Манай “Зөв.мн” сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн холбогдох байгууллагад хандаж, улмаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа билээ. ХЭҮК-оос хууль, дүрэм, журмыг гажуудуулж, мушгин гуйвуулснаа хүлээн зөвшөөрсөн. Улмаар дотоод хяналт шалгалт хийж Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг гомдол шалгах ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж, алдаа гаргасан гэж дүгнэснээ өчигдөр танилцуулсан.
Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга хууль тогтоох байгууллагын гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тэдний байр суурийг нэгтгэн хүргэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн албан тушаалтны зургийг нийтлэлдээ ашигласныг Хүний Эрхийн Үндэсний Комисс “Биометрик мэдээлэл” гэж мушгин гуйвуулж, улмаар 20 сая төгрөгөөр торгосон нь мэдэх эрх, үг хэлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлье.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, сэтгүүлчдийн шаардлага, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж буй иргэдийн дуу хоолойтой бүрэн дүүрэн санал нэгтэй байна.
Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг хамгаалах бус хүний үндсэн эрхэнд халдсан үйлдэл гаргасныг эрс буруушааж байна.
Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход Хувь хүний мэдээлэл задруулах, хамгаалахтай холбоотой Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн асуудлыг өөрчлөн шинэчлэх шаардлагатай.
Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль нь ойлгомжгүй, хууль сахиулагч өөрийн үзэмжээр тайлбарлах боломжтой хуулийн хийдэл юм.
Хууль хүн бүрд тэгш шударга үйлчлэх ёстой. Түүнээс бус аль нэг талд давуу байдал олгодог, зохицуулахаас илүү үл ойлголцол, элдэв хүндрэл үүсгэдэг хуулийн хийдлийг засаж залруулах болно.
Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш иргэн нь мэдэх эрхтэй эрүүл нээлттэй нийгмийн үндэс юм.
Ардчилсан, эрх чөлөөт нийгмийн үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх, иргэний мэдэх эрхэнд халдсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажил үүргээс нь чөлөөлөх болно.
Чөлөөлье бодлого хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан аливаа үйлдэлтэй үл эвлэрэн, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг тууштай хамгаалж ажиллана гэжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцно
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарынхнаас ирүүлсэн шаардлагатай санал нэг байна.
Хүний Эрхийн Үндэсний Комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтаны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш.
Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг "хувь хүний биометрик мэдээлэл" хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм.
Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш.
Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж,чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.
Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний Эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна.
Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно" гэсэн байна.
Н.Алтанхуяг: ХЭҮК өөрсдөө хууль зөрчөөд сэтгүүлчдийн эрхэд халдаад, дарга нартаа долигоноод сууж байж болохгүй
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүний эрхийн үндэсний комиссынхон өөрсдөө хууль зөрчөөд, дарга нарт далдаганаж байгаад хариуцлага тооцох зохицуулалт байна уу. Хариуцлага тооцохгүй бол “Аан тэгсэн гэнэ үү, цаадах чинь нэг бичиг өгчихсөн гэнэ үү” гээд ойр зуур ярьдгаа болих хэрэгтэй. Та бүхэн Монгол Улс ялангуяа Хууль зүйн байнгын хорооны өмнө том хариуцлага хүлээж байгаа хүмүүс. Сэтгүүлчдийн эрхэд халдаад, дарга нартаа үйлчлээд суугаад байдаг байж болмооргүй байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: Ийм алдаатай Хууль зүйн байнгын хороо эвлэрэхгүй
-Ийм алдаатай Хууль зүйн байнгын хороо эвлэрэхгүй. Бид асуудлыг нь гаргаж ярьна, иймэрхүү байдлаар хүний эрх хамгаалж болохгүй. Нэмээд нөхцөл байдлыг тодруулж авна. Биометрик мэдээлэл гээд торгосон гэдэг утгагүй зүйл ярьж байна. Байнгын хороо тэвчээд суухгүй
П.Сайнзориг: Комиссын гишүүд өөрсдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ уучлалт гуй
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: ХЭҮК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаа сая гарлаа. Ердөө өнгөрсөн долоо хоногт ХЭҮК-ийн 25 дахь илтгэлийг сайн болсон гэж байтал дунд түвшний албан тушаалтан нь хэвлэлийн эрх чөлөөний эсрэг хуульд байгаа зохицуулалтыг мушгиж тайлбарлан хүний эрх зөрчсөн үйлдэл гаргалаа. Комисс Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргын нүүрийг улалзуулж, тэр хүмүүсийг мэдэгдэл гаргах хэмжээнд хүргэж байхаар өөрсдөө гараад уучлалт гуймаар байна. Дарга нь гараад уучлалтаа гуй. Холбогдох арга хэмжээг авч байгаа юм билээ. Тэр нь зүй ёсны хэрэг. Олон нийт гайхаж байна шүү дээ. Тийм учраас дүр төрхөөрөө гараад мэдэгдлээ өгөх хэрэгтэй.
Комиссын гишүүний хандлагыг сэтгүүлч тайлбарлаж бичсэн байна лээ. Г.Нарантуяа гишүүн нь “Бичиж болохгүй шүү, камераа унтраа, яах гэж над дээр орж ирж байгаа юм. Би хариулт өгч чадахгүй” гээд ярьсныг бичсэн байсан. УИХ-аас өгч байгаа мандатыг ХЭҮК зөв ашиглана шүү. Уг нь УИХ-ын 126 гишүүний өмнөөс хүний эрхийг хамгаалж, бидний нүд, чих болох гээд байгаа шүү. Бидний нүд, чих хүний эрхийн зөрчил өөрсдөө гаргаад байхаар хэлэх үг олдохгүй байна. Цаашид энэ асуудалдаа анхаар аа. Комиссын гишүүн, дарга нь гараад уучлалт гуй. Институцийн гаргаж байгаа асуудлыг чимээгүй байж байгаад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг уучлалт гуйлгах хэмжээнд хүргэдэг. Комиссын гишүүд өөрсдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ уучлалт гуй. Шат шатандаа хариуцлагаа ойлгодог баймаар байна.
О.Цогтгэрэл: Сэтгүүлчдийг айдсаас чөлөөл! Одоо болно
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Дуугарсныг нь хорьдог. Шүүмжилснийг нь айлгадаг. Үнэнийг хэлснийг нь дарамталдаг болоод удлаа. Одоо бүр төрийн өмчит компанийн захирлууд сэтгүүлчийн нийтлэлд зураг ашигласан гэх шалтгаанаар буруутгаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгуулдаг болжээ.
Сэтгүүлчдийг айдсаас чөлөөл! Одоо болно
Г.Уянгахишиг: Хэрхэн шийдвэрлэгдэхийг сайн анзаарч, ажиглана
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхүүдээ хамгаалах ёстой! Тэгж байж олон нийтийн хяналт, төрийн үйл ажиллагааны ил тод байдал хэрэгжинэ. Цаашид энэ маш чухал судлагдахуун, кэйс болохоор асуудал байна. Хэрхэн шийдвэрлэгдэхийг сайн анзаарч, ажиглана.
Ер нь бол хүний эмзэг мэдээлэл гэдэгт юу хамаарах (олон нийтэд нээлттэй эх сурвалжид агуулагдсан албан зургийг эмзэг мэдээлэл гэж үзэх үү?) Хууль бусаар олж авах (нийтэд нээлттэй сошиалд тавигдсан мэдээний зургийг хэрхэн “хууль бусаар” олж авсан бэ?), задруулах (нэгэнт олон нийтэд нээлттэй байгаа мэдээллийг хэрхэн задруулах вэ?) гэдэгт ямар үйлдлийг ойлгох вэ? гэх зэргээр асуудлыг задлаад үзэх шаардлагатай.
Х.Тэмүүжин: ХЭҮК, цагдаагийн байгууллага Үндсэн хуулийн суурь зарчмуудаа анзаарах ёстой байсан
УИХ-ын гишүүн Зургийг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн гэдгээр редакцыг 20 сая төгрөгөөр торгосон байна гэх мэдээлэл харсан. Хуулиар иргэний дүрс зургийг тухайн иргэний өөрийнх нь зөвшөөрөлгүй олон нийтэд түгээвэл зөрчил гэж үздэг ч Үндсэн хуулийн зарчмаар төрийн алба, нийтийн албан тушаалтан өөрийн иргэний эрхээ хязгаарлуулах ёстой байдаг. Олон нийт, иргэд нийтийн албан тушаалтантай холбоотой асуудал байвал хэлэлцүүлэг өрнүүлэх, шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд зураг, дүрсийг ашиглах тэр бүү хэл зураг дүрс дээр шоглож, сэтгэмжтэйгээр илэрхийлэх боломжтой. ТӨК-ий эрх бүхий албан тушаалтан хүлээцтэй хандах ёстой байсан. ХЭҮК, цагдаагийн байгууллага Үндсэн хуулийн суурь зарчмуудаа анзаарах ёстой байсан байх. Энэ хүн өөрөө ийм хэлэлцүүлгийн бай болно гэдгээ ойлгох ёстой байх.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна