Мэдээ38 минутын өмнө
Мэдээ38 минутын өмнө
Хотын дарга асан Х.Нямбаатар төмөр замын төсөлтэй холбоотой 110 сая ам.долларын санхүүжилтийн баримтыг дэлгэж, уг мөнгө Бодь интернэшнл компанийн дансанд шилжсэн, мөн улс төрчдөд зориулсан гэх хэдэн сая ам.долларыг бэлнээр гаргасан асуудлыг хөндсөн нь улс төрийн хүрээнд дахин маргаан дэгдээлээ.
Тэрбээр уг асуудалд өнөөгийн улс төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй талаар мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор нэр дурдагдсан болон УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, нүүрсний болон төмөр замын гэрээ хэлцэл, санхүүжилттэй холбоотой асуудлыг дахин шалгах, нээлттэй болгох шаардлага тавьж эхэллээ.
Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр болон УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг нэгтгэн хүргэж байна.
Б.Энхбаяр “110 сая ам.доллартай холбоотой яригдаж байгаа баримтууд бүгд гарсан. Сонсголоос гарсан материалууд 2023 оны арванхоёрдугаар сард дүгнэлт болж, 2024 оны нэгдүгээр сард АТГ-т хүргүүлсэн. Тэнд байгаа баримтуудыг надаас дахин нэхээд байх юм. Төрийн албан хаагчид олон сарын турш ажиллаж, илрүүлсэн үйл баримтуудаа хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
Харин хууль хяналтын байгууллагууд үүний дагуу хурдан шуурхай арга хэмжээ авахгүй байгаагаас асуудал үүсэж байна. Хэн нь үнэн ярьж, хэн нь худлаа ярьж байгааг үйл баримтаар тогтоох ёстой. Энэ асуудлыг удаашруулж байгаагаас болж хулгай хийсэн хүмүүс нь хүртэл хууль хяналтын байгууллагынхнаа барьцаалсан мэт зүйл ярьж байна. Энэ бол илүү ноцтой асуудал.
Шаардлагатай бол прокуророос зөвшөөрөл авч, бүх баримтыг дэлгэрэнгүй танилцуулсан бүтэн өдрийн хэвлэлийн хурал хийх хэрэгтэй. Ингэхгүй бол ард түмний төрд итгэх итгэл алдагдаж байна.
Энэ оны хавар намайг хэдэн сая доллар авлаа гэдэг асуудал яригдахад би өөрөөсөө хамаарах бүх үйл баримтаа шалгуулсан. Тэр хүн худлаа ярьж байна. Ямар ч үйл баримт аваачиж өгөөгүй, тэнд ямар ч бичлэг байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол гүтгэлэг.
Л.Оюун-Эрдэнэ гэрч байтугай оролцох ёстой. Яагаад гэхээр Бодь интернэшнл компанитай байгуулсан найман гэрээний зургааг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулсан. Тиймээс хамгийн түрүүнд дуудагдах хүн бол Л.Оюун-Эрдэнэ.
Би "Голомт" банк руу огт орж үзээгүй, надад данс ч байдаггүй. А.Амундратай амьдралдаа уулзаж үзээгүй. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд би хөндлөнгөөс оролцдог, нөлөөлдөг албан тушаалтан биш. Хууль хяналтын байгууллага өөрөө шалгах ёстой” гэв.
Ж.Бат-Эрдэнэ “Нүүрсний сонсголын үеэр бодитой холбоотой асуудлуудыг гаргаж ирж ярьсан. Тухайлбал, Бодь компанийн Д.Баясгалангаас асууж байсан асуултууд бий. Тухайн үед янз бүрийн хариулт өгсөөр байгаад асуудал дууссан.
Бодь гэдэг компанид боломж олгож байгаа бол тухайн компани өөрийн санхүүгийн чадавхтай, өөрөө хөрөнгө мөнгөө босгодог байх ёстой. Гэтэл тодорхой хэмжээний урьдчилгаа өгсөн, нүүрсээр дэмжлэг үзүүлсэн, нүүрсний үнэд хямдрал үзүүлсэн. Өөрсдөө мөнгөө гаргаж ажлаа хийх ёстой байтал урьдчилгаа мөнгийг нь өгсөн. Тухайн үед энэ компани банкинд өртэй, санхүүгийн боломжгүй байсан гэдэг асуудлыг сонсгол дээр гаргаж тавьсан.
Өөрөөр хэлбэл, чадамжгүй компанид боломж олгосон, давуу эрх өгсөн, нүүрсний худалдааг нь дэмжсэн, нүүрсний үнэд татаас өгч хямдруулсан асуудал яригдсан. Энэ өөрөө ноцтой асуудал. Яагаад тэр компанид ийм эрх олгосон юм бэ. Нүүрсний сонсгол дээр хамгийн гол нь энэ асуудал яригдсан. Тэгээд дарагдсан.
Тийм болохоор Х.Нямбаатартай холбоотой эсэхээс үл хамаараад ер нь асуудлыг дахин харах нь зүйтэй. Нүүрсний сонсгол дээр хийж байснаа дахин хийх хэрэгтэй. Сонсголын үеэр цугларсан материалуудыг татаж авч, хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой.
