Т.Номин: Сэтгэл дотор минь "Хайрлаж болох уу" киноны тэр жаахан охин одоо ч амьдарсаар байдаг

Т.Отгонсувд
1 цаг 39 минутын өмнө

Үзэгч сонсогчиддоо "Хатариш" хэмээн хоногшсон жүжигчин Т.Номинтой ярилцлаа. 

– Сайн байна уу. Та өөрийгөө уншигчдад танилцуулаач.

– Сайн байна уу. Намайг Т.Номин гэдэг. Жүжигчин, маркетинг, бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Одоо маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа ч урлаг надаас хэзээ ч холдоогүй.

– Тайз, дэлгэцийн уран бүтээлээс багагүй хугацаанд хөндийрсөн байна. Жүжиглэх хүсэл тань одоо ч хэвээрээ юу?

– Мэдээж хэвээрээ. Би жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлийнхөө нэг хэсгийг "Хайрлаж болох уу" кинонд тоглож биелүүлсэн. Нэгэн үеийн мундаг жүжигчин ах, эгч нартайгаа хамтран ажиллаж байсан нь миний хувьд маш сайхан дурсамж.

Одоо ч гэсэн хөдөө, орон нутгаар явахад хүмүүс намайг тэр дүрээр минь таньдаг. Зарим нь дууг минь сонсоод л "Мөн байна шүү дээ" гэж хэлдэг. Тэр кинонд тоглосноос хойш арав гаруй жил өнгөрсөн ч миний хамгийн хайртай, хамгийн их сэтгэлд үлдсэн дүр хэвээрээ байдаг.

– Тэр үед үзэгчдийн хайр хүндэтгэлийг мэдэрч байсан уу?

– Би тухайн үед өсвөр насандаа байсан. Кино маань кино театруудаар гарч эхлэхэд хүмүүсийн хайр, дэмжлэгийг мэдрэх үнэхээр сайхан байсан. Тэр үеэс л урлагаас холдож чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Зүрх сэтгэл, сүнс минь энэ ертөнцтэй холбогдчихсон юм шиг санагддаг.

– "Хатариш" дуу ч бас таны нэрийн хуудас болсон шүү дээ.

– Тийм ээ. "Хатариш" дуу маань тухайн үедээ маш олон хүнд хүрсэн. Одоо хүртэл хүмүүс намайг "Хатариш" Номин гэж дууддаг. Энэ нэр бараг миний хоч болсон гэхэд болно.

Цаашдаа ч бие даасан уран бүтээл хийх хүсэл, зорилго бий. Миний дотор маш том мөрөөдөл, зорилгууд байдаг.

– Та саяхан Anukhai's Fitness Show-д оролцсон. Энэ туршлага танд юу өгсөн бэ?

– Энэ шоу миний амьдралын хамгийн том сорилтуудын нэг байсан.

Би өсвөр насандаа туранхай, гоё биетэй хүүхэд байсан. Харин цаг хугацаа өнгөрч, ээж болоод олон жил илүүдэл жинтэй явсан. Турах гэж дасгал хийдэг, эрүүл хооллохыг хичээдэг байсан ч төдийлөн үр дүн гардаггүй байлаа.

Энэ шоуны үеэр эмэгтэй хүний жинд зөвхөн хоол, дасгал биш, сэтгэл зүй, дааврын өөрчлөлт зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлдгийг ойлгож авсан. Миний хувьд энэ хамгийн том сургамж байсан.

– Шоуны дараах амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

– Одоо аль болох дасгал хөдөлгөөнөө тогтмол хийж, зөв хооллохыг хичээдэг болсон.

Хамгийн том өөрчлөлт нь зөвхөн биеийн жинд биш, өөртөө итгэх итгэлд гарсан гэж боддог.

– Таныг хүмүүс одоо ч "Хайрлаж болох уу" киноны жаахан охиноор төсөөлдөг байх.

– Тийм ээ. Ихэнх хүмүүс намайг өсвөр насныхаар минь төсөөлдөг. Гэтэл цаг хугацааны эрхээр би том болж, эмэгтэй хүн болсон. Царай төрх, бие хаа өөрчлөгдсөн ч миний дотор "Хайрлаж болох уу" киноны тэр жаахан охин одоо ч амьдарсаар байдаг.

– Жин хассан нь таны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн бэ?

– Илүүдэл жинтэй явахад хэчнээн сайхан хувцас өмсөж, үс, нүүрээ янзалсан ч надад өөртөө итгэлтэй мэдрэмж төрдөггүй байсан. Дандаа л нэг зүйл дутуу байгаа мэт санагддаг байлаа.

Харин бага багаар жин хасаад эхлэхээр зөвхөн гадаад төрх өөрчлөгдөөгүй. Нүдний харц хүртэл гэрэлтэж, алхалт, инээмсэглэл, өөрийгөө авч явах байдал бүхэлдээ өөр болдог юм байна. Хамгийн үнэ цэнтэй өөрчлөлт нь жин биш, өөртөө итгэх итгэл эргэж ирсэн явдал байсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна