Монголын спорт сонирхогчдын хувьд өнөөдөр бол Дашням, Балжинням давхацсан сайхан өдөр. Өнөөдөр хөлбөмбөгийн ДАШТ-ий Норвег-Англи, Аргентин-Швейцарийн багийн тоглолт, холимог тулааны UFC холбоонд алдарт Конор МакГрегор-Макс Хооловейн тулаан, дээр нь Үндэсний их баяр наадмын шийдвэрлэх тэмцлүүд бий.
Тэгвэл энэ сайхан өдрийн эхлэлийг Англи-Норвегийн шигшээ багууд ганган тавьж, гоол, эргэлзээ, маргаан, дуулиан шуугиан хөлбөмбөгийг гоё сайхан болгодог бүхнийг багтаасан дутуу юмгүй тоглолтын дүнд Англи хагас шигшээд үлдлээ.
Тоглолтын эхний гоолыг норвегичууд оруулж, Англиас Жюд Беллингем тэнцүүлсэн. Чухам энд одоо дөнгөж эхэлж буй, энэхүү тоглолтын дуулиантай мөч тохиосон юм. Гоол орохын өмнө бөмбөг тоглолтын талбайн дээр байрлуулсан байсан “аалз-камер”-т торж, чиглэлээ өөрчлөн доош унасан бөгөөд энэ нь гоолын нэг хэсэг болж хувирсан. Мдээж норвегичууд маргалдсан ч шүүгч Клеман Тюрпен гоолыг тооцсон юм.

Сүүлд ФИФА албан ёсоор мэдэгдэл хийж, бөмбөг дотор байрлуулсан хөдөлгөөн мэдрэгч чип ямар ч сэжигтэй зүйл илрүүлээгүй гэж мэдэгдсэн. 2 миллисекунд бүрт шинэ мэдээлэл дамжуулдаг, хөдөлгөөн бүхнийг дамжуулах чадвартай, энэ ДАШТ-ээр Хорватын багийн тоглогчийн үсийг мэдэрсэн чип энэ удаа илэрхий хөдөлгөөнийг мэдэрсэнгүй ээ. Энэ мэдээж, цаашдаа яригдана.
Норвегичууд ийнхүү эхний үед технологийн золиос болсон бол хоёрдугаар үеийн эхэнд Э.Хааландаас болж нэг гоолоо цуцлуулсан. Тэрбээр гоол орохын өмнө Эллиотт Андерсоныг "зэрлэгээр" түлхэж унагасныг шүүгч нар талбай дээрх нөцөл байдалд нөлөөлсөн гэж үзээд гоолыг цуцалсан юм.


Улмаар нэмэлт цагийн 3 дахь минутад Жюд Беллингем дахин гоолдож, энэ тоо дахиж өөрчлөгдсөнгүй.
Сонирхолтой баримтууд
-Английн шигшээ баг түүхэндээ дөрөв дэхь удаагаа хагас шигшээд үлдэв. Тэд 1966 онд түрүүлж, 1990, 2018, 2026 онд шөвгийн дөрөвт үлджээ.
-Цом өргөөгүй л болохоос яг одоо Английн хөлбөмбөгийн хамгийн өндөр амжилттай он жилүүд тохиож байна. “Гурван арслангууд” 2018 онд дАШТ-ий шөвгийн дөрөвт, 2022 оны ДАШТ-д шөвгийн наймд үлдэж, Евро 2024-өөс мөнгөн медаль хүртсэн юм.
-Хожигдсон Норвеги ч ДАШТ-ий түүхэн дэхь хамгийн өндөр амжилтдаа хүролээ. Тэртээ 1938 оны ДАШТ, түүнээс хойш 60 жил завсарлаад 1998 онд 16-д үлдэж байсан аж.
-Норвегийн шигшээ өмнө нь Англитай 15 тоглохдоо хоёрхон удаа буюу 1981 онд ДАШТ-ий сорилгод 2:1-ээр хожсон ч хэсэгтээ сүүлийн байрт орсон бол 1993 онд мөн сорилгод 2:0-ээр хожиж, Английг АНУ-1994 ДАШТ-д оролцох боломжгүй болгож байжээ. Харин Англи 11 хожиж байжээ.
-32 настай Жордан Пикфорд ДАШТ-ий хамгийн олон тоглолтод оролцсон хөлбөмбөгч болов. Тэрбээр өнөөдөр 18 дахь тоглолтдоо оролцжээ. Ард нь Харри Кейн 17, Жон Стоунз 16 тоглолтод оролцоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна