Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл анхдугаар хурлаа хийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн явц, Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдсан олон улсын арбитрын хэрэг, маргаанууд зэргийн талаар мэдээлэл сонслоо.
Сүүлийн дөрвөн жилд нийт хөрөнгө оруулагчдын 50 орчим хувь нь манай улсаас гарч явсан тухай судалгаа байдаг. Энэ нь нэг талаас эдийн засгийн хямралтай холбоотой хэдий ч нөгөө талаар төр, засгийн дээд түвшиндээ дур зоргоороо аашилдаг, хууль, тогтоомжоо байнга өөрчилдөг, хийсэн гэрээ, хэлэлцээрээсээ буцаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нь алдаж байсантай холбоотой гэж хэлж болно.
Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан юм.
Зөвлөлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахалдаг бөгөөд гишүүдэд Сангийн сайд, ХЗДХЯ, БХБЯ, ЗТХЯ, УУХҮЯ болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, холбогдох яамдын газрын захирал, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, МҮХАҮТ-ын удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ.
Танилцуулгаас үзвэл хөрөнгө оруулагчдын гаргасан гомдол, өргөдлийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх талаар холбогдох яам, агентлаг, орон нутгийн төр, захиргааны байгууллага хангалтгүй ажиллаж байна. Иймээс цаашид асуудлыг маргаан үүсэхээс өмнө буюу шүүх, арбитрт очихоос өмнө шийдвэрлэх нь чухал байгаа тухай хурлын үеэр яригдлаа.
Мөн сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан, одоогоор хөрөнгө оруулалтын томоохон таван гэрээ байгуулагдсан, Монгол Улсын Засгийн газар 2001 оноос хойш таван хэргээр олон улсын арбитрын шүүхэд дуудагдсан тухай мэдээлэл дурдагдав.
“Энэ Засгийн газар хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа. Тэдэнтэй харилцан ойлголцож, хөрөнгө оруулалтын болон хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, итгэлийг нь нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа хөл дээр нь босгох ёстой. Өмнөх дөрвөн жилийн алдааг засч, шинэ зарчим, шинэ жишгээр ажиллана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэв.
Мөн хурлаар төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан эсэхэд хийсэн судалгааны дүгнэлттэй танилцав хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна