Х.Алтанцэцэг: Хөдөлмөрөө үнэлээд нэхмэлээ зарахаар зарим хүмүүс шулаач гээд байдаг нь муухай санагддаг

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 12 минутын өмнө

Нарантуул худалдааны төвийн төв хаалганы хажууд ахимаг насны нэгэн эмэгтэй нэхмэл нэхэн сууна. Түүний урд нэхсэн малгай, утасны гэр, орны бүтээлэг өрөөтэй байна. 

Халуун нарыг үл ажран хийж байгаа зүйлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Эргэн тойронд нь явах хүмүүс түүний дэлгэсэн барааг үзэж, сонирхон худалдан авч байгаа харагдана. Тэдний дунд жуулчид ч нэлээдгүй харагдлаа. 

Түүнийг Х.Алтанцэцэг гэдэг, 63 настай. Багаасаа эрүүл мэндийн шалтгаантай эмчийн хяналтанд байдаг байсан тэрбээр албан байгууллагад орж ажиллах боломжгүй учир ийн өөрийн гараар нэхсэн зүйлсээ зарж сууна. 

Түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Алтанцэцэг гэдэг. 1973 онд арван жилээ төгсөж байлаа. Дөрөвдүгээр ангиасаа эхлээд ухаан алдаж унадаг өвчтэй болчихсон. Энэ зовлонтойгоо сургуулиа төгссөнөөс хойш намайг унадаг өвчтэй гээд хувь хүн, албан байгууллагууд ажилд авдаггүй. Тэгээд л ийм юм хийгээд зарж байна.

Гадаад хүмүүс “Очень красива” гээд л авдаг. Монголчууд маань өнгө хэмжээгээ хэлээд захиж хийлгэдэг. Би зурагт, сонингоос харсан хүнээ дуудаж бариулснаас хойш уналт гайгүй болсон.

-Та бидэнд зарж байгаа зүйлсийнхээ талаар танилцуулаач?

-Мяндсан утсаар малгай, оймс, бээлий гээд юу л бол юуг ч нэхэж чадна. Орны бүтээлэг, ханын унжуургыг урт богиноор нь, янз бүрээр л хийнэ.

-Орлого, худалдан авалт нь хэр байна?

-Хүмүүс зөндөө худалдаж авдаг. Эндээс үзэж байгаад өнгөний сонголтгүй байвал өнгө хэмжээгээ захиад ч явах хүмүүс байдаг. Би тал мөнгийг нь авч үлдэж байгаад, хоног хэлээд явуулдаг. Ирсэн өдөр нь барааг нь өгөөд үлдсэн мөнгөө авдаг.

-Малгай нь хэдэн төгрөг вэ?

-Малгай 15 мянга, жаахан хүүхдийн малгай 5500 төгрөгөөс эхлээд 6000-6500 төгрөг болдог. Орны бүтээлэг 150 маянган төгрөгөөр зардаг.

-Та нарантуул зах дээр суугаад хэдэн жил болж байгаа вэ?

-Нилээн олон жил болж байна.

-Энэ хавийн хүмүүс таныг андахгүй болсон уу, зорьж ирээд малгай авдаг хүмүүс ч байдаг уу?

-Андахгүй ээ. Би нэг павилонд нь юмнуудаа тавьчихдаг юм. Миний юмыг дуртай хадгалж өгдөг. Муухай санаатай хүмүүс миний хийж байгаа зүйлийг шулаа л гээд байх юм. Би уг нь шулаа биш хөдөлмөрөө л гэж бодож явдаг.

-Тэр үг таньд хүнд тусдаг уу?

-Тэр үг нь муухай санагдаад байдаг юм. Хүмүүсийг шулж байна гэхээр муухай шүү дээ. Яахав зарим хүмүүс л ингэдэг болохоос ихэнх хүмүүс юмыг минь сайхан магтаад худалдаж авдаг юм.

Би одоо унаж тусдаг зовлонгоо эдгээгээд эрүүл болж, ухамсартай амьдралын ханьтай учраад айл гэр болох юмсан гэж боддог юм. Багаасаа л юм хийж сурах хэрэгтэй. Сүүлд нь сурсан зүйлээ л эдлэж сууна гэж хэлмээр байна.

Би тавдугаар ангиасаа эхлээд юм нэхэж сурсан. Уран гартан гэсэн дугуйланд сурдаг байсан юм. Тэр дугуйлангийн багш маань “Та нар том болоод ажил хийж эхэлнэ. Хааяа мөнгө санхүү хүрэлцэхгүй үе гарна. Тэр үедээ мөнгөө олохын тулд өөрөө юм хийгээд тэрийгээ зарж бай” гэж хэлдэг байсан юм. Үнэн үг хэлсэн байгаа юм.

Ийм юм хийж сураад, зараад сууж байгаа минь багшийн минь л ач гавьяа. Гомбодорж гэдэг настай хүн байсан юм” хэмээн дурсан ярилаа.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна