"Монголын циркчид дэлхийд гуравт орох чадвартай ч, шороон дээр майханд тоглож байна"

2020 оны 10 сарын 23

Хуучин циркт 300 циркчин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн мэдээллийг хүргэлээ. Монгол Улсад циркийн урлаг үүсэж, хөгжөөд 79 жил, Циркийн сургууль байгуулагдаад 80 жил болж байгаа. Нэгэн үе дэлхийг шуугиулж байсан Монголын циркийн барилгыг 13 жилийн өмнө хувьчилснаас хойш бүхэл бүтэн урлагийн төрөл бодлого алдагдаж, залгамж халаа нь бэлтгэл хийх байргүй, төгссөн жүжигчид нь цалингүй, өөрсдийгөө ажлын байраар хангаж, тус бүрдээ студи, продакшн болж хуваагдан оршин тогтнохоос өөр аргагүй болсон.

Монголын циркчид дэлхийд гуравт орох чадвартай ч, шороон дээр майханд тоглож байна

Манай улс циркээ хувьчлаад 13 жил өнгөрч байгаа. Сумогийн их аварга Д.Дагвадорж менежментийн хувьчлал хийхээр болж дампуурах дөхөөд байсан циркийг буцаан хөл дээр нь босгох даалгавартайгаар гэрээ байгуулсан. Гэвч циркийн үйл ажиллагаа явагдахаа больж, ан амьтад нь үгүйрч, жүжигчид нь майханд бэлтгэл хийх болсныг олон нийт шүүмжилж байгаа. Тэгвэл Соёлын яам дэлхийд чансаагаараа 3-т бичигдэж байгаа циркчдээ ядаж бэлтгэл хийлгэдэг болох талаар циркийн удирдлагуудтай зөвшилцөхөөр болсон юм.

Социализмын үеэс л дээгүүр байранд жагсаж ирсэн циркийн урлаг сүүлийн таван жилийн хугацаанд трукны гүйцэтгэл, акробат, уран нугаралтын төрлөөр дэлхийд үнэлэгдэж байсан. Гэвч одоо акробат, амьтны үзүүлбэрүүд байхгүй болсныг циркчид нүдэндээ нулимстай ярьж менежментийн хувьчлал хийснээс хойш циркийн урлаг хэрхэн нурж байгааг 80 жилийн ойгоороо хэлж байгаа юм. Тэгвэл дэлхийд эхний гуравт жагсах хэмжээний чадвартай Монголын циркчид шороон дээр майханд тоглож байгааг салбарын сайд онцлоод цаашид циркийн хэвийн үйл ажиллагааг хангуулах тал дээр анхаарна гэлээ.

                                                                                           ЦИРКЧИД ЦИРКИЙН УДИРДЛАГАТАЙ ЗӨВШИЛЦӨНӨ

2007 онд улсын циркийг их аварга Д.Дагвадорж 1.5 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан. Үүнээс хойш 13 жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж циркийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсны улмаас Монголын цирк мөхлийн ирмэгт ирлээ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа. Менежментийн хувьчлал хийгдсэн тул төр буцаан авах бүрэн боломжтой. Гэхдээ эхний ээлжинд хувьчлал хуулийн хүрээнд явагдсан эсэх, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үгүйг шалгаж тогтоох юм.

Циркийн сургууль онолын хичээлийг танхимд явуулдаг ч практикийн хичээл хийх зориулалтын заалгүй. Тусгай заал, сургуулилт хийх газаргүй тул Аса цирк дээр түрээсийн журмаар циркийн сургуулийн сурагчид бэлтгэл хийдэг байна.

Циркийн байрнаас гадна сургуулийн асуудалд онцгой анхаарахгүй бол 80 жилийн түүхтэй сургууль хоёр жилдээ ганц л удаа элсэлт авдаг болоод байна.

Энэ асуудлаар Циркийн тэнхимийн зөвлөх багш хүндэт профессор У.Энхбаяр

"Улсын Үндэсний АСА циркэд манеж байхад бид тэвчээртэй хүлээж байлаа. Одоо үнэхээр эгдүүцэл төрж байна. 2010 оноос Монголын циркчид нэг ч төгрөгийн цалин авч байгаагүй. Өөрсдөө сэтгэл зүрхээрээ ажиллаж, хувиараа нийгмийн даатгал төлдөг. Бид байр сав нэхдэггүй. Монголын циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд Соёлын яамнаас бодлого боловсруулах хэрэгтэй. Монголын циркчдэд додоотод зах зээл байхгүй, гадаад зах зээл л үнэлдэг. Жилийн хугацаанд 4,5-5 сая хүнд монголын циркчид уран бүтээлээ хүргэсэн” гэв.

Харин Аса циркийн найруулагч Ю. Гэрэлбаатар хэлэхдээ

“400 дээш хүүхдүүдээс бид сонгон шалгаруулж авдаг байсан гэтэл сая зуу гаран хүүхэд л ирлээ. covid-р олон жүжигчид ирсэн боловч ихэнх нь барилгачин, харуул, тогооч, зөөгч хийгээд явж байна. Шинэ соёлын яаманд хандсан соёлын сайд маань соёлын хулгайч нарыг хүйс тэмтэрнэ байх. Одоо бид 76 гишүүн, 3 өндөрлөгт өрх бичгээ барина. Хэлээд болчихгүй, үнэхээр их залхаж байна. Хундаамыг нь ухах хүртэл бид тэмцэнэ. Дараагийн тэмцлээр өлсгөлөн зарлана” гэв. 

Аса циркийн Уран нугараач, СТА Э. Азбилэг

“Би есөн настайгаасаа эхлээд цирктэй амьдралаа холбосон. Байр савны хүндрэл бэрхшээл, асуудлууд маш их байна. Би уран нугараачаас гадна агаар дээр үзүүлбэр үзүүлдэг хүн. Би үүнийгээ чаддаг, мэргэшсэн мөртлөө өнөөдрийн байдлаар бол хийж чаддаг үзүүлбэрээ хийж чадахгүй байна. Яагаад гэвэл надад байр сав алга, дээрээс нь агаар дээр дүүлэн нисэж байх орон зай байдаггүй. Тийм учраас циркчид бид нарт байр савны асуудал маш чухал байгаа. Циркийг гоё болгоно, засаж янзална, менежмэнт хийнэ гэж Аса аварга авсан учраас одоо хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй. Аса аврага яагаад мэдэгдэл хийж болдоггүй юм, байр савыг маань шийдэж өгөөч. Энэ циркэд чинь жүжигчид нь хэрэгтэй байна, орон зай барилга нэн хэрэгтэй байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Өнөөдөр Монголд агаарын үзүүлбэр байхгүй. Тэрийг бол яриад ч хэрэггүй” гэв. 

Н.Мөнхжин
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.