Б.Мөнхзул: Нарантуул бол хөдөлмөрийг хайр найргүй шагнадаг газар

Т.Отгонсувд
1 цаг 23 минутын өмнө

Нарантуулын захын өглөө эрт эхэлдэг. Наймаачид лангуугаа нээж, бараагаа эмхэлж, үйлчлүүлэгчдээ угтах бэлтгэлээ базаана. Энэ хөл хөдөлгөөн дунд инээмсэглэлээ алдалгүй, бараа бүрээ нандигнан өрж зогсох нэгэн бол Б.Мөнхзул. Тэрээр Нарантуул худалдааны төвд 14 жилийн турш наймаа эрхэлж, амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй он жилүүдийг энэ газартай холбон өнгөрүүлжээ.

“Намайг Б.Мөнхзул гэдэг. Нарантуул зах дээр наймаа эрхлээд 14 жил болж байна. Манай Нарантуул бол их өгөөжтэй газар. Өгье гэсэн хүндээ өгч чаддаг, өгсөн хүнээсээ бас авч чаддаг, хөдөлмөрлөсөн хүнийг хайр найргүй шагнадаг буянтай газар даа. Ажлаа хийхдээ дэндүү их аз жаргалтайгаар хийдэг. Өөрийнхөө юмыг хийж байгаа болохоор үйлчлүүлэгчдээ тултал нь үйлчлэхийг зорьдог. Энэ бараа танд зохино, энэ өнгө нь гоё гээд л…” хэмээн тэр инээмсэглэн ярина.

Түүний ярианаас ажилдаа дуртай хүний чин сэтгэл мэдрэгдэнэ. Худалдагчаар олон жил ажилласан туршлага нь өнөөдөр өөрийн гэсэн лангуугаа авч явах урам зориг болжээ. Үйлчлүүлэгч бүрийг сэтгэл хангалуун буцаах нь түүний хувьд хамгийн том амжилт.

“Олон жил өөр газарт худалдагч хийж байсан болохоор одоо өөрийн лангуун дээрээ ирэхээр аз жаргалыг мэдэрч, бараануудаа харахаар л хайр хүрдэг. Өөрийн гэсэн юм чинь шал өөр шүү дээ. 14 жил гэдэг бол миний хувьд урт хугацаа ч Нарантуул дээрээ бол залуу төлөөлөлдөө орно.”

Нарантуулын зах түүнд зөвхөн худалдаа хийх орчин биш. Харин өөрийн гэсэн үнэ цэнэ, хамт олон, урам зоригийг мэдэрдэг амьдралынх нь салшгүй хэсэг болжээ.

“Өөр салбар дэлгүүрүүд дээр очихоор мэдэрч чаддаггүй мэдрэмжээ зах дээрээсээ авдаг. Нарантуулын хашаагаар орж ирэхдээ л би хамгийн жаргалтай хүн болдог. Хамт олон, орчиндоо байдаг байх. Хийж байгаа ажлаараа маш их бахархдаг.”

Өдөр бүрийн хөдөлмөр, олон жилийн тууштай зүтгэлийн үр шимийг тэр энэ л зах дээрээс хүртжээ. Амьдралаа босгож, гэр бүлээ авч явах боломжийг Нарантуул түүнд олгосон учраас талархах сэтгэл үргэлж төрдөг байна.

“Хөдөлмөрийнхөө үр шимийг энэ захаасаа харамгүй авч, би амьдралаа босгосон болохоор их талархдаг.”

Нарантуулын захын хөл хөдөлгөөн дунд Б.Мөнхзул шиг хөдөлмөрөөрөө амьдралаа бүтээсэн олон хүний түүх бий. Тэдний нэг болох тэрээр залуу үедээ хамгийн энгийн атлаа хамгийн үнэ цэнтэй захиасыг үлдээв.

“Залуус минь дуртай ажлаа олж, хөдөлмөрч байж, чин сэтгэлээсээ ажиллах юм бол амьдрал чамайг хоосон орхихгүй шүү.”



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.233
    46 минутын өмнө

    Зөв л амьдарч түүндээ талархаж яваа жирийн нэгэн монгол эмэгтэй бна даа, баяр хүргэе. Үйлчлүүлэгчдээ тултал үйлчилдэг гэдэг үг тань таалагдлаа.

    Хариулах