Хөршүүд Майамид гоолын бороо оруулж Англи хүрэл медалийн эзэд боллоо

Zuv.mn
4 цаг 54 минутын өмнө

“АНУ, КАНАД, МЕКСИК 2026” хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх Франц-Английн шигшээ багийн тоглолт дөнгөж сая өндөрлөж, Английн баг 6:4-өөр хожлоо.

Англи, Франц газар зүйн байршлын хувьд Ла Маншийн хоолойгоор л зааглагддаг ойрын хөрш. Харин хөлбөмбөгийн ногоон талбайд эвлэршгү өрсөлдөгчид. Хоёр баг түүхэндээ 32 удаа таарч тоглосноос Франц 10, Англи 17 удаа хожиж, таван удаа тэнцэж байв. Хамгийн сүүлд 2022 оны ДАШТ-ий шөвгийн наймд таарахад Франц 2:1-ээр хожин их шөвөгт үлдэж байжээ.  

Хоёр баг энэ удаад харилцан нээлттэй тоглож, ДАШТ-ий түүхэн дэхь хамгийн олон гоолтой тоглолтыг дэлхий нийтэд толилуулан хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийг баясгав.     

Англичууд ийнхүү 1966 онд дэлхийн аварга болсноосоо хойш түүхэндээ хоёр дахь медалиа хүртсэн бол Франц 2014 оноос хойш анх удаа медальгүй хоцров. Тэд 2018 онд түрүүлж, 2022 онд мөнгөн медаль авсан юм.

Герман дасгалжуулагч Томас Тухаель Английг сүүлийн 60 жилийн хамгийн том амжилтад нь хүргэлээ. Тэрбээр гаднын улсын шигшээ багийг дасгалжуулан ДАШТ-ий медаль хүргэсэн дөрөв дэхь хүн болон түүхэнд үлдэж байна.

 

ДАШТ. Хүрэл медалийн төлөө /Майами гарденс, “Хард рок” цэнгэлдэх/

Франц-Англи 4:6

Гоол: Райс 3 /0:1/, Конса 18 /0:2/, Сака 37 /0:3/, Сака 45+1 /0:4/, Мбаппе 48 /1:4/, Барколя 54 /2:4/, Мбаппе 66 /3:4/, Сака 87 /3:5/, Дембеле 90+6 /4:5/, Беллингем 90+8 /4:6/. 

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД  

● 10 гоол орсон нь ДАШТ-ий түүхэнд хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болжээ. 1954 оны ДАШТ-ий шөвгийн наймд Австри Швейцарийг 7:5-аар хожсон нь хамгийн олон гоол орсон тохиолдол юм.

● Англи хүрэл медаль хүртсэн нь сүүлийн 60 жилийн хамгийн том амжилт нь болж байна. Тэд 1966 онд дэлхийн аварга болсноосоо хойш 1990 онд шөвгийн дөрөвт үлдээд Италид 1:2, 2018 онд шөвгийн дөрөвт үлдээд Бельгид 0:2-оор тус, тус хожигдон хүрэл медалиас мултарч байжээ.

● Хоёр баг түүхэндээ 33 дахь удаагаа тааран тоглож, Англи 18 дахь хожлоо байгуулсан талаар дээр дурьдсан. Тэгвэл яг албан ёсны буюу тэмцээний тоглолтыг тооцвол Англи Францыг 1982 оноос хойш анх удаа, нийт ердөө хоёр дахь удаагаа хожиж байгаа нь энэ ажээ. Нөхөрсөг тоглолтыг тооцохгүйгээр, энэ тоглолтын үр дүнг оруулаад  хоёр баг 10 удаа учраа таарснаас Франц зургаа, Англи хоёр хожиж, хоёр удаа тэнцээд байна.  

ДАШТ-д гурван удаа  таарснаас Англи 1966 онд 2:0, 1982 онд 3:1-ээр хожиж, Франц 2022 онд шөвгийн наймд 2:1-ээр хожин хариугаа авчээ.

● ДАШТ-ий хүрэл медалийн тоглолтод эхний үеийг 4:0-ээр хожиж эхлүүлсэн хоёр дахь тохиолдол өнөөдөр гарлаа. Өмнө нь 1994 онд Швед Болгарыг эхний үедээ 4:0-дэж байжээ.

● Европын багууд 1982 оноос хойш ДАШТ-ий хүрэл медалийг алдсангүй. Өөр тивийн багуудаас Бразил хамгийн сүүлд 1978 онд хүрэл медаль авчээ.

● Англи сүүлийн долоон жил том тэмцээнүүдэд өндөр амжилттай тоглож байна. Гарет Саутгейтийн үед 2018 оны ДАШТ-д шөвгийн дөрөвт үлдэж, хоёр Европын аваргад финалдсан бол өнөөдөр Томас Тухелийн үед ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.   

● Франц 1968 оноос хойш анх удаа тоглолтын эхний үед хаалгандаа дөрвөн гоол алджээ. Тэр жил Югославын шигшээд ингэж дээрэлхүүлж эхэлж байсан аж. ДАШТ, Еврод бол энэ удаагийнх анхных ажээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна