АМГТГ-ын даргаар ажиллаж буй П.Баянбаатарын томилгоо хууль зөрчсөн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан.
Тодруулбал, Үндэсний геологийн алба эрэлийн, Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрөл /лиценз/ олгодог. Гэтэл энэ хоёр агентлагын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Н.Мөнхбилэг, П.Баянбаатар нар төрийн албаны шаардлага хангаагүй учир жинхлэгдээгүй.
Улмаар тэдний томилгоог хууль зөрчиж хийсэн учир дахин сонгон шалгаруулалт зарлах хүсэлтээ ирүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цэдэвсүрэн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт хүргүүлсэн байдаг.
Гэтэл өнөөдрийг хүртэл ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хуулийн хэрэгжилтийг хангуулахгүй байгаа аж. Хуулиа хэрэгжүүлж байгаа нэрээр Б.Энхбаяр сайд өнгөрсөн зургадугаар сарын 15-нд дээрх хоёр агентлагын даргын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах захиалгаа өгсөн, энэ дагуу ТАЗ сонгон шалгаруулалт зарлаад байж байтал тав хоногийн дараа Б.Энхбаяр сайд хойшлуулж өгөхийг хүссэн албан бичиг шидэж, зогсоогоод байсан юм.
Хууль бус томилгоотой АМГТГ-ын дарга П.Баянбаатар өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ "Бензиний 4 сарынхаа хэрэглээг иргэд нэг сард буюу долоодугаар сард хэрэглэчихсэн. Бүх ШТС-ууд хэвийн түгээлтээ хийж байгаа. Иргэдийг ердийн хэрэглээгээрээ хэрэглэхийг уриалж байна" хэмээн мэдэгдсэн нь олон нийтийг бухимдуулаад буй.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс П.Баянбаатарын томилгоог хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлэн дахин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд албан бичиг хүргүүлжээ.
Тус бичигт "Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгаар тогтоолоор Г.Баянбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан тушаалд, 141 дүгээр тогтоолоор тус газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд тус тус төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон тогтоол, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотоод томилгооны зөрчил арилгах хугацааг удаашруулсан, даалгаврыг биелүүлээгүй тухай албан тушаалтанд өгсөн.
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт зааснаар Зөвлөлөөс эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргах бөгөөд уг шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэхээр хуульчилсан.
Томилох эрх бүхий албан тушаалтан Зөвлөлийн өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомж зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгож тухайн шийдвэр гаргасан өдрөөр П.Баянбаатарын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно.
Иймд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй Г.Баянбаатарт Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, баримтыг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Зөвлөлд ирүүлнэ үү" гэжээ.
Төрийн албаны зөвлөлөөс уг томилгоог хууль зөрчсөн хэмээн үзсэн ч өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр буйн цаад шатгаан нь УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө яаран сандран Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хуулийн “хулгай” хийх гэж байна.
Урт нэртэй” хуулийн уршгаар маш олон лиценз олгож, уул уурхайгаас үүдэж олон гол горхи ширгэж, нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль сүйдэж, экологийн тэнцвэрт байдал алдагдсан жишээг бид сүүлийн 20 орчим жил ярьж, шинээр эрэлийн болон хайгуулын лиценз олгохгүй байхаар хуульчилж, 2016 онд Ашигт малтмалын тухай хуульд маш сайн нэмэлт, өөрчлөлтүүд оруулж байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд 35-150 мянган га талбайд эрэлийн талбай олгох гэж байна. Нэг ёсондоо, 35 мянгаас дээш га талбайг ямар ч сонгон шалгаруулалтгүй эрэлийн талбай авах эрхийг ААН-үүдэд өгөх зохицуулт оруулж байна. Компаниуд хоёр жилийн дотор бага сагахан ажил хийж байгаад энэ, энэ талбай дээрээ хайгуулын лиценз авах боломжтой болж буй хэрэг. Тэгэхээр үүнийг гардан хийхэд өөрсдийн итгэлтэй хүнээ томиуулахаар улайрсан гэж хардаж болохоор байгаа юм...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна