“Энхбаярынхан” эргэн ирэв үү?!

2017/03/15
-УИХ-ын ээлжит сонгуулиас хойш сураг алдарсан улс төрийн гуравдагч хүчин болох МАХН-ынхан хөдөлгөөнд орж эхэллээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын дэглэсэн "жүжиг" хэрхэн үргэлжлэх нь анхаарал татна- 

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж явсан Н.Энхбаяр улс төрд хошуу нэмэхээ болиод удаж байгаа ч түүний гар хөл бологсод өнөөг хэр нь ямар нэгэн аргаар буюу их, бага хэмжээгээр улс төрийн үйл явдалд дусал нэмж явна. Ганцхан энэ өгүүлбэр л МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрөөс нэг мөр яваагүй, түүнийг өмнөх болон өнөөгийн эрх баригчид нийлээд ч дарж чадаагүй гэдгийг гэрчилнэ. 

Хэдийгээр УИХ-ын ээлжит сонгуулиас хойш саяхныг хүртэл Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан улс төрийн ямар ч үйл явдалд албан ёсны байр суурь илэрхийлээгүй ч нөгөө талаасаа тэд хэдхэн сарын дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд л хүчээ нөөж байгаа нь тодорхой. Нөгөөтэйгүүр, улс төрийн хатуу тоглоомоор хэдийнэ тоглоод сурчихсан МАХН-ын дарга Н.Энхбаяр төрд "шургалан" орох оновчтой цаг хугацааг л анаж суугаа нь лавтай. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд улс төрийн гуравдагч хүчин гэдгээ хүртэл умартаж, яг л "усанд хаясан чулуу шиг" чимээгүйхэн улс төрийн үйл явдлыг зөвхөн хөндлөнгөөс ажиглаж ирсэн байж таарна.

Харин мань эр өнгөрсөн долоо хоногоос л улс төрийн ээлжит"жүжиг"-гийнхээ хөшгийг нээж байх шиг. Энэ ч утгаараа саяхныг хүртэлх хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг ч асуудалд ч улс төрийн ямар ч өнгө аястай байр суурийг илэрхийлээгүй МАХН-ынхан өнгөрсөн долоо хоногоос л хөдөлгөөнд орж эхэллээ.

Өнгөрсөн сард намынхаа Бага чуулганыг хуралдуулж, Гүйцэтгэх товчооныхоо гишүүдээ шинэчилсэн тэдний эхний алхам улс төрийн хоёр том асуудалд байр сууриа илэрхийлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж эрх баригчдад хандан мэдэгдэл хүргүүлснээр эхэлж байна. Өөрөөр хэлбэл, тэд сүүлийн үед улстөрчид төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байгаа "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой маргаан болон ОУВС-гийн зээлд хамрагдах болсон талаарх асуудалд намынхаа байр суурийг илэрхийлжээ.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувийн асуудалдаа “Зэс молбиден” орд, “Асгатын мөнгөний орд” нь УИХ-ын 18 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтсан ордууд гэдгийг тодотгож, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ хэлцэл, хууль тогтоомжийн дагуу ард түмний мэдэлд байх ёстой гэж үзжээ.

Харин УИХ эдгээр орд, эзэмшиж буй хувьцаа, өмч эзэмшлийн талаарх эцсийн шийдвэрийг гаргах хуультай гэдгийг эрх баригчдад сануулж, "МАХН стратегийн ач холбогдолтой ордыг ард түмний дундын өмч гэж үздэг бөгөөд ард түмний санал асуулгаар ашиглах асуудлыг шийдэж байх ёстой. Тиймээс УИХ болон Засгийн газар, шүүхийн байгууллага “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн асуудлыг ч шалгах ёстой" гэв. 

Үүнээс гадна манай улс ОУВС-гийн зээлд хамрагдахаар болсонтой холбогдуулж эрх баригчдыг амласан амлалтаасаа бүрэн ухарлаа гэж дүгнэжээ. Тэд "Өмнөх Засгийн газрын өр зээлийн асуудлыг МАН-ынхан мэдээгүй байсан гэх үндэслэлгүй. Тиймээс буруутай этгээдүүд хариуцлагаа адилхан хүлээх үүрэгтэй. Үндсэндээ өнөөгийн эрх баригчид ард түмнийхээ эрх ашиг болон Монгол Улсын эдийн засгийг буруу үнэлсэн. Үүнээс үүдэж буруу шийдвэр гаргаж байна. Тиймээс ОУВС-гийн зээлд хамрагдах асуудлыг дэмжихгүй" гэсэн байна. 

Хамгийн гол нь, МАХН-аас дээрх хоёр мэдэгдлийг гаргахдаа "Улс төрийн нам бол үзэл баримтлал, байр суурь нь тодорхой байх ёстой. Гэтэл МАН, АН ялгаагүй тодорхойгүй байдлаар улс, эх орноо удирдаж байна. Эрх барьж байгаа нам цаашид сонгуулийн амлалтаасаа буцах юм бол МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулах асуудлыг хөндөх болно" гэдгийг давхар сануулсан явдал байлаа. 

Харин өнөөдөр парламентад МАХН-ыг төлөөлж ганц суудлыг авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар "Шинэ төрийн сэргэн мандахуй" нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү хэлэлцүүлэгт урилгаар Монгол Улсын нөлөө бүхий эдийн засагч, хуульч, дипломатчид болон МАХН-ын Бага чуулганы гишүүд, төлөөлөгчид оролцох аж. Энэ мэтчилэн УИХ-ын ээлжит сонгуулиас хойш чимээ, аниргүй байсан МАХН-ынхан хөдөлгөөнд орж эхлэв. Өнгөрсөн хугацаанд чимээ, аниргүйхэн байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нар ийнхүү улс төрд эргэн ирж байгаа явдал нь удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой. 

Хэдийгээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ "Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх зүйн орчны асуудлаар хуралдсан. Зарим хууль батлагдахдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэрхэн нэр дэвшүүлэхгүй байх вэ гэдэг асуудалд төвлөрч байна гэж бид хардаг. Тиймээс үүний талаар хэлэлцсэн. Тэгээд ч нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа болоогүй байна" гэж мэдэгдсэн бол зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярыг "ялгүй" гэдгийг тодотгосон нийтлэл хүртэл хөврөх болов. 

Тухайлбал, "Зууны мэдээ" сонины энэ сарын 10-ны өдрийн дугаарт "Намбарын Энхбаярыг боорлосон найман жил" хэмээх нийтлэлд "Гартаа төрийн бүх аппаратыг атгасан улстөрчид Н.Энхбаярыг 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцож сонгогдох эрхийг нь хаасан юм. Харин дээр хамгийн сүүлд дурдсанчлан 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэлгүй хаахаар СЕХ-ны үндэслэл болгосон ЦЕГ-ын тодорхойлолтыг хүчингүй болгох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргажээ.

Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Яг одоо бол Н.Энхбаярын нэр дэвших эрх нээлттэй байна" гэж тодотгожээ. 
Харин олон нийт, ялангуяа улстөрчдөд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэглэсэн "жүжиг"-ээ хэрхэн үргэлжүүлэх нь анхаарал татна. Цаашлаад ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өөрөө нэр дэвших үү, эсвэл намаасаа хэн нэгнийг нэр дэвшүүлэх үү гэдэг бүр ч сонирхол татах сэдвийн нэг хэдий ч одоохондоо бүх зүйл таамаг төдий, тодорхойгүй байна. Гагцхүү Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын хийх дараагийн "нүүдэл"-ийг л хүлээх үлдлээ.

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна