Л.Энх-Амгалан: Өнчин охид үнэ цэнгүй юм байна гэдэг тэр муухай мэдрэмжийг та нар яаж өгч чадав аа

Т.Отгонсувд
48 минутын өмнө

Нэгэн подкаст, ярилцлагын үеэр олны танилуудын ярьсан “Өнчин охидын” талаарх яриа олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна. 

Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Аав хүний хувьд, ах хүний хувьд үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй юм байна. Хүлээж авах, авахгүй нь хамаагүй. Нийгмийн толинд бид өөрсдийгөө хэр удаан нухацтай харж чадаж байгаа вэ. Үнэнийг олж харахыг хүсвэл энэ толийг байнга арчиж байх хэрэгтэй. Үг хүчтэй. Нөлөө ихтэй. Үгнээс үйлдэл ч гардаг. Тэр тусмаа сошиал сүлжээнд олны танил гэгдэх хэсэгт хамгийн их хамаатай болсон. Хүнийг дутуугийн зовлонгоор нь дээрлхэх муухай. 

Би анх сайд болчихоод мартын 8, цэргийн баяраар "аавдаа захидал бичээрэй, ээждээ захидал бичээрэй” гэдэг уралдаанууд зарлахыг хориглоё гэж хэлснийг санаж байгаа байх. Бид Монгол хүний төрөлх араншин, төрөлх зан чанараа хайгаад олохоо больжээ. Яг орон гэрээ цэвэрлэдэггүй айл шиг. Үр хүүхэд нь гоё ганган хувцастай, харахад хүнээс дор орохооргүй явж байхыг хараад сэтгэл нь цаддаг болчихож. Гэтэл бидний сэтгэлийн боловсрол ширгээд жаахан шалбааг л үлдэж. Орчин цагт дэлхий нийт IQ биш EQ илүү хүүхдүүд амжилтад хүрч байгааг нотолсон.

 Олон улсад хүнд тусалдаг, энэрч хайрладаг, багаар ажиллаж чаддаг хүнийг ажилд түрүүлж авдаг болсон. Гэтэл бид байнга утсаа ухаж хов уншчихаад хоорондоо түгээнэ. Өөрийнхөөрөө дүгнэнэ. Бүр гэгээн сайхан хүн болж жүжиглэнэ. Гэтэл томчууд бид тэр хов хорных нь эх сурвалж өөрсдөө болчихоод байгаагаа ухаарах тэнхэл ч алга болжээ. “Өнчин охидыг олж ёс бусын кинонд тоглуулж мөнгө олно” гэж боддог болтлоо монгол залуус оюун санааны хувьд бохирдсон байна. 

Үнэндээ энэ их апп зохиогчид борооны дараах мөөг шиг болсон. Ямар ч хяналтгүй төлбөртэй кино аппууд, хэн дуртай нь нээдэг групп хаягууд эцэстээ юу дагуулах бол. Бодож үзсэн хүн байна уу. Бид үе тэнгийн дээрэлхэлт гээд өсвөр үеийнхэний хана хэрэм рүү нэвтрэх гээд чадахгүй байгаа. Үнэнээ л хэлье. Хэдэн багш нараа л хүүхдүүдийн араас яв барь гэхээс хэтрэхгүй байгаа. Эцэг эхчүүд, багш, хүүхэд гэсэн алтан гурвалжийнгийн харилцаа өнөөдөр байхгүй болсон. Комедигийн залуус та нар үе тэнгийн дээрэлхэлт гэдэг сэдвийг барьж аваад тэдний дотоод сэтгэл рүү нэвтэрч, дүү нараа аврах ёстой ах эгч нар нь байх ёстой байсан. Та нар тэгж чадсан бол жинхэнэ од болох байсан. Гэтэл байж байгаа царай, хэлж байгаа үг, үйлдлүүд чинь хэлэх үггүй болгов. Та нарыг хүүхдүүд харж, бахархаж, авьяастай ах эгч нар хэмээн итгэж үздэг. Өнчин охид үнэ цэнгүй юм байна гэдэг тэр муухай мэдрэмжийг та нар яаж өгч чадав аа. 

Багш хичээгээд эцэг эх, асран хамгаалагч хамтрахгүй бол үр дүнгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүлээлтэд багш хүрэхгүй, хичээхгүй бол бас л үр дүнгүй. Бидэнд туслах том хүч бол нийгмийн орчин, нийтийн соёл боловсрол юм. Сургуулийн орчинд сургалтын хөтөлбөр, агуулгаар мэдлэг ойлголт олгох хэдий ч энэ мэтээр үлгэр дуурайллыг хүүхэд залууст үзүүлсээр байвал ямар ч үр дүн гарахгүй. Сүүлд нь хэлэхэд энэ мэт контентуудыг хянадаг, хязгаарладаг, шүүдэг болчихоод үе тэнгийн дээрэлхэлтийн тухай илүү бодитой ярих ёстой юм байна. Надад ч бас бурханд одсон ах эгч нарын минь дөнгөж насанд хүрч яваа өнчин дүү нар байна. 

Болдогсон бол сураар нэг сайн ороолгох сон та нарыг” гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.227
    42 минутын өмнө

    Төрийн хүн байж нэг сайн ороолгох юмсан гэж маазраад өнгөрөөа биш зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч тэднийг олны нүдэнд харагдуулахгүй болгох хэрэгтэй

    Хариулах
  • 103.212.116.182
    30 минутын өмнө

    Хуцаа чиний олон жил бодлогыг нь тодорхойлох ёстой байсан яамны чинь ажлын үзүүлэлт. Цалинг нь цуслах болохоор цусалчаад одоо юундаа гайхсан хулгай ч вэ?

    Хариулах