Нүүрсний асуудлаар түр хороо байгуулах тогтоолын төсөлтэй холбоотойгоор гарын үсэг цуглуулж байгаа гэсэн мэдээлэл байгаа” гэв.
Х.Тэмүүжин “Энгийн иргэн биш, эрх баригч МАН-ын үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан дөрвөн сайд бие бие рүүгээ баримт шидэж, хэн нь ямар том хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, авч авалцсан тухайгаа нэр устай, тоо баримттай нь дэлгэж байна. Энэ хүмүүсийн ярианаас харахад МАН бол төрийн эрхийг авлигын пирамид болгон хувиргасан байна. Юун 60 тэрбум төгрөг, яригдаж буй мөнгөн дүн, хэрэгжүүлсэн үйлдлүүд нь олон улсын мафийн хэмжээнд хүрсэн гэмт хэргүүд байна.
Хамгийн ноцтой нь, авлигын мөнгөөрөө сонгуулийн саналыг худалдаж авсан, төрийн эрхийг хууль бусаар луйвардсан тухай ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь сая саяар нь доллар зөөж өгдөг, иргэдийн саналыг хэрхэн гуйвуулсан тухай зах зухаасаа ил болж байна. Энэ бол тогтолцооны ялзрал юм. Авлигын шатыг доороос нь шүүрдэж цэвэрлэдэггүй, шатыг дээрээс нь цэвэрлэдэг.
Нүүрсний 44 их наядын хулгайчдад хариуцлага тооцож амжаагүй байтал төмөр замын 110 сая долларын асуудал ил боллоо. Энэ бол дөнгөж эхлэл.
Өмнөх нүүрсний болон "Бодь"-ийн сонсгол хангалттай үр дүнд хүрээгүй нь үнэн. Учир нь сонсголыг зохион байгуулж, ахалсан хүмүүс нь эрх баригч талаас буюу өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Сонсголоор тодорхой хүмүүсийг онилон харлуулж, гол гэмт хэрэгтнүүд нь нуугдаж үлддэг эмгэнэлт драмын жүжиг болж хувирсан. 110 сая долларын гүйлгээний дансыг хүртэл гаргаж ирэлгүй нуун дарагдуулсан байна.
Тиймээс АН-ын бүлэг өөрсдийн гишүүдийн гарын үсгийг цуглуулж, тогтоолын төслийг өргөн барина. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд 32-оос доошгүй гишүүн санаачилсан тохиолдолд түр хороог сөрөг хүчний гишүүн ахлахаар хуульчлах төслийг өргөн барьсан. Сөрөг хүчин хяналт шалгалтыг ахалж, бүх оффтейк гэрээг нээлттэй болгох ёстой” гэв.
О.Цогтгэрэл “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнууд нэн даруй албан тушаалаасаа огцорч, хуулийн байгууллагад шалгуулах ёстой. Эдгээр албан тушаалтнууд эрх мэдэлтэйгээ байхад хуулийн байгууллага бодитой шалгаж чадахгүй байгааг бид бүгд харж байна. Маргааш гарч ирээд "бүх зүйл хууль ёсных байсан" гэж мэдэгдэх нь тодорхой. Төрийн тэргүүнээсээ эхлээд нэр холбогдсон хүмүүс ажлаа өгч шалгуулах ёстой.
Оффтейк нэртэй луйврын нууц гэрээнүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр хийсэн байдаг. Монгол Улсад төрийн нууц гэж бий. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг нууцлах нь зүй ёсны хэрэг. Гэтэл аж ахуйн нэгж хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах арилжааны гэрээ яахаараа улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд хамаарч нууцлагддаг юм бэ? Тухайн үед ҮАБЗ-ийн гишүүнээр хэн хэн ажиллаж байсан, ямар байр суурь илэрхийлж, ямар санал өгч байсныг олон түмэнд ил болгох ёстой. 2019 оноос хойших бүх зөвлөмж, шийдвэрийг нээлттэй болгохыг шаардаж байна.
Хэрэв энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Монгол Улсын төрийн тэргүүн болон холбогдох өндөр албан тушаалтнуудад итгэл үзүүлэх эсэх, огцруулах буюу импичментийн асуудлыг албан ёсоор өргөн барьж, хэлэлцүүлэх болно. Хэрэв парламент дахь олонх болон эрх баригчид үүнийг хүлээж авахгүй бол АН ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарч тэмцэх болно.
Гэмт хэрэгт нэр холбогдсон төрийн бүх өндөр албан тушаалтнуудын баримтыг бүрдүүлж, энэ долоо хоногтоо багтаан АТГ, цагдаа, прокурорын байгууллагад бүлгээрээ албан ёсоор хүргүүлнэ” гэв.
Ийнхүү төмөр замын төсөлтэй холбоотой 110 сая ам.долларын санхүүжилтийн асуудал улс төрийн намуудын хоорондын хурц маргаан болж байна. Гэхдээ улс төрчдийн харилцан хийж буй мэдэгдэл, буруутгалын аль нь ч дангаараа гэм бурууг нотлохгүй. Харин 110 сая ам.долларын гүйлгээний эх үүсвэр, зарцуулалт, гэрээний нөхцөл болон нэр дурдагдсан хүмүүсийн оролцоог хууль хяналтын байгууллага баримтаар тогтоох нь одоо хамгийн чухал асуудал болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026