Мэдээ2 цаг 8 минутын өмнө
Мэдээ2 цаг 8 минутын өмнө
Хотын дарга асан Х.Нямбаатар амралтын өдрөөр нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг дэлгэн лайв хийсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Би хатуу байр суурьтай байгаа. Тухайн үед гадаа 35 хэмийн хүйтэн, бослого хөдөлгөөнтэй, асуудал ихтэй байсан. Сонсголд хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй байх хуультай байсныг өөрчлүүлж, ард иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хэвлэлийнхнийг оролцуулж байсан.
Хоёр дахь нүүрсний сонсголын үеэр ч бодитой холбоотой асуудлуудыг гаргаж ирж ярьсан. Тухайлбал, Бодь компанийн Баясгалангаас асууж байсан асуултууд бий. Тухайн үед янз бүрийн хариулт өгсөөр байгаад асуудал дууссан.
Бодь гэдэг компанид боломж олгож байгаа бол тухайн компани өөрийн санхүүгийн чадавхтай, өөрөө хөрөнгө мөнгөө босгодог байх ёстой. Гэтэл тодорхой хэмжээний урьдчилгаа өгсөн, нүүрсээр дэмжлэг үзүүлсэн, нүүрсний үнэд хямдрал үзүүлсэн. Өөрсдөө мөнгөө гаргаж ажлаа хийх ёстой байтал урьдчилгаа мөнгийг нь өгсөн. Тухайн үед энэ компани банкинд өртэй, санхүүгийн боломжгүй байсан гэдэг асуудлыг сонсгол дээр гаргаж тавьсан.
Өөрөөр хэлбэл, чадамжгүй компанид боломж олгосон, давуу эрх өгсөн, нүүрсний худалдааг нь дэмжсэн, нүүрсний үнэд татаас өгч хямдруулсан асуудал яригдсан. Энэ өөрөө ноцтой асуудал. Яагаад тэр компанид ийм эрх олгосон юм бэ? Нүүрсний сонсгол дээр хамгийн гол нь энэ асуудал яригдсан. Тэгээд дарагдсан.
Тийм болохоор Х.Нямбаатартай холбоотой эсэхээс үл хамаараад ер нь асуудлыг дахин харах нь зүйтэй. Нүүрсний сонсгол дээр хийж байснаа дахин хийх хэрэгтэй. Сонсголын үеэр цугларсан материалуудыг татаж авч, хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой. Сонсголын гол ач холбогдол нь ард иргэдэд мэдэх эрхийг нь олгох, түүнээс гарсан материалыг хууль хяналтын байгууллагад өгөх явдал. Яагаад түүний дараа шалгаагүй юм бэ? Хууль хяналтын байгууллагууд ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.
Нүүрсний асуудлаар түр хороо байгуулах тогтоолын төсөлтэй холбоотойгоор тэрбээр гарын үсэг цуглуулах ажил явагдаж байгаа гэх мэдээлэлтэй байгаагаа хэлэв.
Мөн Монгол Улсын гадаад сурталчилгаа, брэндингийн зардлын талаар “Бид гадаад ертөнцөд гарахдаа өөрсдийгөө таниулж байх ёстой. Брэндингийн комисс, брэндингийн зөвлөлийг миний санаачилгаар байгуулж байсан. Тодорхой хэмжээний хөрөнгө, зардал гаргаж байж Монгол Улсаа гадаадад сурталчлах ёстой. Энэ бол зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн бүх улс өөрсдийн имижийг гаргаж ирдэг.
Ганцхан энэ асуудлаас болоод юм хаагдчихгүй байгаасай гэж хэлж байгаа. Засгийн газрынханд, Соёлын сайдад хэлж байгаа. Дотооддоо асуудлаа шийдэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой зүйлээ шалгуул. Гэхдээ үүгээр гадагшаа гарах бүх замаа хааж болохгүй” гэв.
Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагаанд парламентын хяналт тавих асуудлаар “Монгол Улсын Засгийн газрыг УИХ байгуулж, хөтөлбөрийг нь баталж өгдөг. Үүнийхээ дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Засгийн газрын дотоод асуудал руу УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй гэдгээрээ орж байна гэдэг бас нэг талаасаа доголдол.
Зарчмын асуудлуудыг бүлэг дээрээ, эсвэл УИХ-ын бүтцийн институт болох байнгын хороодоор татаж авч хэлэлцэх ёстой. Хяналтыг тавих ёстой” гэж байр сууриа илэрхийллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026