Нийтлэл41 минутын өмнө
Их тэнгэрийн уулзалтын тайлал №1: Сонгуулийг энэ долоо хоногт товлоно
УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 22-нд Их тэнгэрт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал хэлэлцсэн гэсэн мэдээлэл гараад байгаа билээ.
Энэхүү хурлаар хэлэлцсэн хэмээн хэвлэлд гарсан асуудлуудыг тоймлобол:
-Сонгуулийн тов: Санал хураалт хоёр үе шаттай болох магадлалыг тооцоолж, сонгуулийг 2027 оны хоёрдугаар сарын сүүлээр буюу Цагаан сарын дараа (тухайлбал хоёрдугаар сарын 24-нд) товлох, УИХ-д суудалтай бусад намуудтай зөвшилцөж сонгуулийн тов, цагалбарыг тогтоохоор ажиллах
-Сонгуулийн штабын удирдлага: Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал ахлах асуудал.
-Намын дотоод эв нэгдэл ба санал асуулга: Сонгуульд дотоод эв нэгдэлтэй оролцох талаар ярилцаж, нэр дэвших горилогчдыг гишүүд, иргэдтэй уулзуулж, санал асуулга явуулсны дараа тодруулах.
-Хувийн байр суурь илэрхийлэхгүй байх анхааруулга: Намын эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гараагүй байхад зарим улстөрч бие даан нэр дэвших байр сууриа илэрхийлж, рейтинг тогтоож буйг шүүмжилж, горилогчдод анхааруулга өгсөн
-Дотоод болон бодлогын асуудал: Намын дотоод асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мөн хэлэлцсэн гэж мэдээлэлэгдээд буй.
Болоод өнгөрснийх нь дараа зарим нэг улстөрч “Хурал биш, цөөн гишүүн цугласан уулзалт л байсан” хэмээн ач холбогдлыг нь дарахыг илт хичээсэн ч чухам энэ уулзалтын дараа буюу даваа гарагаас эхлэн тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогчид ар, араасаа мэдээлэгдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл эрчимжсэн буюу хугацаа нь наашилсан байж болзошгүйг харуулсан юм.
Сонгуулийг энэ долоо хоногт товлоно
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулж ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө чуулганы хуралдаанд мэдэгдсэн. Тэрбээр өчигдөр /2026.11.24/ МАН-ын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгуулжээ.
Уулзалтаар:
-“Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах”,
-“Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах”
-“УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх”;
-“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллах” гэсэн зарчмын дөрвөн асуудалд санал нэгдэж, хамтран ажиллахаар болжээ.
Мөн сонгуулийн төвыг энэ долоо хоногтоо Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн тогтохоор болсон байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 24, 2026
Т.Цэрэнбадралын томилгоо төрийн алба дампуурч, Түр орлон гүйцэтгэгчээр “бөөстөж” байгаагийн жишээ боллоо

November 24, 2026
Ерөнхийлөгчийн сонгуулийг цагаан сарын дараа иргэд цатгалан үеэр явуулахаар тохирчээ

November 23, 2026
Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц



