Нийтлэл1 цаг 25 минутын өмнө
Нийтлэл1 цаг 25 минутын өмнө
Шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Засгийн газар импортлогч компаниудад төсвөөс татаас олгох асуудлыг хөндөөд байна. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээл дээрх үнийн өсөлтийн зөрүүг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөх хувилбар яригдаж байгаа юм. Гэвч энэ нь иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах бодлого уу, эсвэл хувийн компаниудын алдагдлыг улсын төсвөөр хаах шийдэл үү гэдэг асуулт дагуулж байна.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.
Иргэд аргаа бараад "Ард түмний колонк" баръя гэж ярьж байна шүү дээ. Шатахууны үнийг барих биш чөлөөлөөд явах ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Маш олон “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” батлагдсан. Гэхдээ үр дүнгээ өгдөг гэж би бодохгүй байна. Үнийг тогтвортой барьж чаддаггүй. Энэ ерөнхийдөө АН-ын эсрэг МАН-ын барьж байгаа бодлого.
Үнийг хүчээр барьдаг бодлого байхгүй юу. Харамсалтай нь ерөөсөө ажилладаггүй, үр нөлөөгөө үзүүлдэггүй. Иргэд аргаа бараад "Ард түмний колонк" баръя гэж ярьж байна шүү дээ. Шатахууны үнийг барих биш чөлөөлөөд явах ёстой.
Компаниуд өрсөлдөж шатахуунаа зарахын тулд үнээ буулгадаг юм. Чөлөөт өрсөлдөөний зарчим гэдэг чинь энэ. Тогтворжуулах гэж бүтэлгүйтэхийн оронд олон компанид боломж олгох хэрэгтэй шүү дээ.
Монгол Улс жижиг орон. Жижиг орны зовлон их шүү дээ. 100 хувь чөлөөт зах зээлийн эдийн засаг ажиллахгүй байгаагийн илрэл. Төсвөө жил болгон нэмж байна шүү дээ. Энэ нь нөгөө талдаа хувийн хэвшлийг базаж байна гэсэн үг” гэлээ.
Татаас бол авч үзэх боломжтой шийдлүүдийн нэг мөн. Гэхдээ урт хугацаандаа үр дүнтэй шийдвэр биш болов уу.
УИХ-ын гишүүн Э.Болормаа “Эдийн засагчийн үүднээс авч үзвэл энэ асуудалд туйлын зөв, туйлын буруу гэж туйлшрах нь зохимжгүй. Нөхцөл байдалтайгаа уялдуулж арга хэмжээ, шийдвэр гаргах ёстой.
Бензин бол эдийн засгийн суурь орцын нэг. Талхны үндсэн орц нь гурил байдагтай адил шатахууны үнэ нэмэгдэхэд бусад бараа, бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Өнөөдөр үнийн өсөлт ямар түвшинд хүрсэн, өрхийн орлого ямар байгааг харгалзан Засгийн газар арга хэмжээ авахаас өөр аргагүй.
Үүний нэг боломжит шийдэл нь олон улсын зах зээл дээрх шатахууны үнийн огцом өсөлтийг дотоодын зах зээлд шууд дамжуулахгүй байх зорилгоор төсвөөс татаас олгох явдал. Энэ нь өрхийн бодит орлогыг хамгаалах, иргэдэд тулгамдаж буй үнийн өсөлтийн дарамтыг бууруулах арга хэмжээ гэж харж болно.
Гэхдээ энэ асуудалд болгоомжтой хандах ёстой. Тооцоо, судалгаатай, олон талаас нь авч хэлэлцэх шаардлагатай. Нөгөө талаас төсөв бол татвар төлөгчдийн мөнгө, иргэдийн төлсөн татвараас бүрдсэн хөрөнгө. Тиймээс энэ хөрөнгийг нефть импортлогч компаниудад татаас хэлбэрээр олгох нь буруу, чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс үнийн чөлөөт бодлого баримтлах ёстой гэсэн байр суурийг хүмүүс илэрхийлж байна.
Гэхдээ чөлөөт зах зээлтэй улс орнууд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийхээ үнэд тодорхой бодлого баримталдаг. Тухайлбал, Япон улс стратегийн бүтээгдэхүүн болох будааны зах зээлд тодорхой зохицуулалт хийдэг. Монгол Улс ч мөн гурил, сүү, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд бодлого хэрэгжүүлж байна.
Махны үнийг тогтвортой барьж чадахгүй байгаа ч гурил болон хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн, тухайлбал, сүүний үйлдвэрлэлд төсвөөс татаас олгодог. Үүнээс гадна хөнгөлөлттэй зээл олгохдоо хүүгийн татаас өгдөг. Энэ нь мөн л тухайн аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлж буй дэмжлэг юм. Бид стратегийн ач холбогдолтой гэж үзсэн салбараа хөгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргадаг.
Тэгэхээр шатахууны татаасыг зөвхөн нефть импортлогч компаниудад үзүүлж буй дэмжлэг гэж харах нь учир дутагдалтай. Хэрэв энэ татаас байхгүй бол үнийн өсөлтийн ачаалал иргэдийн халааснаас шууд гарна. Татаасны дам эдийн засгийн нөлөө маш их.
Харин нефть импортлогч компаниудад дэмжлэг үзүүлж байгаа асуудал, тухайн зах зээлд монополь байдал үүссэн эсэх нь тусдаа авч хэлэлцэх ёстой асуудал.
Харин өнөөдөр бидэнд тулгамдаж байгаа бодит асуудал бол бензиний үнэ маш хурдтай өсөж, иргэдийн халаасанд шууд дарамт учруулж байгаа явдал. Шатахууны олдоц, үнэ хоёр тусдаа асуудал. Үнийн өсөлтийн дам нөлөө нь эдийн засаг болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд асар их нөлөөлдөг.
Би чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаан дээр ч Засгийн газрын нэн тэргүүнд хийх ёстой ажил бол үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн бодит орлогыг хамгаалах явдал гэдгийг байнга хэлдэг. Бодит орлого гэдэг нь инфляцыг тооцсон орлого юм.
Өнөөдөр иргэдийн бодит орлого хумигдаж, зарлага нь багасаж, хүмүүс аль болох бүсээ чангалж амьдарч байна. Тиймээс Засгийн газар энэ асуудалд арга хэмжээ авах ёстой.
Эдийн засагч хүний хувьд өнөөдөр хэрэгжүүлж байгаа бодлогыг энэ хүрээнд авч үзэж байна. Энэ асуудалд туйлшрах шаардлагагүй. Учир нь тухайн цаг үе, нөхцөл байдалд юу хамгийн чухал байна вэ гэдгийг харгалзан шийдвэр гаргах ёстой. Туйлын зөв, туйлын буруу, 100 хувь ухаалаг эсвэл тэнэг шийдвэр гэж байхгүй.
Яг одоогийн нөхцөлд Засгийн газар шатахууны үнийн асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Татаас бол авч үзэх боломжтой шийдлүүдийн нэг мөн. Гэхдээ урт хугацаандаа үр дүнтэй шийдвэр биш болов уу гэж бодож байна” гэв.
Засгийн газар ард иргэдийнхээ халааснаас гарах мөнгөнд ирэх ачааллыг аль болох нэмэгдүүлэхгүй байх үүрэгтэй. Харин УИХ-аас энэ арга хэмжээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг нь олгож байгаа юм
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Онцгой нөхцөл байдлын үед үнийг тогтворжуулах асуудлыг хөндөж ирсэн жишээ бий. Тухайлбал, 2012-2016 онд Н.Алтанхуягийн Засгийн газар хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан.
Өнөөдрийн нөхцөл байдал ч мөн онцгой нөхцөл байдал мөн. Учир нь ОХУ, Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ шатахууны нийлүүлэлтдээ дотоодын хэрэгцээгээ тэргүүнд тавьж эхэлсэн. Манай улсад нийлүүлэлт хэвийн байсан ч олон улсын зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна.
Тиймээс ард иргэдийн нуруун дээр ирэх ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд Засгийн газар үнийг тогтворжуулах асуудлыг авч хэлэлцэж байгаа юм.
Үнийг тогтворжуулах асуудлыг үндсэндээ татаас хэлбэрээр шийдвэрлэх боломжтой. Үүнд хоёр арга бий.
Нэгдүгээрт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэлбэрээр шийдвэрлэж болно. Энэ нь гаалийн татварын асуудал биш. Тухайн аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа татвартай холбоотой харилцаагаар зохицуулах боломжтой. Ингэснээр шатахууны үнийг тогтвортой түвшинд барих үүргийг тухайн аж ахуйн нэгжүүд хүлээнэ.
Хоёрдугаарт, тодорхой хэмжээний төсвийг тухайн аж ахуйн нэгжүүдийн хүлээж буй алдагдлын хэмжээгээр нөхөн олгох асуудал яригдаж байгаа. Энэ нь татаас хэлбэрээр хэрэгжих зохицуулалт юм. Миний хувьд эдгээр хоёр аргыг хоёуланг нь ашиглах боломжтой бөгөөд зөв гэж үзэж байна.
Шатахууны үнэ өсөхөд бараа бүтээгдэхүүний үнэд шууд өөрчлөлт ордог. Хэрэв бид шатахууны үнийг анхаарахгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ цаашид өснө. Тэгэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөлнө. Инфляц ч мөн нэмэгдэнэ.
2026 оны аравдугаар сард инфляц хамгийн өндөр түвшинд буюу 13.4 хувьд хүрсэн. Шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй байгаа нь инфляцад өндөр нөлөө үзүүлж байна.
Нөгөө талаас инфляц, бодлогын хүү, зээлийн хүү зэрэг олон хүчин зүйл хоорондоо уялдаатай. Ялангуяа шатахууны нийлүүлэлтийн хувьд Монгол Улс ОХУ-аас хамаарал өндөртэй. Мөн Хятад улсаас шатахуун авч байгаа. БНСУ-аас нийлүүлэлт авах асуудлаар Г.Дамдинням сайд ажиллаж байгаа ч үнийн асуудал бий.
Тиймээс иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнэд татаас олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр оруулж ирсэн. Үүнийг УИХ дэмжсэн.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар нэрийг нь өөрчлөн хэрэгжүүлж ирсэн. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр үнэ үнэхээр тогтворжиж, эдийн засаг сайжирч, иргэдийн халааснаас гарах мөнгө багассан уу гэдэг асуудлыг тусад нь авч үзэх хэрэгтэй.
Өнөөдөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа арга хэмжээ бол эдийн засгийг шууд сайжруулахад чиглэсэн бодлого биш. Харин эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулахгүй байх арга хэмжээ юм.
Тиймээс үнийг тогтворжуулах арга хэмжээг авах шаардлагатай. Монгол Улс өөрөө газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээ ашиглалтад оруулаагүй, дотоодын хэрэгцээнийхээ ихэнхийг импортоор хангаж байгаа нөхцөлд ийм арга хэмжээ авах нь зүйтэй.
Засгийн газар ард иргэдийнхээ халааснаас гарах мөнгөнд ирэх ачааллыг аль болох нэмэгдүүлэхгүй байх үүрэгтэй. Харин УИХ-аас энэ арга хэмжээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг нь олгож байгаа юм” гэв.
Ийнхүү шатахууны үнийг тогтворжуулах асуудалд УИХ-ын гишүүдийн байр суурь зөрүүтэй байна. Нэг хэсэг нь төр зах зээлийн үнэд оролцохын оронд чөлөөт өрсөлдөөнийг дэмжих ёстой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь өнөөгийн нөхцөлд татаас олгох нь иргэдийн бодит орлогыг хамгаалах зайлшгүй арга хэмжээ гэж тайлбарлаж байна.
Гэхдээ шатахууны үнийн өсөлтийг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөх нь иргэдэд үзүүлж буй бодит дэмжлэг үү, эсвэл импортлогч компаниудын алдагдлыг улсын төсвөөр хааж буй хэрэг үү? Татаас олгосноор шатахууны үнэ түр тогтворжиж болох ч Монгол Улс импортын хараат байдлаасаа гарахгүй, үнийн өсөлт бүрд төсвөөс мөнгө гаргах шаардлага хэвээр үлдэнэ гэдгийг эрх баригчид анхаарах нь зүйтэйг энд онцолъё.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 12, 2026

November 11, 2026

November 9, 2026