С.Мөнх-Оргил: Японд сурч байхдаа сэтгэл зүйгээрээ их даардаг байсан. Хүмүүс нь хүйтэн хандлагатай, элгэмсэг биш

Б.Цэндээбуд
5 цаг 21 минутын өмнө

 Анх хамтлагаараа Солонгосын кпоп бүжгийг олонд таниулж, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг, сонирхлоороо дуу хийж, контент бүтээдэг чөлөөт уран бүтээлч С.Мөнх-Оргилтой ярилцлаа. Түүний хувьд олон зүйлсийг туршиж, дуртай зүйлээ хийн, зорилгодоо хүрэхийн тулд тууштайгаар хөдөлмөрлөж яваа залуу үеийн төлөөлөл.

-Сайн байна уу? Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг С.Мөнх-Оргил гэдэг. Сонирхлоороо дуу хийж, олон нийтийн сүлжээнд контент бүтээдэг залуу байна.

-Анх контент бүтээх сонирхол хэзээнээс төрж, ямар төрлийн контент хүмүүст хүргэхийг зорьсон бэ?

-Би японд хоёр жил сурч байгаад ирсэн. Хичээлээс гадуурх хийх зүйл хэрэгтэй болоод анх хийж эхэлж байсан. Контентын санаагаа олох гэж нэлээд олон зүйлс туршиж үзэж байгаад дуу хийдэг контент дээрээ тогтож байсан.

-Таны “Байна уу? Ээжээ” дуун дээр ремикс хийсэн бичлэг нэлээд хүрч байсан. Яагаад энэ дуун дээр үг бичиж ремикс хийе гэж бодсон бэ?

-Гадаадад сурч байгаа ганцаараа амьдардаг хүн юу эсийг л хийв гэж. Нэг өдөр бичлэг үзэж байгаад ээжийгээ, гэр бүлээ, эх орноо санаад, нэлээн гунигтай хэдэн өдрийг өнгөрүүлсэн. Тэр үедээ контентоо хийгээд эхэлчихсэн байсан болохоор энэ мэдрэмжээ нэг зүйл болгохыг хүссэн. Дараад нь зүгээр инстаграммын рийл гүйлгээд байж байтал энэ дуу гарч ирээд дуучин М.Мягмар ахын дууны дундуурх ярьдаг хэсэг дээр нь үглэж үзсэн чинь болчихсон.

-Япон улсад байх үед хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?

-Сэтгэл зүйгээрээ их даардаг байсан. Хүмүүс нь хүйтэн хандлагатай, элгэмсэг биш. Яг урдах ажлаа л хийж амьдардаг. Тэр талаараа их ганцаарддаг байсан.

-Хүн болгонд л шантрах үе байдаг шүү дээ. Тэр үеийн нөхцөл байдлаас өөрийгөө хэрхэн гаргаж авдаг вэ?

-Би өмнө нь бүх юмны эцсийг нь үзэх гээд гүрийгээд байдаг нэгэн байсан. Одоо бол өөрийгөө ядраадаг зангаасаа татгалздаг болоод байгаа. Үнэхээр шантарсан, ядарсан үедээ зүгээр л энэ бүгд өнөөдрийнх л гэж боддог болсон. Хийх ёстой зүйлсээ хийж хоноод, маргааш өглөө нь кофегоо уусны араас миний амьдрал арай өөр болно гэдэгт итгэдэг.

-Сонирхлоороо мөн дуу хийдэг шүү дээ. Хэн нэгэнд зориулж дуу хийж байв уу?

-“Тавиад явуул” гээд нэг л дуу хийж байсан. Амьдралдаа анх удаа л тэр хэмжээний шархалж үзээд тухайн үедээ төрсөн мэдрэмжээ л буулгасан. Тэрнээс хойш хүнд зориулсан гэхээс илүүтэй хэн нэгэн хүнээс авсан, ямар нэгэн зүйлээс мэдэрсэн мэдрэмжээ дуунууд дээрээ илэрхийлээд явж байгаа.

-Таныг мөн “Cherry Bomb” хамтлагаараа “Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцсоноор нь хүмүүс мэддэг байх. Тухайн үеийн дурсамж, тайзнаас авсан мэдрэмж, туршлагаасаа хуваалцаж болох уу?

-Авьяаслаг Монголчууд шоу бол бидэнд тэр чигтэй дурсамж болж үлдсэн дээ. Тэр үед бидэнд Турк улс руу зургаан сарын хугацаатай бүжиглэх санал ирчихсэн байсан. Тэгээд л нэлээн тулгамдаж шийдвэр гаргаад оролцож байсан. Бид сайн үзүүлбэрүүд бэлдэж оролцоод, тэр маань ч хүмүүст хүрч чадсанд баяртай байдаг.

-Авьяас удам дамждаг гэлцдэг. Танай гэр бүлд урлагийн хүн байгаа юу?

-Манай ээжийн талд урлагийн мэргэжилтэй хүмүүс олон байдаг. Манай өндөр өвөө маань МУГЖ Р.Дамдинбазар гэж хүн байдаг. Хүмүүсийн мэддэгээр найруулагч Д.Жигжидийн бүтээсэн “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд тоглож байсан. Бас нэг хүмүүсийн мэдэж магадгүй хүн бол “Орхидос”, “Хамгийн сайхан нь” гэх мэт кинонуудад тоглож байсан А.Орхонтуул жүжигчин манай үеэл эгч. Эмээ маань бас циркт насаараа ажилласан хүн байдаг.

-Урлагт хайртай нэгэн болоход танд хэн хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна?

