Мэдээ2 цаг 12 минутын өмнө
Мэдээ2 цаг 12 минутын өмнө
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын өргөн барьсан “Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн П.Сайзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Б.Мөнхсоёл нарын гишүүдийн боловсруулсан “Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-өөр нийтийн зориулалттай инженерийн байгууламжийг усны онцгой хамгаалалтын бүсэд барихыг хуулиар хориглох гэж байна.
Энэ нь усны онцгой хамгаалалтын бүсэд инженерийн шийдэлтэй орон сууц, тухайлбал “Авлигал хороолол” барих тухай асуудал огт биш. Харин нийтийн зориулалттай инженерийн дэд бүтэц гэдэгт юу багтдаг вэ гэхээр гүүр, зам, усан цахилгаан станц зэрэг байгууламжууд хамаарна.
Наад зах нь модон болон бетонон гүүрийг гол дээгүүр дамнуулан барих боломжгүй болох нөхцөл үүсэж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг зогсоох үр дагавартай хуулийн төсөл оруулж ирж байгаа юм.
Өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яамнаас Байдрагийн 30 МВт-ын УЦС-ын төр, хувийн хэвшлийн түншлэлийн сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа энэ цаг үетэй зэрэгцэн усны нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Б.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намын гишүүд зогсоох оролдлого хийж байна. Энэ бол туйлын харамсалтай.
Барилга байгууламж гэдэгт бүх төрлийн барилга, инженерийн байгууламж хамаарна. Өөрөөр хэлбэл, усны барилга байгууламж, гүүр, үерийн далан, усан цахилгаан станц зэрэг байгууламж барихад ч хүндрэл үүсэхээр байна.
Гэтэл энэ асуудлыг зориуд өөр өнцгөөс тайлбарлаж, хуулийн төслийн бодит үр дагаврыг бүдгэрүүлэн олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна. Миний харж байгаагаар, ийм зохицуулалтаар дамжуулан цаашид УЦС, үерийн далан, гүүр зэрэг нийтийн зориулалттай инженерийн байгууламж барих боломжийг хязгаарлаж, усан цахилгаан станцуудын төслүүдийг зогсоох оролдлого хийж байна гэж хардахад хүргэж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хараат байдлыг арилгах стратегийн ач холбогдолтой төсөл. Байдрагийн 30 МВт-ын УЦС нь Баянхонгор аймгийн эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой. Цаашлаад Эгийн голын УЦС-ыг барих асуудлаар ОХУ-аас нааштай хариу авч байгаа энэ цаг үед бүх төрлийн инженерийн болон барилга байгууламжийг усны онцгой хамгаалалтын бүсэд барихыг хориглосон ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа нь туйлын буруу.
Мэдээж усны онцгой хамгаалалтын бүсэд орон сууц болон хувийн зориулалттай барилга байгууламж барьж болохгүй. Үүнийг хэн ч эсэргүүцэхгүй. Харин нийтийн зориулалттай инженерийн дэд бүтцийг ч мөн адил хориглох нь улс орны хөгжил, эрчим хүчний аюулгүй байдалд сөрөг үр дагавар авчирна.
Тиймээс эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой үр дагавар учруулж болзошгүй ийм хуулийн төслийг өргөн барьж байгааг эсэргүүцэж байна. Олон нийт энэ асуудалд анхааралтай хандаж, хуулийн төслийн бодит үр дагаврыг ойлгож, сэрэмжтэй байгаасай гэж хүсэж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026