Какүрюү аварга, Точиношин озеки нар тэмцээнийг орхилоо

2019/01/18
Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё аварга, арслангуудад тун халтай явагдаж байна. Эхний 3 өдөр дараалан унасан ёкозүна Кисэносато зодог тайлсан бол озэки Точиношин тэмцээний голоос гарсан. Харин өнөөдрөөс ёкозүна Какүрюү тэмцээнийг орхиж, аваргуудаас Хакүхо л үлдлээ.

Изүцү ояката "Какүрюү тэмцээний өмнө л баруун хөлний шагайгаа гэмтээсэн байлаа. Бэлтгэл сайн хийж чадаагүй. 17-ны өдрийн орой ярилцаад тэмцээнээс гарахаар шийдсэн. Ичиножёог сүүлийн 9 барилдаан дараалан ялж, гартаа оруулаад байсан ч өчигдөр яаж ч чадахгүй ялагдсаныг та бүхэн харсан байх" гэж сэтгүүлчдэд тайлбарлалаа. Какүрюү тэмцээний 5 дахь өдөр Ичиножёод унан, 2 даваа, 3 унаатай болсон.

Мэргэжлийн сүмогийн Хацү башёд эхний 4 өдөр дараалан ялагдаад байсан озэки Точиношин өнөөдрөөс барилдахгүй болжээ. Тэмцээнээс 5 хоногийн өмнө бэлтгэл дээр баруун гуяндаа гэмтэл авсан нь нөлөөлж, нэг ч давж чадсангүй. Өчигдөр түүнтэй учраа таарсан байсан Шёохозан ийнхүү барилдалгүй даваа авсан юм.

Түүний багш Касүгано ояката "Тэмцээний 4 дэх өдөр Тамавашид унасныхаа дараа "Ёстой болохгүй байна" гэж надад хэлсэн. Гомдол, шалтаг хэлдэггүй Точиношин ингэж хэлж байгаа болохоор гэмтэл нь хүнд байна гэсэн үг. 2-р сард тойргийн барилдаан байхгүй болохоор сайн эмчлүүлээд Хаврын тэмцээнд зодоглоно" гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Точиношин Хаврын тэмцээнд кадобан болж, озэки цолоо хамгаалж барилдах болно. Өнгөрсөн оны Намрын тэмцээнд мөн кадобан барилдаад 9 давж байсан билээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна