Мэдээ2 цаг 32 минутын өмнө
У.Хүрэлсүх: Ард түмэндээ байгалийн баялгийнхаа хишгээс хүртээж, дансанд нь шилжүүлэх нь зөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудан уулзаж, чиглэл өглөө.
Тэрбээр, ҮАБЗ хурлаа хийж, Оюутолгойтой холбоотой асуудлыг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, зөвлөмж гаргаж чиглэл өгсөн. Үүнийг Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайд болон холбогдох сайдууд амжилттай зохион байгуулж, хөрөнгө оруулагч талаас Оюутолгойн ногдол ашгийг авах гэрээ хэлэлцээ амжилттай хийсэнд баяр хүргэе. Олон жил ярьсан, Монгол Улсын Ерөнхийлөгч “Баялагтаа эзэн Монгол байя” уриа дэвшүүлж, ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Dparliament.mn рүү орж үзэхэд, Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа өөрсдийн дансанд авах ёстой гэсэн байна лээ. Энэ бол ард түмний санал. Үүнд бид хүндэтгэлтэй хандаж, анхаарах ёстой.
Нөхцөл байдал дэлхий даяар хүнд байгаа. Эрчим хүч, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Сая би Европт айлчлал хийгээд ирлээ. Тэнд ч байдал хүнд байна. Биднээс шалтгаалахгүй зүйлс байна. Үүнийг давж гарах, ард иргэдийнхээ амьдарл ахуйг анхаарах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах чиглэлд яаралтай арга хэмжээ авах ёстой. Тийм учраас байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрт нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал.
Ковидын үед ч бид тодорхой арга хэмжээ авч байсан. Маш хүнд үеийг дэлхий нийтээрээ давсан. Тэр үед өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалахад тодорхой арга хэмжээ авч байв. Тэр үед би Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгож, “Эрдэнэт” үйлдвэр ард иргэд, ААН-үүдийнхээ дулаан, цахилгаан, ус, хогны мөнгийг 1.6 жил хариуцсан. Үүний үр дүнд манай улс цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулсан.
Та бүхэн хөрөнгө оруулагч талтайгаа гэрээ хэлцлээ маш сайн хийх хэрэгтэй. Мөнгөө яаж дансанд нь хэзээ хуваарилах юм гэдгийг дүрэм журмаа боловсруулж, эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрт нь иргэдийнхээ дансанд шилжүүлж, энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаагаа Ерөнхий сайд таньд хэлье.
Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдлээ. Үүнд ахмадууд баяртай байна. Цагаа олсон арга хэмжээ. Он гараад төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэж байна. Ийм шуурхай зохицуулалт хийж, хариу үйлдэл хийгээд явах нь ард иргэдэд, хямралтай хүнд цаг үеийг давж туулахад ач тустай гэж үзэж байна гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






