П.Мөрөн: Дараагийнхаа Дакарыг бодож сууна даа

Zuv.mn
5 цаг 43 минутын өмнө

Авто спортын шилдгүүдийн тулаан “ДАКАР РАЛЛИ-2025” өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн "Дакар" монголчуудын хувьд сэтгэл дэнслүүлсэн, сонирхолтой сайхан  уралдаан болсон. Учир нь, авто спортын оргил, "олимп" гэх зэргээр нэрлэгддэг уг тэмцээнд Монгол Улсаас  олон улсын хэмжээний мастер П.Мөрөн оролцсон юм.  Гараанаас гараанд уралдаанаа чамбайруулж, байраа ахиулж явсан  манай тамирчин мотоциклын эвдрэл, түүнийгээ зассаны улмаас 35 цагийн торгууль хүлээж, эхний 20 дотор багтах найдлагаа талаар болгосон ч үлдсэн гурван гараандаа амжилттай уралдан замаа дуусгаж, финиш медалиа авч чадлаа. 

Манай баатар баярт мөчөө дэмжигчидтэйгээ хуваалцаж, сошиал хаягтаа "Бид чадлаа 14 хоног 8000КМ хүний тэсвэр тэвчээрийн туйлыг шалгадаг тэмцээнийг дуусгалаа. Дакар бол Дакар хэлэх тайлбарлах үг надад алга байна. Уналт бас босолт зөндөө байлаа гэсэн ч ард нь гарлаа. Одоо юу бодож байна гээч ?? ..... Дараачын Дакарыг бодож сууна даа. 20-ны өглөө 07:00 цагт Монголдоо очно, бэлтгэлдээ орно доо. 14 хоногийн турш миний мөрөөдөлтэй хамт байсан дэмжсэн гэр бүл, найз нөхөд, ах эгч нар дүү нартаа хайртай шүү бас баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан байна. 

П.Мөрөн мото спортын олон улсын хэмжээний мастер А.Пүрэвдоржийн хүү бөгөөд дотоодын 73, олон улсын 10 уралдаанд оролцож, 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байжээ. “Дакар ралли”-д уралдах Монголын 13 дахь, мотоциклоор уралдах долоо дахь монгол тамирчин болсон тэрбээр ийнхүү уралдаанаа амжилттай дуусгаж чадлаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.22.148
    3 цагийн өмнө

    Баяр хүргэе залуу минь.Оргилын дээд амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе.Эр хүн санасандаа эмээлтэй хүлэг харайсандаа.

    Хариулах