МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судалгааны баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбигийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны ажил гүйцэтгэж байгаа аж.
Тус дурсгалт газрыг 2019 оны намар шинээр нээн илрүүлж, 2022-2024 онуудад хэмжилт болон 3D баримтжуулалтууд хийсэн байна.
Энэ удаад Сяньбигийн үеийн язгууртны 3 булш, жирийн иргэдийн 2 булшны археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулж байгаа бөгөөд малтлагын явцад язгууртны 1 булш хөндөгдөөгүй анхны байдлаараа байгаа нь анхаарал татаж байна.
Хөндөгдөөгүй булшны тахилын хэсгээс онц сонирхолтой олдворууд илэрчээ. Хамгийн сонирхолтой нь, 7 см зузаантай зэрэгцээ 2 модон австай бөгөөд нэг авсыг хөх болон шаргал өнгийн зузаан даавуугаар бүрэн ороож тавьсан нь маш сайн хадгалагджээ. Авсны толгой хэсгийн даавуун дээр хар бэхээр зураг, тэмдэг зурсан нь хүртэл маш сайн харагдаж буй аж.
Малтлагаас хар болон зээрд (хондон) зүсмийн модон 2 морь, модон сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар болон өөр бусад онц сонирхолтой олдворууд тахилын хэсгээс гарчээ.
Малтлагын явцад ажиглахад тус бунхан Хүннү, Сяньбигийн язгууртнуудын бунхан үйлдэх завсрын хэв шинжийг агуулж байгаа гэнэ. Учир нь тус бунхныг сяньбичүүд үйлдэхдээ газрын гүн хөмөглөж бус Хүннүгийн язгууртны булш шиг газарт дөрвөлжин нүх ухаж дүнз зангидаж бунхан байгуулжээ.
Гэтэл олдворууд болон булшны гадаад бүтцийн хувьд усан татаал шуудуутай, түүний дотор шороон овгор байгууламж хийсэн нь сяньбигийн бусад газарт малтсан дурсгалуудтай ижил юм байна. Эндээс Хүннү, Сяньбигийн язгууртны бунхны хувьсал өөрчлөлт хэрхэн явагдсаныг харах боломжийг олгож буйгаараа түүхэн чухал нотолгоо болж байгаа аж.
Олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажилд Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжлийн судлаачид болон бусад мэргэжлийн байгууллагын судлаачид хамтран ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна