Хотод чөлөөтэй алхах эрх чөлөөг хуульчиллаа

Zuv.mn
1 цаг 15 минутын өмнө

Чихэвчээ зүүгээд дуртай дуу, подкастаа сонсоод, аяга халуун цай, кофе бариад хотын гудамжаар дураараа, чөлөөтэй алхах эрх сүүлийн жилүүдэд зөрчигдөөд байсан. Гэнэтхэн хаанаас ч юм скүүтер, мопед, суррон, унадаг дугуйтай хурдтай давхисан хүмүүс гараад ирэх вий гэсэн айдастай биеэ чангалж, тал, тал тийш хараагаа бэлчээсээр хүрэх газартаа арайхийж хүрч санаа амардаг нийтлэг дүр төрх хэдийнэ бий болсон. Хэдийгээр нийслэлийн агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах, эдийн засаг, санхүүгийн хувьд хүртэл тухайн иргэн, өрхдөө нэмэр болох тээврийн хэрэгсэл хэдий ч нийслэлд явган хүний замаар зорчуулснаас маш олон хүн бэртэж гэмтэж, гэмтлийн эмнэлгийн ачаалал ч тэр хэрээр нэмэгдсэн. 2022-2024 он, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 гэмтэл бэртэл бүртгэгджээ. Энэ бол эмнэлгийн байгууллагад хандсан тоо. Эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй хохироод үлдсэн тохиолдол хэдэн арваараа бий. Бүртгэгдсэн нийт осол гэмтлийн тохиолдлын 93.8 хувь нь Улаанбаатар хотод, 6.2 хувь нь орон нутагт гарч, нийслэлийн тохиолдлын 97.4 хувь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна.

Орчин үеийн том хотуудад цахилгаан дугуй, мопед байдаг л зүйл. Гэхдээ тэнд стандарт ном журмын дагуу явдаг бол манайд ямар ч стандартгүй явж ирсэн. Тиймээс энэ асуудлыг хуульчлахаар УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын есөн гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлснээс жилийн дараа буюу өчигдөр УИХ төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төсөлд явган хүний замаар бага хурдтай явна гэж заасан байсныг хурдны хязгаарт хяналт тавих боломжгүй учраас огт зорчуулахгүй байхаар өөрчлөв. Мөн насанд хүрсэн хүн цахилгаан скүүтер, мопедыг унаж замын хөдөлгөөнд оролцохоор хуульчиллаа.

Хууль санаачлагч П.Батчимэг гишүүн “Суррон, скүүтэр одоо нэгэнт хүүхэд, залуусын хэрэглээ болчихсон. Амьдралд нь маш их ач тусаа үзүүлж байна. Цаашдаа хэдэн мянгаар нэмэгдэх нь тодорхой болж байна. Тиймээс хэрэглээг нь хоръё гэхээсээ илүүтэй яаж дэмжих вэ гэдэгт анхаарах ёстой. Өмнө нь Зам тээврийн яам, Нийслэл холбогдох бусад байгууллагууд энэ тал дээр анхаарал хандуулж ажиллаж чадаагүй. Тиймээс яаж замтай болгох вэ, яаж төсвийг нь батлуулах вэ гэдэг асуудлыг хууль батлагдсан цагаас эхлэн нэхэж, шаардаж ажиллах болно...” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Манай улсад цахилгаан дугуй, скүүтер тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. Сүүлийн гурван жилд импортоор оруулж ирсэн нийт цахилгаан дугуй, скүүтерийн тоо 2022 онд 1050, 2023 онд 8157 бол 2024 онд 16783 болж өсчээ.

Нийгэмд нэн хэрэгцээтэй шаардлага бий болсон ч зориулалтын зам хэрэгтэй байгаа юм. Одоо батлагдсан хуульд явган хүний замаар зорчуулахгүй, авто замын баруун хөвөөгөөр зорчихоор тусгасан нь нэг талдаа өрөөсгөл. Манай авто замын нөхцөл байдал ямар түвшинд байгаа билээ. Замын хөдөлгөөнд дүрэмгүй оролцдог жолооч нарт ч асуудал үүсэх нь. 2025 оны эхний улирлын байдлаар “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсчээ. Нийт осол гэмтлийг шалтгаанаар авч үзэхэд, мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдох тохиолдлын тоо 744 буюу 75.5, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх тохиолдлын тоо 164 буюу 16.6, явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх тохиолдлын тоо 65 буюу 6.6 хувийг эзэлж байна.

Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх амин сүнс нь дугуй, мопедын зорчих замтай байх явдал юм. Ийм зам манайд хангалттай байхгүй ч замын хөдөлгөөний дүрмээр хууль зохицуулаад явах аж. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хот төлөвлөгч мэргэжилтний хувиар явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахын тулд тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл авто замын нэгдүгээр эгнээг автобус, суррон, скүүтер явах боломжоор хангаж өгөхийг нийслэлийн Засаг даргад уламжилжээ. Хуульд ч тусгаж өгсөн байна. Суррон, скүүтер, цахилгаан дугуйгаар:  

-Явган замаар зорчвол 50 нэгж

-Явган хүний гарцаар зорчвол 50 нэгж

-18 нас хүрээгүй бол 100 нэгж

-Эцэг эхчүүд өөрсдийн нэвтрэх эрхээр насанд хүрээгүй хүүхдээ зорчуулсан бол 200 нэгжээр торгох зохицуулалт хуульд тусгаж өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна