Мэдээ1 цаг 58 минутын өмнө
Мэдээ1 цаг 58 минутын өмнө
Хотын дарга асан Х.Нямбаатарын мэдээлсэн “Бодь”-ийн 110 сая долларын асуудалд нэр дурдагдсан ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяраас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний сонсголын үеэр ил болсон баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд тэдгээрийг шалгаж, үнэн худлыг нь тогтоох ёстой гэв.
Тэрбээр “Би өөрөөсөө хамаарах бүх зүйлээ хэлсэн. Өчигдөр гэхэд л Голомт банк, Бодь Интернэшнл компанийн санхүүжилтийн баримтыг нуун дарагдуулсан гэж яриад байна. Би энэ асуудлаар түр хороон дээр гурван удаа шаардлага хүргүүлж байсан.
Манай 10 гаруй хянан шалгах шинжээч эх нотлох баримтуудыг судалж, өөрсдөө ард түмэнд танилцуулсан. 110 сая ам.доллартай холбоотой яригдаж байгаа баримтууд бүгд гарсан. Хүмүүс сонсгол үзэхгүй байна. Сонсгол дээр ямар баримт яригдсан, юу гэж танилцуулсныг үзэх хэрэгтэй.
Хамгийн сүүлд сонсгол өглөө 09:00 цагт болно гэж байхад урд өдрийнх нь 22:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яаманд портер машинаар санхүүгийн баримтууд авчирсан. Хянан шалгах шинжээч нар судалж амжихгүй гэж тооцоолсон байх. Гэтэл манай 10 гаруй шинжээч үүр цайтал баримтуудыг үзэж, илрүүлсэн зүйлсээ сонсгол дээр танилцуулсан.
Сонсголоос гарсан материалууд 2023 оны арванхоёрдугаар сард дүгнэлт болж, 2024 оны нэгдүгээр сард АТГ-т хүргүүлсэн. Тэнд байгаа баримтуудыг надаас дахин нэхээд байх юм. Төрийн албан хаагчид олон сарын турш ажиллаж, илрүүлсэн үйл баримтуудаа хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
Харин хууль хяналтын байгууллагууд үүний дагуу хурдан шуурхай арга хэмжээ авахгүй байгаагаас асуудал үүсэж байна. Хэн нь үнэн ярьж, хэн нь худлаа ярьж байгааг үйл баримтаар тогтоох ёстой. Энэ асуудлыг удаашруулж байгаагаас болж хулгай хийсэн хүмүүс нь хүртэл хууль хяналтын байгууллагынхнаа барьцаалсан мэт зүйл ярьж байна. Энэ бол илүү ноцтой асуудал.
Шаардлагатай бол прокуророос зөвшөөрөл авч, бүх баримтыг дэлгэрэнгүй танилцуулсан бүтэн өдрийн хэвлэлийн хурал хийх хэрэгтэй. Ингэхгүй бол ард түмний төрд итгэх итгэл алдагдаж байна.
Энэ оны хавар намайг хэдэн сая доллар авлаа гэдэг асуудал яригдахад би өөрөөсөө хамаарах бүх үйл баримтаа шалгуулсан. Тэр хүн худлаа ярьж байна. Ямар ч үйл баримт аваачиж өгөөгүй, тэнд ямар ч бичлэг байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол гүтгэлэг.
Л.Оюун-Эрдэнэ гэрч байтугай оролцох ёстой. Яагаад гэхээр Бодь Интернэшнл компанитай байгуулсан найман гэрээний зургааг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулсан. Тиймээс хамгийн түрүүнд дуудагдах хүн бол Л.Оюун-Эрдэнэ.
Би "Голомт" банк руу огт орж үзээгүй, надад данс ч байдаггүй. А.Амундратай амьдралдаа уулзаж үзээгүй. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд би хөндлөнгөөс оролцдог, нөлөөлдөг албан тушаалтан биш. Хууль хяналтын байгууллага өөрөө шалгах ёстой.
Улс төрч хүний хувьд энэ хугацаанд нэг ч хүнийг гүтгэх зүйл ангиар цагдаад өгөхгүй гэж өөртөө хэлсэн. Намайг яаж ч гүтгэсэн би өөрөө хандахгүй. Гүтгэх гэдэг зүйл анги хорих ялтай байсныг хорих ялыг нь авч хаях хуулийг санаачилж байсан хүн. Тиймээс өөрийнхөө итгэл үнэмшил, манлайлалдаа үнэнч байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026