СУРВАЛЖЛАГА: Хахир өвлийн хүйтэнд амьдрах орон гэрээ алдсан ч хүүхдүүдтэйгээ элэг бүтэн байгаадаа л баярлаж байна


Өчигдөр СХД-ийн  8 дугаар хороо Зүүнцагааны гуравдугаар гудамжинд айлын гэр шатсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ дагуу бид хэргийн газар дээр очин тухайн үеийн нөхцөл байдлын талаар болон өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй болсон гэр бүлийн талаарх бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна.

Гал гарах үед тухайн айлд 7 сартайгаас 12 насны нийт таван хүүхэд байсан бөгөөд аав ээж хоёр нь түр гарсан үеэр гал гарчээ.  Гал гарч эхэлсэн даруйд 12 настай ах нь дөрвөн дүүгээ аваад гэрээс гарсан ба ингэхдээ дүү нараа  нүцгэн байгааг анзаарсан байна.  Ийнхүү улаан гал руу буцан ороод хөнжилөө аван гарч,  дүү нараа хөнжил дээр суулгажээ.

Дараа нь өөрөө хажуу айлаасаа тусламж эрэн хаалгыг нь тогшсон боловч хүн байсангүй.  Ингээд аргаа барсан хүү зам дээр  явж буй машинаас тусламж хүсчээ. Тухайн хүн ОБЕГ-т дуудлага өгч дуудлагын дагуу ОБЕГ-ын алба хаагчид шуурхай ирэн галыг унтраасан байна.

Гэрийн эзэд 30 минут л  гарчихаад ирсэн гэв. Харин гэртээ ирэхэд нь тэднийг аймшигтай нөхцөл байдал угтан авав...

Хүүхдүүдийн аав  хувиараа барилгын ажил хийдэг хэдий ч улирлын шалтгааны улмаас одоогоор гэртээ байгаа аж. Барилга дээр ажиллана гэдэг тун амаргүй даваа гэдгийг хүн бүр л мэднэ. Үүний хажуугаар тухайн компани ажилчиддаа цалин хөлсөө өгөхгүй бол бүр ч хэцүү. Тэрээр цалин хөлсөө авч чадалгүй хохирсон удаатай гэнэ. Бүр утасаа блоклоод алга болдог хэмээн гомдонгуй ярьж байлаа.

Харин хүүхдүүдийн ээж багш мэргэжилтэй.  Гэвч цаг үеийн нөхцөл байдлын улмаас одоогоор ажилгүй байгаа бөгөөд "олон хүүхдүүдтэй гэр бүлийн хувьд нэг нь заавал гэртээ хүүхдээ хараад суудаг. Тиймээс одоогоор хүүхдүүдээ хараад гэртээ сууж байна" гэв.

Долоон ам бүлтэй тэднийх  цар тахлын үед хүүхдийн мөнгөөр амжиргаагаа зогоож, өлсөхдөө өлсөж, даарахдаа дааран амьдралаа чадан ядан залгуулан авч явж буй жирийн нэгэн айл. Тэд Завхан аймгаас Улаанбаатар хотод хоёр жилийн өмнө нүүж ирээд Баянхошуунд  айлын хашаа байшинг түрээслэн суудаг байж. Тэрбээр “айлын байшин шатаачихлаа, одоо яадаг юм” хэмээн ихэд халаглан ярьж байв.

Тэд амжиргаагаа залгуулахаар хувиараа юм хийе хэмээн сэдэж, хүнээс зөвөлгөө авахаар явж байхад уг хэрэг болжээ.. Гал гарсан мэдээллийг авсан даруйдаа доод хашааныхаа найзруу залгаад “манай хүүхдүүдийг тайвшруулаад аргадаад байж байгаач” хэмээн гуйсан байна.  Тэднийг ирэхэд ОБЕГ-ийн алба хаагчид галыг унтрааж дуусч байсан бөгөөд найз нь хүүхдүүдийг нь гэртээ оруулаад хоол цай өгөөд нэлээд тайвшруулсан байсан гэнэ.

Хүүхдүүд одоогоор шокын байдалтай, ялангуяа том хоёр хүүхэд нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа аж.  Одоогийн байдлаар тэд циркийн хажууд хамаатныхаа айлд түр толгой хорогдож байгаа тухайгаа хэллээ.

Айлын том гэдэг аавын эзгүйд аав, ээжийн эзгүйд ээж болдогчлон тэдний том хүү аав ээжийнхээ эзгүйд гэртээ дүү нараа хараад халуун хоол цайгаа хийгээд ах хүнийхээ үүргийг сайн биелүүлдэг гэнэ. Энэ удаад ч бас хүү, аав ээжийгээ эзгүй хойгуур хоолоо хийхээр цахилгаан тогоогоо залгатал залгуур нь буудан, улмаар гал авалзсан гэв.

Гэрээс гарахдаа хүүхдүүд нь гэрийн углаашгүй, хөл нуцгэн байдалтай, дээгүүрээ нимгэн майктай байсан төдийгүй гэрт байсан хүүхдүүдийн хувцас юу ч үгүй шатсан байдалтай байлаа..

"Хүүхдүүд нь өмсөх ч хувцасгүй болчихлоо хэмээн уйлахад“ аав нь дэлгүүр ороод зайрмаг авч өгье хэмээн түрдээ аргадсан гэв. Тэдний  гэр бүхэлдээ үнс нурам болсон ба гэрээс авах юм юу ч үгүй болтлоо бүгд шатсан дүр зураг үзэгдэж байлаа.

Галын шалтгааныг халуун тогооноос болсон хэмээн дүгнэсэн ба тэд уг халуун тогоог авахдаа хамгийн сайн,түлэгддэггүй гэж итгэн чанартайг нь сонгон авсан байна. Харамсалтай нь  хоёр сар ч болоогүй байхад тогоо нь шатаж ийм хэрэг явдал болжээ. Тиймээс халуун тогооноос аль болох татгалзаж, плитка хэрэглэхийг тэдний гэр бүл уриалж, энэ явдлаас томоохон сургамж авсан тухайгаа хэлсэн юм.   

Гэрийн эзэгтэй болох Б.Ганцэцэг бүсгүй хахир өвлийн хар хүйтэнд амьдрах орон гэрээ алдсан ч хүүхдүүдтэйгээ элэг бүтэн байгаадаа л баярлаж байгаа тухайгаа нулимс цийлэгнүүлэн, хоолой зангиран хэлэх нь тун өрөвдмөөр бас хайрламаар байлаа...

                                                                                                          

Хэрэв та туслахыг хүсвэл доорх утсаар холбоо барина уу

ХОЛБОО БАРИХ ДУГААР: 88278879 Ганцэцэг 

ХАНДИВ ДАНС: 5507057296 Ганцэцэг

Сурвалжилсан: М.Сувд

 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.168
    2021/01/31

    Хуухдээ алхам тутамдаа анхаарч харах хэрэгтэй ээж, аав нар..,,, тэгээд дандаа ажил хийдэггуй , шалтгаан тоочно!!!! Тэжээж асарч чадахгуй бол хуухэд гаргахгуй бай!

    Хариулах
  • 64.119.16.42
    2021/01/29

    АХ нь дүү нараа хамгаалж чадсан байна. Сайн байна.

    Хариулах