-Энэ их инээдтэй л дээ. Яг үнэндээ намайг дуулдаг болоход Жастин Бибер, Жавхлан хоёр л нөлөөлсөн. Би их эрт хэлд ороод, хоёр настай байхдаа дуучин С.Жавхлангийн дууг дуулаад явдаг байсан хүүхэд гэж манай гэрийнхэн ярьцгаадаг. Дунд ангидаа Жатин Биберийн дуунуудаар амьсгалдаг хүүхэд байлаа. Тэгээд л намайг энэ зүйл рүү залчихсан гэж боддог.    

Гэр бүлийн зүгээс гэвэл бага байхаасаа эмээ өвөө дээрээ өссөн. Эмээгийн циркт байсан үеийг сонсож, өвөөгийн тоглосон киног зурагтаар үздэг байсан. Үеэл эгчийнхээ тоглосон “Орхидос” киног гарахад “Миний эгчийг яаж байна аа” гээд л уйлаад үзээд байдаг хүүхэд байсан. Тухайн үед харж өссөн зүйлс маань “Ийм хүн болох юмсан” гэж бодоход бас нөлөөлсөн байх.

-Урлагтай холбоотой хамгийн сайхан болон хамгийн гунигтай дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Хамгийн сайхан дурсамж гэвэл “Хамгийн сайхан нь” кино зураг авалтаа манай гэрт хийж, “Опозит” хамтлагийн “Хурим” гэдэг дуу тэр үед бүтэж байсан. Тэр дууг сонсоод л хип хоп гэж ямар гоё зүйл болохыг мэдэж аваад, дуучин Г.Энэрэл ахын хэсгийг мөр алдалгүй дуулдаг болсон. Зөвхөн поп дуу л гэж мэддэг байсан хүүхэд хайрын тухай хип хоп дуу дуулахыг харах гайхширал төрүүлж байсан.

Гунигтай түүх гэвэл бүжигтэй холбоотой. Монголд бүжгийн урлаг хангалттай үнэлэгддэггүй юм шиг санагддаг. Анх хамтлагаараа зориг шулуудаад 5-10 мянган долларын шагналын сантай тэмцээнд оролцоод мөнгөө авч чадалгүй муриулж байсан.  Ямар ч том тэмцээн уралдаан болсон бүжигчдэд өгдөг цалин нь бага, цэнгэлдэхэд гуч дөчин мянган хүнтэй тоглолт хийчхээд арын бүжигчид нь нэг дуун дээр 30 мянган төгрөг авдаг жишээний... Хамаг сэтгэл зүрхээ дэвсэж, хөлсөө дуслуулан байж хийсэн зүйл маань үнэлэгдэхгүй байх мэдрэмж л хамгийн гунигтай.

-Сүүлийн үед олны танил хүмүүсийн нийгэмд үзүүлэх үлгэр дуурайллын талаарх сэдэв нэлээд хөндөгдөөд байгаа. Таны хувьд олны танил хүмүүс ямар байх ёстой вэ?

-Төгс хүн, төгс зүйл гэж байхгүй. Ямар ч сайн сайхан амьдралтай, амжилттай яваа хүнд заавал ил гаргадаггүй муу тал байж л байдаг. Олны танил гэлтгүй бүх хүнд байгаа. Тэр нь зүгээр л хүмүүсийн нүдэнд ил гарсан эсвэл далд оршдог гэдгээрээ л ялгаатай. Тийм болохоор анхнаасаа өөрийнхөө сул талыг нийтэд дэлгэчихвэл зүгээр санагддаг. Бид цагааныг л хараад байвал харыг ялгаж чадахгүй шүү дээ.

-Сүүлийн үед хүмүүс залуу үеийнхэнтэй ажиллахад хэцүү, хэт өөрийнхөөрөө гэх мэтээр шүүмжилдэг болсон. Залуу хүний хувьд энэ тал дээр ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Дээд үеийнхэн манай залуучуудыг жаахан гадуурхах гээд байгаа шүү дээ. Гэхдээ миний бодлоор үе ахих тусам ямар нэгэн зүйл шинэчлэгдэж сайжирч байдаг.  Бид бүхэн дээд үеийнхнээсээ суралцах зүйлс их хэдий ч тэдний найман цаг хийдэг ажлыг хоёр цагийн дотор л хийчихдэг. Социализмын үеийн хариуцлага гэдэг зүйлийг л суралцчих юм бол манай үеийнхэнд хийж ядаад байх зүйл байхгүй л гэж бодож байна.            

-Цаашдын уран бүтээлийн зорилгоосоо бидэнд хуваалцаж болох уу?

-Хийж үзэхийг хүссэн бүх зүйлсээ туршиж үзчихээд яг одоо л цаг нь гэж бодсон үедээ эрчийг авна гэж бодож байгаа. Түүндээ хүрэхийн тулд одоогоор долоон дуутай жижиг цомгоо гаргахаар зориод явж байгаа. Цомгоо гаргана гэсэн амбицтайгаар эх орондоо ирсэн. Намар дуунуудаа цацах гээд үлдсэн хоёр зураг авалтын ажилдаа орчихсон явж байна даа.

-Эцэст нь үеийнхээ залууст хандаж үг хэлээд ярилцлагаа өндөрлөе

-Намайг дэмждэг хүмүүс байвал баярлалаа. Их зүйлийг хийж бүтээгээгүй ч гэсэн цаашдаа олон сайхан уран бүтээлээр уулзах болно. Яаж ч шантарч, хэн нэгэнд доромжлуулж, дутуугаар үнэлэгдсэн ч хамгийн гол нь зорьсон зүйлдээ тууштай байх хэрэгтэй шүү. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна