Микель Мериног гоолын тэнгэр дахин ивээж, Бельгийн хөлбөмбөгийн “Алтан үе”-ийг албан ёсоор дуусгалаа

Zuv.mn
51 минутын өмнө

-"Манчестер Юнайтед"-ын хаалгач Сенне Лаамменс уучилж болшгүй алдаа гаргаж багаа хөөдөв-

Унай Симон, Ламин Ямар тэргүүтэй Испанийн шигшээ өнгөрсөн шөнө болсон дунд шөвгийн тоглолтод Бельгийг 2:1-ээр хожиж, улс үндэстнээ баяр хөөрт умбууллаа.

Итгэмээргүй ч,  тивийнхээ аваргаар дөрвөнтөө тодорч, 2008-2012 онд хоёр Евро, нэг ДАШТ-д түрүүлэн ялагдашгүй гэгдэж асан Испанийн шигшээ хэсэг тэргүүлсэн дөрвөн багийг тойргоор тоглуулж аварга тодруулсан 1950 оныг эс тооцвол түүхэндээ ердөө хоёр дахь удаагаа ДАШТ-ий их шөвөгт үлдэж байгаа нь энэ. Тиймээс Испани даяар баяр хөөр болж байгааг уншигч авхай ойлгох биз ээ.  

Шөвгийн наймд үлдсэн багуудаас хамгийн сүүлд том амжилт гаргасан баг нь уг нь Испани. Тэд 2024 оны Европын АШТ-д түрүүлсэн. ДАШТ-д ч амжилтын буухиагаа үргэлжлүүлж, эхний таван тоглолтдоо нэг ч гоол алдаагүй гэсэн супер үзүүлэлттэй явж буй. Гэсэн ч түрүүлэх магадлалаараа Францын дараа орж байгаа нь довтолгоотой  нь холбоотой байсан юм. Гол хүн Ламин Ямаль нь гэхэд Саудын Арабын хаалганд нэг гоол оруулснаас өөр хувийн үзүүлэлтгүй ДАШТ-ийг үргэлжлүүлж буй.  

Тиймээс Унай Симон найдвартай байдлаа хадгалахаас гадна тэргүүн шугамынхан ажлаа хийж байж хожих ёстой байв. Бельгийн шигшээ хэдий “Алтан үе” гэгдсэн ид үеэ өнгөрөөсөн ч нэг удаа “амиа тавиад” ямар ч багийг хожих боломжтой хэвээр байгаа нь мэдээж. Тэр тусмаа “Шөвгийн наймд үлдсэн нь их юм” гэх утгатай мэдээлэл ихээр явж байгаа үед ийм боломж үүсдэг.

Тоглолт эхлээд Испаничууд эхний гоолыг хийхээр шуурган довтолгоог ар, араас нь угсруулж эхэлсэн. Шүүмжлэлд өртөөд буй Ламин Ямаль ялангуяа гойд идэвхитэй тоглож, эхний гоолын боломжийг үүсгэн, багтаа тэргүүллийг авчирсан. Дани Олмогийн цохилтыг Тибо Кургутай хаасан ч туршлагатай Фабиан Руис нэмснээр Испаничууд 30 дахь минутаас 1:0-ээр тэргүүлж эхэлсэн.

Зөрүүлээд Бельгиэс 11 минутын дараа т.Кастанийн дамжуулалтаар Де Кателаре гоолдож, тоолын харьцааг тэнцүүлсэн юм.

Үүнээс хойш испаничууд тасралтгүй довтолж, Бельги хамгаалсаар цаг дуусах нь уу гэж байх мөчид Тибо Куртуаг орлон талбайд гарсан хаалгач Сенне Лаамменсын уучилж болшгүй алдааг гоолын одтой Микель Мерино өршөөсөнгүй. Испани үндсэн цагт 2:1-ээр хожиж, ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа.  


Эндээс харахад, Тибо Куртуаг сэлгэсэн нь тоглолтын гол эргэлтийн цэг байжээ. 

 Испаничууд одоо 14-15-нд шилжих шөнийн 03.00 цагаас /Улаанбаатарын цагаар / Францын шигшээтэй тоглоно. 

Тоглолтын сонирхолтой баримтууд

-Испанийн шигшээгийн хаалгач Унай Симоны хаалгаа “хуурай” манасан цуврал 694 дэхь минут дээр зогсжээ. Сонирхолтой нь, тэрбээр энэ хугацаанд ердөө таван хаалт хийсэн байна.

-Испанийн шигшээ 36 тоглолт дараалан хожигдоогүй тоглож, өөрсдийн 2007-2009 онд тогтоосон 35 тоглолт дараалж хожигдоогүй дээд амжилтаа шинэчиллээ.    

-Эхэнд бичсэнчлэн, 1950 оны ДАШТ-ийг эс тооцвол Испани түүхэндээ хоёр дахь удаа, 2010 онд дэлхийн аварга болсноосоо хойш анх удаа их шөвөгт шалгарав. Тэд 2014 онд хэсгээсээ ч гараагүй бол 2018 онд шөвгийн 16-д ОХУ-д, 2022 онд Мороккод мөн шатанд торгуулийн цохилтоор дийлдэж байв.  

-Испанийн шигшээ Бельгид 12 тоглолт дараалан хожигдсонгүй. Сүүлийн зургаан тоглолтдоо 15 гоол оруулж, зөрүүлээд хоёрыг л алджээ.

-“Оддын цуглуулга”, “Бельгийн хөлбөмбөгийн алтан үе” гэгдэж байсан нэгэн үеийнхэний түүх энэ хүрээд төгслөө. Тэд энэ хооронд гурван ДАШТ-д оролцож, 2018 онд хүрэл медаль л хүртжээ. Дэлхийн чансааг багагүй хугацаанд тэргүүлсэн Бельги энэ ДАШТ-д 1998 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцож буй Норвегиос ч доогуур чансаатай орж ирсэн юм.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна