Дамдинням гишүүнийг уул уурхайн салбар хариуцсан сайд учраас ийм байр суурь илэрхийлж байгаа гэж бодож байна.
Өнөөдөр тэр хүн бензинээ олохгүй үйлээ үзэж байна шүү дээ. Монголын ард түмэн бензинд дугаарлаж байна. Хэдхэн жилийн дараа усанд дугаарлах цаг ирнэ. Тэр үед “Говиос сонгогдсон нэг ийм цэнхэр дээлтэй гишүүн ярьж байсан юм аа, үнэн байжээ” гэж санаарай” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026