Ардчилсан намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сард болно. Түүнчлэн тус намын дүрмийг Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан нь дотоод сонгууль хуучин дүрмээр явах уу, шинэчлэгдсэн дүрмээр явах уу гэх зэрэг тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлээр Үндэсний бодлогын хорооны 389 суудалтай байх бөгөөд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Харин аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 52 хүн бүртгүүлсэн бол нийслэлийн Ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар албан ёсоор бүртгүүлжээ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа ирэх даваа гаригт буюу энэ сарын 21-нд эхлэх бөгөөд 11 хоногийн сурталчилгааны хугацаа олгожээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 гишүүнтэй. Гэтэл энэ удаад Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг санал хураалтаар тодруулна гэсэн. Дотоод сонгууль хуучин дүрмээрээ явах уу, шинэ дүмрээрээ явах уу?
-Өнөөдөртөө хуучин, шинэ гэдэг дүрэм байхгүй. Сая Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн дүрэм бол нэмэлт өөрчлөлт. Бидний хувьд үндсэн дүрмийн хүрээнд бүх ажил явж байгаа. Ардчилсан намын үндсэн дүрэм бол шинэчилсэн найруулгын хэмжээнд биш, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа хүчин төгөлдөр дүрмээр явж байгаа. Шинэ, хуучин дүрэм гэж яриад байгаа Ардчилсан намын VI, VII их хурлаас гарсан шийдвэрийн дагуу VIII их хурлаар шинэ дүрмийг батална. Ардчилсан намын үндсэн дүрэмд байгаа Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн гэдэг тоо квот, дэнчингийн хэмжээг Дотоод сонгуулийн хороо тогтоодог дүрэмтэй. Дүрмийнхээ хүрээнд Дотоод сонгуулийн хороо шийдвэрээ гаргаад явж байгаа.
-Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргэсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн ямар заалт нь Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын дүрмийг зөрчсөн юм бэ. Танай намын гишүүдэд ч энэ талаар мэдээлэл алга?
-Улсын дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуух тогтоол нь одоогоор ирээгүй байна. Ямар үндэслэлээр татгалзсан бэ гэдэг тогтоол ирсний дараа мэдээлэл өгч болно.
-Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулах шаардлагатай гэж танай намынхан хэлж байна лээ. ҮЗХ-ны хурлыг хэзээ зарлах вэ?
-Өнөөдөр Ардчилсан нам гэдэг ганцхан нам бий. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо тарсан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах боломжгүй. Ардчилсан намын VI, VII их хурлаас гарсан тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага нь их хурал. Их хурлын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх л үүрэгтэй. Түүнийг намын аль нэг шатны байгууллагын шаардлагаар хуралдуулах эрх байхгүй.
-Дотоод сонгуульд нэрээ дэвшүүлсэн гишүүдээс хэдэн төгрөгийн дэнчин, хураамж, намын дансанд төвлөрсөн бэ?
-Одоогоор санхүүгийн эцсийн тооцоо гараагүй учраас хэлэх боломж алга. Шилэн гэж яриад байгаа боловч эрх барьж байгаа нам нь, төрийн бүх шатны байгууллага нь Шилэн дансны хууль хэрэгжүүлэхгүй хаалттай байна. Ийм цаг үед ганцхан Ардчилсан нам шилэн байх ёстой гэж болохгүй.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна