Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат улсын начин Энхтүвшингийн Батмагнай, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр нар шалгарч үлдсэн.
Баянхонгороос Пагамын Аюуш 1940 оны баяр наадамд түрүүлж, П.Сүхбат 1991 онд үзүүрлэж байснаас хойх Хонгор нутгаас улсын наадмын үзүүр түрүүнд шалгараагүй байсан.
Тэгвэл энэ жил Жинст сумын харъяат улсын начин Э.Батмагнай улсын наадамдаа түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ.
Үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Сүхбаатар аймгийн бөхчүүдээс анх түрүүнд улсын наадмын үзүүр булааж, аймгийнхаа бөхийн бүх цаг үеийн толгой нь болов.
Энэ жилийн улсын баяр наадамд хүчит 512 бөх зодоглосноос хоёр бөх улсын начин, хоёр бөх улсын харцага, нэг гарди, нэг арслан төрж, монголчууд сайхан наадлаа.
Улсын начин цолтнууд
Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, Аймгийн арслан М.Бямбадорж,
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс
Улсын харцага цолтнууд
Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн арслан О.Наранбаатар,
Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан С.Бэлгүтэй
Улсын гарди цолтон
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр
Улсын арслан
Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, улсын начин Э.Батмагнай
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.108
Баяр хүргье
Хариулах