Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд өнөөдөр 11:30 цагаас МҮЭСТО-нд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулна. Тэднтй 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 нь нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Ардчилсан намын удирдлагууд гардуулах юм байна.
Тус намын шинэчилсэн дүрмийг Улсын Дээд шүүх бүртгэж аваагүйгээс дотоод сонгууль товлосон хугацаандаа болохгүй нь гэх таамаг байсан. Гэвч АН-ын шинэ дарга С.Эрдэнэ дотоод сонгуулиа ирэх сарын 2-ны өдөр явуулахаар мэрийж буй бололтой.
Тэрбээр өнгөрөгч баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр “АН-д өнөөдөртөө хуучин, шинэ дүрэм гэж байхгүй. Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн дүрэм бол нэмэлт өөрчлөлт. Бидний хувьд үндсэн дүрмийн хүрээнд бүх ажил явж байгаа. Ардчилсан намын үндсэн дүрэм бол шинэчилсэн найруулгын хэмжээнд биш, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа хүчин төгөлдөр дүрмээр явж байна гэсэн үг. Тиймээс шинэ, хуучин дүрэм гэж яриад байх шаардлагагүй. АН-ын VI, VII их хурлаас гарсан шийдвэрийн дагуу VIII их хурлаар шинэ дүрмийг батална. Тус намын үндсэн дүрэмд байгаа Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн гэдэг тоо квот, дэнчингийн хэмжээг Дотоод сонгуулийн хороо тогтоодог дүрэмтэй. Дүрмийнхээ хүрээнд Дотоод сонгуулийн хороо шийдвэрээ гаргаад явж байгаа” хэмээн ярьжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна