Б.Пүрэвдорж: Казиногоос мөнгө хождоггүй юм, Монголчууд тоглох хэрэггүй

2020 оны 02 сарын 10

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж  2019-2020 оны намрын чуулганы хугацаанд АН-аас санаачлан батлуулсан хууль тогтоомж, шийдвэрийн үр дүнгийн талаар  мэдээлэл өглөө. 

АН-ын зөвлөлөөс   2019-2020 оны намрын чуулган тодорхой асуудлыг шийдвэрлэсэн чуулган байсан гэж  дүгнэж байна. Харамсалтай нь эдийн засгийн асуудлаар иргэдэд нааштай үр дүнд хүрч чадаагүй,  Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийг УИХ-аас томилох, Засгийн газрын өрийн хэмжээг УИХ-аар тогтоож байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тавьсан ч харамсалтай нь хүлээж аваагүй гэдгийг онцоллоо. Мөн  УИХ-ын тойрог, мандатын тухай хуулийн хүрээнд  Монгол Улсын 46 хувь нь амьдарч байгаа нийслэл хотын мандатын тоог бууруулахгүй байх байр суурь барьсан баримталсан ч  нийслэлийн мандатын тоог багасгаж,  2020 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн хөрөнгө оруулалтыг эрс танасанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

Мэдээллийн дараа  АН-ын зөвлөлийн дарга Б.Пүрэвдорж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

-Танай зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон таны казино тоглож байгаа зураг, бичлэгийн тухайд ямар тайлбар өгөх вэ?

-Д.Эрдэнэбат дарга хөдөө орон нутагт ажиллаж байгаа, түүний өмнөөс би тайлбар хийх боломжгүй. Миний тоглож буй зураг бол эртний зураг. Гэр бүлийхэнтэйгээ амралтаараа гадаадад явж байхад буудлаас 50 долларын ваучер өгсөн, түүгээр тоглосон. Тэр үед хуульд хориглосон заалт байгаагүй. Төрийн албаны хуульд өөрчлөлт орж, казино тоглохыг хориглосноос хойш би тоглоогүй. Би хуулиа сахидаг. Төсвийн олон тэрбум төгрөгөөр казино тоглосон хүмүүс бий. Казиногоос мөнгө  хождоггүй юм, тиймээс монголчууд казино тоглох хэрэггүй.

-Ардчилсан намын удирдлагууд Хятад улсад айлчилж, санхүүжилт босгох гэж байна гэх яриа гараад байна?

-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан. Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой улс бол хоёр хөрш. Ялангуяа Хятад улстай сайн харилцаатай байх нь нийгэм, эдийн засагт маш чухал. АН аливаа нэг улс орон томоохон аж ахуй нэгж, олигархиудаас төрийн сонгуульд зориулж мөнгө авахгүй. Гишүүд нь өөрсдөө мөнгө хандивлаад, намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлээд явна.

-НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг цагдан хорьсон асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-Нийгмийн даатгалын мөнгийг тухайн жилд нь банктай гэрээ хийж, нэг жилийн хугацаатай байршуулж байсан. НДС-гийн мөнгийг өсгөсөн гэж тухайн үед Ц.Уртнасан даргыг магтаж байсан. Тухайн үед "Капитал" банк Монголбанкны судалгаагаар сайн банкинд хамруулж байсан. Гэтэл үүнээс хойш дөрвөн жил өнгөрчихөөд байхад өөр банкинд байршуулахгүй явсан нь эрх баригчдын буруу. Эрх баригчид Капитал банк дампууруулсан асуудлаа сонгуулиас өмнө дарахын тулд ажлаа өгсөн хүнийг барьж хорьсон. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой.

-Ардчилсан намын зөвлөл хэр сайн сөрөг хүчин байж чадсан бэ?

-Долоон хүнтэй сөрөг хүчин гэдэг хэцүү. Нөгөө талаас улс төрийн урт үед бүх зүйл дээр гал тавиад байх нь үнэ хүндээ алдана. МАН-ын бүлэг "ЖДҮ", "60 тэрбум"-аараа хуваагддаг. Бид том асуудлыг нь шийддэг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж өгсөн нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь, сая Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгсөн нь АН-ын зөвлөл. Том асуудлыг шийддэг нь АН-ын зөвлөл гэж ойлгож болно. МАН маш их алдаа хийсэн. Гэвч алдаа болгон дээр дөрөөлж, шархыг сэдрээх боломж бага байлаа. Гэхдээ бид сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн.

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 11
192.82.65.120
Зочин

Тухайн үед ”Капитал” банк Монголбанкны судалгаагаар сайн банкинд хамруулж байсан. Гэтэл үүнээс хойш дөрвөн жил өнгөрчихөөд байхад өөр банкинд байршуулахгүй явсан нь эрх баригчдын буруу. Эрх баригчид Капитал банк дампууруулсан асуудлаа сонгуулиас өмнө дарахын тулд ажлаа өгсөн хүнийг барьж хорьсон. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой. \nЭнэ тайлбарыг юу гэж ойлгох вэ. Өөр банканд байршуулахгүй байснаас болж банк дампуурлаа гэнээ. ха ха ха

2020 оны 02 сарын 10
202.131.250.130
мал хариулагч

юу хэлэх гээд байгаа үхэр вэ. өөрийгөө өмөөрөх гээд байгаа мал уу

2020 оны 02 сарын 10
103.9.90.50
зочин

Хэлэх үгээ оновчтой, зоригтой хэлчихдэг улстөрч байна