2,9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг хойшлуулжээ


Цар тахлын хүндрэлтэй үед иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах, зээлийн чанар муудахаас сэргийлэх зорилгоор орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах арга хэмжээг Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлсэн.

Банкууд зээлдэгчдээс ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг цахимаар буюу банкны гар утасны апликэйшн, цахим хуудас, утас зэрэг хэрэгслээр нэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэжээ. Үр дүнд нь хөтөлбөрийн хүрээнд зээлийн үлдэгдэлтэй нийт 77,147 зээлдэгчээс 55,741 зээлдэгч эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргаснаас 55,676 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй буюу нийт ипотекийн хөтөлбөрийн зээлийн багцын 80 хувьд зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулав.

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлтэй иргэдийн хувьд нийт эргэн төлөлт хойшлуулсан хугацаанд буюу дунджаар 7 сарын хугацаанд 227 орчим тэрбум төгрөгийн төлбөрөөс буюу ойролцоогоор 86 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 141 тэрбум төгрөгийн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөж байна. Тодруулбал, ипотекийн хөтөлбөрийн зээлтэй иргэн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сард дунджаар 580 орчим мянган төгрөг, нийт 4.1 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөөд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна