П.Ганзориг: Импортын татварыг тэглэснээс хойш ОХУ-аас чанаргүй гурил их хэмжээгээр орж ирсэн байна

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 26 минут

УИХ-ын гишүүн П.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

                               Тойрогт мөнгө хуваарилахыг дэмжихгүй, мега төслүүдээ урагшлуулах хэрэгтэй 

-Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд тодорхой хэмжээний төсөв хуваарилуулж авах сонирхолтой, тэр сонирхлынхоо үүднээс төсвийг шүүмжилж байна гэсэн яриа байгаа. "Таван тэрбум" гэсэн тодорхой тоо ч сонсогдсон. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Тойргоос сонгогдсон гишүүдэд таван тэрбум төгрөг хуваарилах асуудал Төсвийн байнгын хороон дээр албан ёсоор яригдаагүй. Гэхдээ ийм мэдээлэл яваад байгаа. Үнэн бол зарчмын хувьд буруу. Би эсрэг байр суурьтай байна. 

Шалтгаан нь юу вэ гэхээр, нэгд, 2025 оны төсөв Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан, хөгжлийн томоохон бүтээн байгуулалтууд, мега төслүүдийг төсвийн болон гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээр урагшуулна гэдэг байдлаар орж ирсэн. 

Хоёрт, өнгөрсөн хугацаанд тойргууд дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа олон төсөл бий. Жил бүр баахан шинэ төслүүд санхүүжүүлээд л байдаг, аль нь ч дуусдаггүй. Сургууль, цэцэрлэг нь ашиглалтад орохгүй байхаар тухайн орон нутагтаа ч хохиролтой. Гүйцэтгэж байгаа ААН-дээ ч хүндрэл үүсгэдэг. Тэгэхээр энэ байдлыг цаашид гаргахгүйн тулд энэ жил үргэлжилж байгаа төслүүдээ бүрэн дуусгая гэдэг байдлаар орж ирсэн. Засгийн газраас баримталж байгаа энэ бодлого, зарчмын байр суурийг дэмжиж байгаа. 

Хэрвээ тойрогт хуваарилах 400-гаад тэрбум төгрөгийн орон зай байгаа бол тэр мөнгөөр төсвийнхөө алдагдлыг бууруулах хэрэгтэй. 

-Засгийн газар төсөв боловсруулахдаа дөрвөн жилээр төлөвлөсөн гэдгийг анхаараарай гэж Сангийн сайд Б.Жавхлан гишүүдэд анхааруулж байгаа. Өөрөөр хэлбэл, яригдаад байгаа шинэ сургууль, цэцэрлэгийг ирэх жилүүдэд илүү далайцтайгаар шийдэх төлөвлөгөө байгнаа юм байна гэж ойлгосон. Гишүүдэд энэ талаар тодорхой мэдээлэл өгсөн үү? 

-Шинэ Парламент бүрдээд долдугаар сараас хойш ажиллацгаалаа. Төсөв өргөн баригдах хооронд тойргийнхоо, бүс нутгийнхаа шаардлагатай хөрөнгө оруулалтуудын талаар саналаа оруулаад явах боломж байсан. Өөрөөр хэлбэл, нэгэнт боогдоод ороод ирсэн төсвийг задлах гэлгүй, наана нь асуудлаа шийдүүлэх боломж байсан гэсэн үг. Одоо төсөв нэгэнт өргөн баригдчихсан. Бүсчилсэн хөгжлийн бодлогоор зангидсан төсвийг УИХ нь задалж, тойргууд руу мөнгө хуваарилдаг жишиг тогтоож болохгүй. 

Импортын татвар тэглэснээс хойш гаднаас чанаргүй гурил орж ирсэн тохиолдол байгаа 

-УИХ өнгөрсөн хавар үр тариа, гурилын импортын татварыг тэглэсэн. Та энэ салбарыг судалж, импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар санал боловсруулах ажлын хэсэгт орсон байгаа. Санал боловсруулах ажлын явц ямар байна вэ?

-Гурилын үнийг зохистой түвшинд барих, ард иргэдэд хямд гурил хүргэх зорилгоор УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард үр, тариа, гурилын импортын татварыг тэглэсэн. Иргэдэд чанартай гурилыг зохистой үнээр хүргэх гэсэн зорилго нь зөв. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчид, ААН-үүдээ шууд хүнд байдалд оруулах нь зохимжтой биш, түр зуурын арга хэмжээ.

 Улс орны эдийн засгийг хувийн хэвшил нуруундаа үүрч байгаа. Хувийн хэвшлээ дэмжиж байж ажлын байр нэмэгдэнэ, төсөв бүрдэнэ, улс орон хөгжинө. Зөв бодлого барихгүй бол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилаараа гаднаас хараат болох эрсдэлтэй. Тиймээс импортын татварыг тэглэх биш, өөр аргуудаар зохицуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

 Ажлын хэсэг татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар санал боловсруулж байгаа. Яаралтай дуусгаад УИХ-д өргөн барих шаардлага бий. ААН-үүд ирэх жил хэдий хэмжээний талбайд, ямар, ямар ногоо, үр тариаг тариалах вэ гэдгээ шийдэх ёстой. Цаана нь гурилын үйлдвэрүүд бас бий. 

-Импортын татвар тэглэснээс хойш зарим гурилын үйлдвэр ОХУ-аас чанаргүй гурил оруулж ирж, Монголд тариалсан сайн чанарын улаанбуудайн гурилтай хольж зарах замаар өндөр ашиг хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Ажлын хэсгийн гишүүдэд ийм мэдээлэл очсон уу?

-Газар тариалангийн салбарынхан, гурил үйлдвэрлэгчид, худалдаа, иргэд гээд олон түвшний эх сурвалжтай уулзаж, мэдээлэл авч байгаа. Ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ газар тариалангийн бүс нутагт очиж ажилласан. 

Импортын татварыг тэглэснээс хойш ОХУ-аас хоёр өөр стандарттай нэлээд хэмжээний гурил орж ирсэн байна. Нэг нь ГОСТ гэдэг стандарт, нөгөө нь ТУ гэдэг стандарттай. ТУ стандарттай гурил нь хамгийн муу, чанаргүй гурил. Оросууд дотооддоо хэрэглэдэг, ихэвчлэн цэргийн ангиудад нийлүүлдэг гурил гэсэн мэдээлэл байна. 

Энэ гурил нэлээд хэмжээгээр орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор "Гаднын хямд, чанаргүй гурилыг дотоодын чанартай гурилын үнэтэй харьцуулж болохгүй" гэсэн санал шүүмж хэлэх мэргэжлийн байгууллага, эрдэмтэд байна. Энэ бас анхаарах ёстой асуудал. Бид хямд болгож байна гээд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ чанаргүй болгож болохгүй. Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал. 

-Ирэх жил Атрын ээлжит аян эхлүүлэх гэж байгаа. Энэ ажил гурилын импортын татварыг тэглэх шийдвэртэй яаж уялдах юм бол? 

-Манай улс хүнсний аюулгүй байдлаа хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэхээр томоохон хөтөлбөрүүдийг зарлаад хэрэгжүүлж байна. Гурилын импортын гаалийн татварыг тэглэсэн шийдвэр энэ зорилттой бодлогын хувьд зөрчилдөж байгаа. Тэгэхээр, УИХ, Засгийн газрын түвшинд гарч байгаа шүийдвэрүүдийг улс орны хэмжээнд хэрэгжиж байгаа энэ томоохон төсөл, хөтөлбөрүүдийн зорилттой уялдуулах шаардлагатай. Гишүүдийн байр суурь бас ижилхэн байгаа байх. Хүнс, эрчим хүч гэх мэт стратегийн амин чухал салбаруудаа гаднаас хараат байлгаж болохгүй.   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.96
    2024/11/27

    Чанартай орос гурилнаас буудай үнэртдэг

    Хариулах
  • 139.5.218.127
    Өчигдөр

    Дотоодын тэнгэрт гарсан гурилыг авч идэж чадахгүйгээс хойш орос гурил л идэж байна даа. Арай л хор холиогүй байлгүй.

    Хариулах
  • 66.181.183.140
    Өчигдөр

    Үндэсний Аулгүй бдхл гэж энэ шүүдээ! Энэ их өвчин чинь Гжрилаас л өолж өгаа шүүдээ! Дээрээс нь Ооосоос удсан, хортой хаях гэж бгаа гурилыг авчрахд зарж хэдэн тагрөг олж бгаа тэр хүнэнцэр Карма г хахуулдчихна гэж бодож бна уу? Нөгөө Хуурандаа Үрнлсү сохор дүлий болсон уу? Энэ улсад эзэн бна уу?

    Хариулах
  • 66.181.161.159
    Өчигдөр

    Ямар гурил орж ирэх ямар хамаа бна хүмүүсийн сонголт шүү сайн гээд дан үнэтэй гурил авч идэх хүн хэр олон бэ оросоос гурил орж ирэх нь зөв тэгэхгүй бол дотоодын гурил тэнгэрт гарна

    Хариулах