Г.Ганхуяг: Оюутолгойн 34 хувийг нэмэл рояалтигаар солих нь төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ

С.Гандэлгэр
2021/02/16

Оюу Толгойн гэрээний луйврын талаар улс төрчдийн амнаас хангалттай сонсож байна. Гэтэл мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой их ховор сонсогдож байгаа тул өөрийн үзэл бодлыг илэрхийлмээр санагдлаа. Та дуустал нь уншвал Оюу Толгойн гэрээний талаар тодорхой ойлголт авна гэж найдаж байна.

Ерөнхийдөө хоёр л асуултад хариулт авахыг хүмүүс хүсэж байгаа.
1. Энэ гэрээ нь Монгол улсын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хэт хөрөнгө оруулагч талд ашигтайгаар үйлдэгдсэн эсэх?
2. Оюу толгой төслөөс Монгол улс үр ашиг хүртэж байгаа эсэх?

Оюу Толгой төслийн үйл ажиллагааг зохицуулж буй үндсэн гурван гэрээ бий.
1. Хөрөнгө оруулалтын гэрээ (2009.10.06) 54 хуудас
2. Хувь нийлүүлэгчийн гэрээ (2011.06.08) 71 хуудас
3. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ гэх) (2015.05.18) 14 хуудас
Манай Попын хаадыг дэмжигчид ядаж эхлээд эдгээр 3 гэрээгээ уншаад үзчих хэрэгтэй. Бүгд OT.mn сайт дээр Монгол хэлээр нээлттэй байгаа.

Эхний хоёр гэрээ бол хоёр талын харилцааг зохицуулсан гол гэрээнүүд. Ерөнхий агуулгаараа боломжийн гэрээ хийгдсэн Монгол улсын эрх ашиг ноцтой зөрчигдсөн, хэт нэг талыг барьсан зүйл байхгүй гэж хэлж болно. Харин хэд хэдэн маргаантай асуудлуудыг улс төрчид үргэлж гаргаж тавьдаг.

1. Татварын хөнгөлөлт болон тогтворжуулалт
Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гэрээ байгуулсан өдрөөс эхлэн найман төрлийн татварыг тогтворжуулж (төслийн турш гэрээ байгуулах үеийн хуулинд заагдсан хувь хэмжээгээр өөрчлөгдөхгүйгээр төлөх) гэрээ хийгдсэнээс хойш шинээр үүссэн татваруудыг төлөхгүй байхаар тохирсон. Мөн хөрөнгө оруулалтын үе шатанд тодорхой татварын хөнгөлөлт үзүүлэх, хуримтлагдсан алдагдлыг дараагийн жилүүдэд шилжүүлж ашгаас суутгах гэх мэт.
Эдгээр заалтууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, томоохон төслүүдэд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилготой байдаг л олон улсын гэрээний нөхцлүүд. Бүх улс оронд томоохон төсөл хөтөлбөрийг явуулахын тулд ийм хэмжээний татварын дэмжлэг болон тогтвортой орчныг хөрөнгө оруулагчдад санал болгодог. Харин гэрээнд уг татварын заалтуудыг томъёлохдоо ойлгомжтой бус оруулсан нь өнөөгийн татварын маргааны эх үндэс болсон байх. Хоёр тал гэрээний эдгээр заалтууд дээр ойлголтын зөрүүтэй байснаас болж одоогийн яригдаад байгаа их хэмжээний татварын зөрүү гарсан байна гэж ойлгосон.

2. 34 хувь, ноогдол ашиг
Монгол улсын их хурлын шийдвэр, ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монгол улс Оюу Толгой төслийн 34 хувийг эзэмшдэг мөн түүнтэйгээ тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хариуцдаг. Бидний өрөнд ороод байгаа шалтгаан нь бидэнд мөнгө байхгүй учир Рио Тинто-оос өөрсдийн хөрөнгө оруулах ёстой мөнгөө хүүтэй зээлчихсэнд байгаа юм. Тэгвэл бид 34 хувиа үнэгүй буюу ямарваа нэгэн зээл төлбөргүйгээр авах боломж байсан уу гэвэл үгүй. Олон улсад уул уурхайн төслүүдэд засгийн газар нь үнэгүйгээр шууд хувь эзэмших туршлага маш бага байдаг ба энэ нь бизнесийн үндсэн зарчимд харшилдаг учир ямар ч уул уурхайн компани ялангуяа дэлхийн томоохон тоглогчид ийм гэрээ байгуулахыг зөвшөөрдөггүй. Ер нь манайх шиг хөрөнгөө гаргаад хувь авахыг ч сайн туршлага гэж үздэггүй. Учир нь засгийн газрын нөлөө, оролцоо бизнест үргэлж сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс тухайн үеийн засгийн газар УИХ-ын шийдвэрийг биелүүлж байж болох хамгийн боломжит хувилбараар тохиролцоо хийсэн гэсэн үг. Харин энэ заалт нь өнөөгийн бидний гол асуудал болоод байна. Угтаа бид 34, 51 хувь авна гэж явах биш харин энэ төслөөс эрсдэлгүйгээр хэрхэн хамгийн өндөр өгөөж хүртэх вэ гэдгээ л бодох ёстой байсан. Уул уурхайн төслөөс улс ашиг хүртэх хоёр л арга замыг дэлхийн улс орнууд ашиглаж байгаа. Энэ нь татвар болон рояалти буюу нөөц ашигласны төлбөр. Манай улс төрчид болон зарим хүмүүс Монголчууд бид үнээгээ саалгаж байгаа учраас мөнгө авах ёстой гэж ярьдаг. Тэгвэл рояалти гэдэг маань яг тийм зориулалттай төлбөр юм. Газрын баялаг бол шавхагдах нөөц учир түүнийг ашиглаж байгаа бол баялгийн эздэд борлуулалтын орлогоосоо шууд 5%-ийг төлдөг өөр ямар ч салбарт байхгүй онцгой төлбөр. Харин бид 34 хувийнхаа оронд нэмэлтээр 3-5 хувийн рояалти авахаар анхнаасаа гэрээгээ байгуулсан бол өнөөдөр ямар нэгэн өрөнд орохгүйгээр, ямар ч эрсдэлгүй хилээр гарч буй экспорт тутмаас ашгаа хүртээд суух байжээ. Нэмээд төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь бидэнд огтоос хамаагүйгээр барахгүй харин ч бид баярлах байлаа. Ер нь тэгээд гадаадаас орж ирж буй хөрөнгө оруулалт өсөхөөр уурлаад сууж байдаг улс манайхаас өөр байхгүй байх. Тэгэхээр одоогийн ноогдол ашиг хойшилох, үр өгөөж буурах гэх мэт асуудлуудыг бид өөрсдөө л бий болгосон гэсэн үг. 

3. Монгол улсын банкаар Оюу Толгойн орлогыг дамжуулах

Яг үнэндээ Монгол улсад жилдээ 1-3 тэрбум долларын гүйлгээг хариуцаад хийчих зангарагтай банк одоогоор байхгүй байх. Ядаж л саяхан болсон шиг саарал жагсаалтад дахиад орчихвол гадаад гүйлгээ хийхэд хүндрэл учирч компанийн хэвийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Дээрээс нь манайх шиг өдөр сараар хувьсаж байдаг төр засагтай газар хэн итгэж мөнгөө хадгалах билээ. Нэг өдөр дансыг нь битүүмжлээд гэрээгээ өөрчилнө гээд дайрвал хөрөнгө оруулагчийн зүгээс маш том эрсдэл үүрэх болж таарна. Магадгүй манай нөгөө НДШ-ын мөнгө шиг банк нь улс төрчдийн оролцоотой дампуураад алга болвол яахав гээд олон эрсдлүүдийг олон улсад бизнес хийж сурсан компани тооцоолж байлгүй яахав. Тиймээс бид эхлээд банкны системээ чанаржуулах шаардлагатай. Адаглаад компани, хувь хүний дансанд хэн ч халдах боломжгүй тэр дархлааг бий болгож байж иймэрхүү шаардлагыг тавих ёстой юм.

Үндсэндээ эхний 2 гэрээ попуудын 34 хувиас бусдаар бол давгүй болсон гэж ойлгодог. 2015 онд Дубайн гэх гэрээг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийсэн. Уг гэрээн дээрх гол асуудал үүсгэдэг заалтууд нь тухайн үеийн татварын маргааныг тэглэх мөн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн явдал. Өмнө дурьдсанаар 2 тал татварын хөнгөлөлт болон хуримтлагдсан алдагдлын шилжүүлэн суутгал дээр ойлголтын болон байр суурийн зөрүүтэй байдаг нь тус татварын маргааны эхлэл болсон байх. Тиймээс уг нь тухайн үед 2 тал ойлголтоо нэгтгээд хэний зөв гэдгээ арбитр дээр шийдүүлчихсэн бол ахин татвартай холбоотой маргаан гарахгүй байх байлаа. Мөн хөрөнгө оруулалтын хэтрэлттэй холбоотой асуудлыг ул суурьтай судлах шаардлагатай байсан болов уу. Олон улсын туршлагад ТЭЗҮ дээр тогтоогдсон анхны хөрөнгө оруулалтын тооцоо 10-15% хэлбэлзэхэд хэвийн гэж үздэг гэвч Оюу Толгойн хөрөнгө оруулалт анхны төсөөллөөс ямар шалтгаанаар өссөнийг зайлшгүй нягтлах шаардлагатай асуудал. Магадгүй технологийн өөрчлөлт, зайлшгүй нөхцөл шаардлагаас үүссэн байх боломжтой гэхдээ ЗГ хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж баталгаажуулах ёстой. Эдгээр зүйлүүдийг нэг талд нь гаргалгүйгээр тухайн үеийн ЗГ шууд хүлээн зөвшөөрч хэлэлцээ хийсэн нь буруу байсан байж болох юм. Тийм ч учраас өнөөгийн эрх баригчид Дубайн гэрээг цуцлах тухай илүүтэй хөндөж байна. Гэвч тус гэрээнд тодорхой хэдэн Монгол улсын эрх ашгийг сайжруулсан заалтууд байсныг мөн дурьдах хэрэгтэй.

Жишээ нь:
· Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардлыг жил бүр олон улсын аудитын компаниар шалгуулах мөн аудитын хороог ТУЗ дээр байгуулж Монгол талын ТУЗ-ын гишүүнээр ахлуулах
· Жил бүр 5 сая доллар Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зарцуулах
· ТТЦС-ыг барьж байгуулах ажлыг ОТ санхүүжүүлэх
· Менежментийн төлбөр үйлдвэрлэлийн зардлын 6% байсныг 3% болгон бууруулсан
· Рояалти буюу АМНАТ төлөх үнийг тодорхой болгож борлуулалтын гэрээний дүн харах шаардлагагүйгээр олон улсын металын бирж дээрх шууд үнээр борлуулалтыг тооцохоор болсон. Мөн хайлуулалт, тээвэрлэлт, хорогдол, торгууль зэрэг борлуулалтын үнээс хасагддаг зардлуудыг тооцохгүйгээр шууд биржийн үнээр тооцож рояалти төлбөр авдаг болсон нь бидэнд орж ирж буй орлогыг нэмэгдүүлсэн. Мөн 2009 хойш оноос борлуулсан бүх бүтээгдэхүүний рояалти төлбөрийг тохирсон аргачлалаар дахин тооцож зөрүүг нөхөн төлүүлсэн гэх мэт
Иймд хэрэв уг гэрээг цуцласан тохиолдолд эдгээр сайжруулсан заалтууд мөн цуцлагдах эрсдэлтэй юм.

Хамгийн эхэнд асуусан асуулт: Эдгээр гэрээнүүд нь Монгол улсын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хэт хөрөнгө оруулагч талд ашигтайгаар үйлдэгдсэн үү? Хариулт- Үгүй.
Аль аль талын эрх ашиг тэгш туссан гэрээ. Мэдээж төгс гэрээ биш бага зэргийг алдаа дутагдал байгаа түүнийг цаашид сайжруулах шаардлагатай.

Тэгвэл бид энэ төслөөс ашиг хүртэж байгаа юу? Мэдээж бид хүртэж байгаа. 2010 оноос хойш Оюу Толгой ХХК нийтдээ 24.1 их наяд төгрөгийг цалин, татвар хураамж, худалдан авалтаар дотоодын зах зээлд зарцуулсан байна. Үүнд НӨАТ 1.6 их наяд, АМНАТ 1.2 их наяд, Гаалын татварт 856 тэрбум төгрөг төлсөн гэх мэт дурьдаж болно. Мөн түүнчлэн шууд болон шууд бусаар 176000 ажлын байрыг бий болоход оролцдог гэхээр энэхүү төсөл нь Монгол улсын эдийн засагт ямар чухал нөлөөтэй гэдгийг харж болно. Уул уурхайн төслийн үр ашгийг зөвхөн ноогдол ашгаар хүртдэг биш бөгөөд бусад татвар төлбөрөөр орох орлого, эдийн засгийн дам нөлөө нь асар их юм. Монгол инженерүүд Оюу Толгой уурхайн ачаар дэлхийд үнэлэгдэх хэмжээнд боловсорч байгаа. Австрали, Өмнөд Африк, Канад, АНУ гэх мэт дэлхийн томоохон уул уурхайн орнуудад Монгол инженерүүд Рио Тинто компанийн шугамаар ажиллаж байна. Өнөөдөр дэлхийд Эрдэнэт, Таван толгойн ордын талаар мэдэх хүн ховор гэтэл тэд Оюу Толгой гэхээр бүгд мэддэг. Манай уул уурхайн салбарын гол нүүр царай цаашид хөрөнгө оруулагчдыг татах гол сурталчилгаа нь мөн л Оюу Толгой юм. Гэтэл өнөөдөр энэ уурхай дөнгөж бүтээн байгуулалтын шатандаа яваа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед үр өгөөж нь улам нэмэгдэх нь ойлгомжтой.

Харин цаашид бид юуг сайжруулах шаардлагатай вэ?
Гэрээний өөрчлөлт яригдаж байгаа энэ үед бид гэрээг цуцлана гэхээсээ илүүтэйгээр хэрхэн зарим нэг сайжруулалт хийж болох талаар судлах хэрэгтэй.
1. Хамгийн том асуудал болох 34 хувийг нэмэлт тусгай рояалти төлбөрөөр солих, хөрөнгө оруулалтын үүргээс чөлөөлөгдсөнөөр төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ
2. Татварын маргааныг шүүхээр шийдүүлэн 2 тал ойлголтоо нэгтгэх, цаашид маргаан гарахааргүй байдлаар гэрээний заалтуудыг дахин томъёолох
3. Хэрэв 34 хувиасаа татгалзаагүй нөхцөлд Рио Тинто компаниас авсан зээлийн хүүг бууруулах хэлцэл хийх (Одоогоор бид LIBOR+6.5% төлж байгаа. Гэтэл олон улсад томоохон уул уурхайн төслүүдийн санхүүжилт LIBOR+3% орчимд байгаа)
4. Хөрөнгө оруулалтын хэтрэлтийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулах

Эцэст нь Рио Тинто бол бидний хамаг баялгийг хулгайлж буй луйварчид биш дэлхийн 36 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг 150 жилийн түүхтэй аварга компани. Оюу Толгойн далд уурхайн нөхцөлд олборлолт явуулж чадах дэлхий дээрх цөөхөн хэдэн тоглогчдын нэг гэж ойлгож болно. Тэд бидэнтэй бизнесийн хэлээр ярих гэж хичээж байгаа бол харин бид эсрэгээрээ популизм ярьж байгаа нь төслийн явцыг удаашруулж бидэнд ирэх өгөөжийг бууруулж буй гол шалтгаан юм.

Уул уурхайн инженер, Эрдэс баялгийн эдийн засагч
Г.Ганхуяг



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.188
    2021/02/17

    үнэт эд баялагаа үнэгүй цөлмүүлээд байж өгөөжийг бууруулна гэдэг санаанд багтамгүй юм биш үү

    Хариулах
  • 66.181.185.31
    2021/02/17

    Хамгийн эхэнд хийгдэх ажил ОТ орлогоо Монгол банкаар дамжуулж хийж байж анхан шатны тооцоонууд ил болно

    Хариулах
  • 202.179.24.209
    2021/02/16

    орлогоо монголын банкаар дамжуулахгүй гэдгийг яагаад хамгаалаад байгаа юм бэ,баялгийг нь авчихаад төр засагт итгэхгүй гэвэл зайл

    Хариулах
  • 203.91.115.54
    2021/02/16

    За нэг иймэрхүү ч байх ёстой болов уу? гэж төсөөлж явдаг юм аа Харамсалтай нь 34%-ийн хувьцаааг авах хууль баталсаан нөхдүүд 34%-г биш 51%-г авэх ёстойгэж шахаж шаардаж бафсан товариш дүлий дүмбэ оргиод яваад байдагт зэвүү хүрдэг

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/02/16

    1 их наядын торгууль акт биччихээд авч ч чадахгүй тэнэгүүд үхснийхэн ашиг

    Хариулах