Мэдээ1 цаг 31 минутын өмнө
Мэдээ1 цаг 31 минутын өмнө
ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр эрэн хайж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг өгсөн юм.
БЗД-ийн Нэгдүгээр хэлтсийн дарга Б.Баатархүү “Энэ оны аравдугаар сарын 29-ний өдрийн 18:00–19:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гараад гэртээ ирээгүй байна гэсэн дуудлага, мэдээллийг ар гэрийнхэн нь аравдугаар сарын 30-ны өдрийн 15:40 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Мэдээллийг хүлээн авсан даруйд цагдаагийн байгууллага уг иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна.
Хяналтын камерын бичлэгээр тухайн иргэн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гараад нийт 2.6 километр газар явганаар явсныг тогтоосон. Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 19 мянган камер ажилладаг. Иргэний явсан маршрут зам дагуух 26, 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2000 орчим камераас ач холбогдол бүхий 269 камерын бичлэгт үзлэг шалгалт хийж, хамгийн сүүлд явсан чиглэлийг тогтоосон.
Иргэн А нь "Чухаг" хотхоноос гараад "Шинэ 100 айл" чиглэл рүү явж байхдаа хамгийн сүүлийн камерт бүртгэгдсэн. Сүүлийн бичлэг нь 500 метрийн зайнаас татсан Цэцэрлэгт хүрээлэнгийн камерын бүдэг бичлэгт өртсөн. "Чухаг" хотхон, "Шинэ 100 айл"-ын замын урд хэсэг нь байшин барилга, аж ахуйн нэгж, айл өрхгүй задгай талбай тул камергүй бүсэд хамаарч байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний явсан байж болзошгүй чиглэл болон хамгийн сүүлд камерт бичигдсэн цаг минутаас хойш тухайн орчмоор зорчсон 216 тээврийн хэрэгслийг камерын тусламжтайгаар олж тогтоон, жолооч нараас нь гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Зарим автомашины эзэд хөдөө орон нутагт зорчсон, утас нь холбогдохгүй байгаа тохиолдлууд бий. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд даргаар ахлуулсан, Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг үүн дээр тасралтгүй ажиллаж байна.
Мөн алга болсон цэгээс урагш задгай талбай буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улиастайн гүүр, голын ай сав дагуу өнөөдрийн байдлаар таван удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1150 алба хаагчийн хүчээр самналт хийлээ. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл, мөн урагшаа Туул гол хүртэлх талбайд самналт хийсэн. Өнөөдөр л гэхэд 504 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улиастайн гүүр хүртэл, мөн буцах чиглэлд самналтын ажлыг гүйцэтгэлээ.
Мөн тухайн орчмоор дамжин өнгөрсөн жолооч нартай цагдаагийн байгууллагаас холбогдон уулзаж, мэдүүлэг авч буй тул иргэд зөвөөр ойлгон хамтран ажиллахыг хүсье. Мөн 10 дугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн 'Шинэ 100 айл'-аас зүүн тийш чиглэлд зорчсон автомашины жолооч нар цагдаагийн байгууллагад ирж мэдээлэл өгөхийг уриалж байна. Хэрэгт ач холбогдолтой мэдээллийг цагдаагийн байгууллага журмын дагуу үнэлж авна” гэв.
Мөн Увс аймагт иргэн А 2026 оны аравдугаар сарын 15-ны өдөр сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Тухайн хэрэг дээр нийт 14 хоногийн хугацаанд 715 алба хаагч, 15 автомашин, зургаан мотоцикл, долоон морьт эргүүл, хоёр дрон, нэг албаны эрэлч нохой зэрэг хүч хэрэгсэлтэйгээр самналт, эрэн хайх ажиллагааг явуулжээ. Улмаар ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр түр зогсоосон байна.
Үүний дараа 11 дүгээр сарын 10-ны өдөр ар гэрийн хүсэлтээр 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажлыг үргэлжлүүлсэн бөгөөд цаашид ч самнах ажиллагаа тасралтгүй явагдана гэдгийг мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 11, 2026

November 11, 2026

November 11, 2026

November 11, 2026