Хожигдож явсан Аргентин сүүлийн долоон минутад хоёр гоол хийж, аваргын төлөө шалгарлаа

Х.Батсайхан
54 минутын өмнө

ДАШТ-ий хагас шигшээгийн сүүлийн хос Англи-Аргентины тоглолт өнгөрсөн шөнө болж, дэлхийн аваргууд 2:1-ээр хожлоо.

Тоглолтын эхний гоолыг 55 дахь минутад А.Гордон оруулж, англичууд тэргүүллийг авсан ч Лео Месси ба түүний нөхөд тоглолтын сүүлийн долоон минутад хоёр гоол /85 дахь минутад Фернандес, 90+3 минутад Мартинез/ оруулж, англичуудыг хүнд цохилтод оруулав. Хоёр гоолын дамжуулалтыг Лионель Месси өгч, багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэв.

Англичууд хэдий 30 минут 1:0-ээр тэргүүлж всан ч тоглолтын хувьд Аргентин хамаагүй илүү байсныг дурдах ёстой. Аргентины гоолын боломж (xG) 1.78, Английнх 0.54, Аргентин хаалга руу 15 удаа хаалга руу цохиж тав нь хаалгаа оносон, Англи хаалга руу таван удаа цохиж, хоёр нь хаалгаа оносон, Аргентин 6, Англи хоёр удаа булангийн цохилт гүйцэтгэсэн гээд гол, гол үзүүлэлтээр өмнөд америкчууд яах аргагүй илүү баг нь байсан. Гэхдээ энэ бүхэн тоглолтын хоёрдугаар үед өрнөсөн гэдгийг  гэдгийг энд заавал дурдах ёстой байх.

Тоглолтын эхний үед багууд хөлбөмбөг тоглосон гэхээсээ илүү хатуу ширүүн байдлаар нэгнээ шантраах гэсэн мэт л аашилцгааж байсан бөгөөд шүүгч харин зөөлөн шүүж, тоглолтыг 180 эргүүлээд хаячихаагүй.


Тоглолтын дөнгөж 3 дахь минутад Эллиотт Андерсон Л.Мессиг унагасан, зөрүүлээд Эллиоттыг түлхэж унагаснаас болж талбай дээр маргаан үүсэхэд шүүгч зүгээр өнгөрүүлсэн, 14 дэхь минутад Жордан Пикфорд Жулиано Симеонетой 16 дотор ширүүн тоглож унагасныг өнгөрөөсөн гээд шүүлт бол хоёр багийг тоглолтоос асуудлаа шийдэг гэсэн байдалтай байсан.


Тоглололтын эхний 30 минутад багууд энэ мэтээр зууралдан тэмцэлдэж, хаалга руу нэг ч цохиогүй нь 1966 оноос хойших анхны тохиолдол болов. 1966 оны ДАШТ-ий шөвгийн наймд Англи, Норвегитай тоглоход 29 дэхь минутад л нэгнийхээ хаалга руу цохиж байсан аж.

Эхний 30 минутад хоёр баг нийлээд 11 алдаа гаргасны зургааг Аргенти, тавыг нь англичууд гаргажээ.

Эхний 45 минутад гоолын боломж 0.8 хувьтай гэсэн үзүүлэлт гарсан нь хоёр багийн тоглолтын чанарыг харуулах байх.

Тоглолтын хоёрдугаар үед харин байдал өрчлөгдөж, 55 дахь минутад “Барса”-гийн шинэ цэрэг Энтони Гордон эхний гоолыг орууллаа.

https://zuv.mn/1gta

Тэнцээний гоолыг Фернандес, хожлын гоолыг Лаутаро Мартинез хийлээ. 


39-тэй Л.Месси гоол+дамжуулалт үзүүлэлтээр К.Мбаппегийн өмнө /8+4/ урд гарч, ДАШТ-ий аваргын төлөө гурван удаа шалгарсан амжилтаар домогт Пелетэй зэрэгцсэн бол Аргентин долоо дахь удаагаа финалдаж, Германы  /8 удаа финалдсан/ ард бичигдэж эхэллээ. 

ДАШТ-ий шигшээ+Финалиссима 

Аргентин финалд Испанитай тулахаар болж, ДАШТ-ий түүхэнд Өмнөд Америк болон Европын аварга цолыг хадгалагч багууд аваргын төлөө өрсөлдөхөөр болсон анхны тохиолдлыг буй болгож байна.

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо тус,тусынхаа тивийн аваргад түрүүлсэн багуудыг хооронд нь өрсөлдүүлдэг Артемио Франкигийн цом нэртэй тэмцээнийг 1985 оноос алдаг, оног зохион байгуулсан байдаг. Өмнөд Америкийн хөлбөмбөг илүү юу, Еюропын хөлбөмбөг илүү юу гэдэг асуултад хариу өгөх зорилготой ч гэх юм уу.     

1993 оноос хойш тасалдаад байсан энэ тэмцээнийг хоёр холбоо 2022 онд КОНМЕБОЛ, УЕФА-гийн цом нэрээр сэргээхэд Либертадоресын цомын аварга Аргентин Евро 2020 тэмцээний аварга Италитай тоглож 3:0-ээр хожсон байдаг. Хөлбөмбөг сонирхогчдын дунд “Финалиссима” гэдэг нэрээр танигдсан энэ халз тоглолт энэ жил Катарт Аргентин, Испанийн хооронд болох байсан ч Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал нөхцөл байдлын улмаас хойшилсон юм. Тэгвэл энэ хоёр баг аргагүй л шилдэг гэдгээ харуулан ДАШТ-ий шигшээд халз тулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, 19-нд болох ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт эчнээгээр Финалиссима болох давхар утгыг агуулахаар болов. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна