Б.Ган-Очир: Монголын төр шийдвэр гаргаж мэддэггүй

С.Гандэлгэр
1 цаг 7 минутын өмнө

 ТӨРИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭН ГАРГАХ ЁСТОЙ ВЭ…

Манай Монголын төр шийдвэр гаргаж мэддэггүй. Учир нь бид улсаараа ардчилсан орны шийдвэр яаж гардагыг мэддэггүй. 

Эрх баригчид нь мэргэжлийн хүмүүс шийдсэн, иргэд ойлгохгүй гэж томорно. Сөрөг хүчин ард түмэн дургүй, эсэргүүцэж байхад төр хүчээр шийдэж байна гэж гомдолно. 

Хөшөө дурсгал нүүлгэх, шатахуун тог тасрах, төсөв батлах, татвар тогтоох, уул уурхайн төсөл эхлүүлэх, зам барих, газар чөлөөлөх, хотын бүсчлэл өөрчлөх гээд бүх зүйлд гарна.

Тэгвэл төрийн шийдвэрийг үнэхээр хэн гаргах ёстой вэ. Мэдлэгтэй мэргэжилтнүүд, сонгогдсон улс төрчид үү, эсвэл ард түмэн үү. Энэ асуултын хариулт энгийн биш.

Төрийн сайн шийдвэр нэгдүгээрт, зөв байх ёстой хоёрдугаарт,  хууль ёсны бөгөөд иргэдэд хүлээн зөвшөөрөхүйц байх ёстой. Зөв шийдвэр гээд иргэдээ үл тоовол дарангуйлал болж, олонд таалагдана гээд мэргэжилийн бус шийдвэр улс орныг сүйрэлд хүргэнэ.

Тиймээс асуудал мэргэжилтэн чухал ард түмэн чухал гэсэн сонголт биш. Харин МЭДЛЭГ ба АРДЧИЛЛАЛ хэрхэн нэгдэх вэ гэдэг асуудал юм.

ТӨР САЙН ҮР ДҮН ГАРГАХ ҮҮРЭГТЭЙ…

Иргэд бид төрийг зөвхөн өөрсдийн үгийг сонсохын тулд байгуулдаггүй. Монголын төр бодит асуудлыг шийдэх учиртай.

Шатахуун тасалдахгүй, цахилгаан тасрахгүй, төсөв алдагдалд орохгүй, эмнэлэг, сургууль саадгүй ажиллаж, замын хөдөлгөөн зохион байгуулалттай, усны эх үүсвэр хамгаалагдах ёстой.

Эдгээр асуудал зөвхөн сайн санаагаар шийдэгдэхгүй. Инженерийн тооцоо, эдийн засгийн шинжилгээ, хууль, статистик, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн туршлага хэрэгтэй.

Гүүр даахыг санал асуулгаар шийдэж, эм ямар тунгаар хэрэглэхийг олонхоор тогтоож, төсөв хэр хэмжээний өр даахыг уриа лоозонгоор тодорхойлж болохгүй. 

Тиймээс төр ард түмэн хүсэж байна гэсэн шалтгаанаар мэргэжлийн бодит баримтыг үл тоож болохгүй. Олон нийт хүссэн ч боломжгүй зүйл байдаг, эсэргүүцсэн ч зайлшгүй хийх зүйл байдаг.

Гэхдээ үүнээс мэргэжилтэн бүхнийг дангаараа шийднэ гэсэн үг биш.

МЭРГЭЖИЛТЭН ЗӨВХӨН ЯАЖ ГЭДЭГТ ХАРИУЛНА…

Хаашаа дайрахыг Чингис хаан шийднэ, яаж дайтахыг Сүбээтэй мэднэ гэдэг ард түмний болон мэргэжилтэний харилцааг харуулсан хамгийн гайхалтай үг ажээ.

Сүбээтэй баатар бол мэргэжилтэн юм. Ямар арга илүү үр дүнтэй, ямар шийдвэр бага зардалтай, ямар эрсдэл дагуулж болохыг тооцож чадна.

Гэхдээ төрийн бодлого зөвхөн тооцооны асуудал биш. Жишээлбэл, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын тулд хотын төв рүү автомашинтай ороход төлбөр ав гэж мэргэжилтэн тооцож болно.  

Гэтэл амьдрар дээр асуултууд ар араасаа урган гарч ирнэ. Захын хорооллоос хол зам туулж ажилдаа ирдэг хүн энэ төлбөрийг төлж чадах уу, баян болон ядуу хоёр хүн ижил төлбөр төлөх үү, нийтийн тээврээ эхлээд сайжруулалгүйгээр хүмүүсийн автомашины хэрэглээг хязгаарлах уу.

Эдгээрийг зөвхөн эдийн засгийн тооцоогоор шийдэх боломжгүй. Тиймээс уг шийдвэрийг ард түмэн буюу Чингис хаан гаргана.  Ард түмэн л хэний эрх ашгийг түрүүлж хамгаалах, хэн зардлыг нь үүрэх, ямар шийдвэрийг шударга гэж үзэх тухай асуудалыг ярьж эхлэх ёстой.

Хэрэв ард түмэн зорилгоо буруу сонгосон бол чадварлаг мэргэжилтэн биднийг маш хурдан буруу газар хүргэж өгнө. Мөн зөв зорилго тавилаа ч мэргэжлийн хүнгүй бол түүндээ хэзээ ч хүрэхгүй. 

Тиймээс сайн төрд ард түмний сонгосон зорилго, мэргэжилтний боловсруулсан арга зам хоёр хоёулаа хэрэгтэй.

ТӨР ХҮНИЙ САЙН АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ…

Улс төр, эрх зүйн философич Жозеф Раз төрийн эрх мэдлийг зөвхөн олонхийн хүсэлтэй адилтгаж болохгүй гэж үзсэн. 

Өөрөөр хэлбэл төр заримдаа хүмүүсийн хүсэлд нийцээгүй ч урт хугацаанд сайн сайхныг хамгаалсан шийдвэр гаргаж болно.

Тухайлбал, согтуугаар жолоо барихыг хориглох, барилгын аюулгүй байдлын стандарт мөрдүүлэх, халдварт өвчний үед тодорхой хязгаарлалт тогтоох, байгалийн нөөцийг ашиглахад хязгаар тавих нь зарим хүний шууд эрх чөлөөг багасгаж болно.

Гэхдээ энэ бүхэн бусдын амь нас, аюулгүй байдал, ирээдүйн боломжийг хамгаалж байгаа бол үндэслэлтэй байж болно. Үндэслэл нь баримт, шалтгаан, үр дүнд тулгуурлана.

Гэхдээ энэ манай Монголд эрсдэлтэй. Манай төр өөрийгөө би та нараас илүү гэж үздэг коммунист угшилтай, иргэдтэйгээ хүүхэд мэт харьцдаг. Тэгээд үргэлж сайн үр дүнгийн нэрээр тайлбаргүй, хяналтгүй, хаалттай шийдвэр гаргадаг. Иймээс үр дүнтэй шийдвэр дангаараа хангалтгүй.

АРДЧИЛАЛ БОЛ ЗӨВХӨН ШИЙДВЭР БИШ..

Заримдаа иргэд буруу сонголт хийж, олон нийт худал мэдээлэлд итгэж, богино хугацааны ашиг сонирхлыг урт хугацааны ирээдүйгээс илүүд үзэж болно. Гэсэн ч хүн өөрийн амьдралд нөлөөлөх шийдвэрт дуу хоолойтой байх ёстой.

Учир нь Монголын иргэд төрийн бодлогын объект биш төрийн жинхэнэ эзэн.

Төр иргэдийг татвар төлөгч, үйлчилгээ авагч гэж харах эрхгүй. Ард түмэн бол төрийн эрх мэдлийн эх сурвалж.

Тиймээс бид зөвхөн шийдвэрийн чанарт шийдвэр хэрхэн гарсан процессийг чухалчлах хэрэгтэй. 

Төр тухайн процессийн үйлчлэгч  болж иргэд мэдээлэл авсан уу, өөрсдийн байр суурийг илэрхийлэх боломжтой байна уу, эсрэг санал хэлсэн үү, шийдвэр гаргаж буй төр үндэслэлээ тайлбарласан уу, хэн ашиг хүртэж хэн зардал үүрэх нь ил тод байна уу, иргэдэд шийдвэрийг засах, шүүмжлэх, хариуцлага нэхэх боломж байсан уу гэдэг асуултуудыг авах нөхцөлийг үргэлж хангах хэрэгтэй. 

ХУУЛЬ ИРГЭДИЙН ӨӨРСДИЙНХ НЬ ХҮСЭЛ БАЙХ ЁСТОЙ…

Жан Жак Руссогийн хэлсэнээр хүн өөрийн оролцоогүйгээр бусдын гаргасан хуульд захирагдаж байвал жинхэнэ эрх чөлөөтэй биш гэж үнэн хэлжээ. Иргэд бид хуулийг зөвхөн гаднаас тулгасан тушаал гэж бус, өөрийн оролцсон нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж мэдрэх ёстой юм.

Төр нэг хорооны айлуудын газрыг чөлөөлөх гэж байгаа бол зөвхөн инженерийн зураг хангалтгүй. Тэнд амьдарч буй хүмүүсийн амьдрал, дурсамж, сургууль, ажил, хөршийн холбоо, ирээдүйн төлөвлөгөөг нь сонсохгүйгээр зүгээр л хотын хөгжил гээд шийдвэр техникийн хувьд зөв байсан ч ёс суртахууны хувьд доголдолтой байж болно.

Гэхдээ манайд гардаг завхрал бол иргэдийн санаачлага, ард түмний хүсэл гэх нэрийг улс төрчид өөрийн ашиг сонирхолтой уяж нийтийн эрхийн өмнөөс хувийн улс төр, хулгай, шантаажыг хийдэг. Мөн олонхын санал цөөнхийн эрхийг зөрчиж зөвтгөгдөж болохгүй.

ХЭН ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ АСУУ…

Монголд ардчилсан хэлэлцүүлэг явууллаа гэж зарлах амархан. Одоо манай парламент үр дүн муутай сонсгол гэгчийг маш их хийж байна. Гэтэл бодитоогоор хэн хэн оролцож чадаж байнаа.

Ирис Марион Янгийн хэлсэнээр ардчилалд зөвхөн хаалга нээлттэй байх хангалтгүй гэдэг. Үнэхээр хүмүүсийн нийгмийн байр суурь, цаг хугацаа, боловсрол, хэл яриа, мөнгө, айдас, эрх мэдлийн ялгаа нь төрийн бүх түвшиний шийдвэрт оролцоход нөлөөлдөг.

Аливаа сонсгол ажлын цагаар, эсвэл хаалттай өрөөнд болвол орлогоороо амьдардаг хүн очиж чадахгүй. Бодлогын баримт бичиг зөвхөн мэргэжлийн хүнд ойлгогдох хэлээр бичигдвэл энгийн иргэн санал хэлж чадахгүй. Төрийн албан хаагчдаас айдаг хүн танхимд босож шүүмжлэхгүй. Улмаар эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, алслагдсан хорооны оршин суугч, үндэстний цөөнхийн дуу хоолой сонсогдохгүй байж болно.

Энэ үед хамгийн чанга ярьсан хүн ард түмний нэрийн өмнөөс хашигчиж эхлэнэ. Тиймээс жинхэнэ оролцоо гэдэг санал авах хайрцаг тавихыг хэлдэггүй, чанга дуутай нь сошилд орилохыг хэлэхгүй, харин хамгийн сул дуу хоолойтой хүмүүсийг сонсох нөхцөл бүрдүүлэхийг хэлнэ.

 
МЭДЛЭГГҮЙ ОЛОН НИЙТ VS АМЬДРАЛГҮЙ МЭРГЭЖИЛТЭН…

Мэргэжилтнүүд иргэдийг заримдаа асуудлыг ойлгодоггүй гэж голоход иргэд мэргэжилтнүүдийг амьдралаас тасарсан гэж шүүмжилдэг. Аль аль нь заримдаа зөв.

Гэхдээ иргэд техникийн нарийн мэдлэггүй ч өөрийн амьдралын дутуу хүтүүг бодлого боловсруулагчаас илүү мэднэ. Иргэд хот төлөвлөж, автобусны маршрутыг зурж чадахгүй гэхдээ өглөө бүр гурван автобус дамжиж ажилдаа явдаг зовлонг мэднэ.

Иргэд татварын хувь хэмжээг тооцож чадахгүй гэхдээ ажиллуулдаг жижиг дэлгүүрийнхээ татварын тайлан, мөнгөний хомсдолыг андахгүй. 

Иргэд эрүүл мэндийн тогтолцооны стандартыг мэдэхгүй гэхдээ өвдөөд эмнэлгийн коридорт хэдэн цаг хүлээхийг мэднэ. Ээж, эмээ боловсролын хөтөлбөрийг мэдэхгүй гэхдээ хөтөлбөр амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг мэднэ.

Тиймээс мэргэжлийн мэдлэг ч чухал, амьдралын туршлага ч чухал. Сайн бодлого гэдэг энэ хоёрыг зууралдуулдаг.

МОНГОЛ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН ШИЙДВЭР…

Монголд авлигал хулгайтай холбоотой бүх шийдвэрээ мэрэгжлийн шийдвэр, мэргэжлийн шийдвэрийг битгий улс төржүүл гэдэг. Ийм шийдвэр өөрөө бодлогын шийдвэр болж чаддаггүй.

Авлигалжсан улс төрийн шийдвэр заавал хохирол гаргана. Төсвөөс нэг салбарт илүү мөнгө өгөхөд өөр салбарт бага мөнгө үлдэнэ. Хотын нэг хэсэгт зам тавихад өөр хэсгийн хөрөнгө оруулалт хойшилно. Татвар нэмэхэд улсын орлого өсөх ч өрхийн амьдралд дарамт ирнэ.

Эдгээр нь зөвхөн техникийн тооцоо биш нийгмийн нөөцийг хэнд, ямар зорилгоор, ямар дарааллаар хуваарилах тухай улс төрийн сонголт юм.

Гэтэл Монголд улс төрийн шийдвэрээр шууд авлигалын хулгай хийхээр мэргэжлийн гэдэг үг хариуцлагаас зугтах халхавч байж болохгүй.

Мэргэжилтэн зөвхөн зөвлөмж өгнө харин сонгогдсон төр ард түмэнд хэний ашиг сонирхлыг хамгаалснаа, ямар зардлыг зөвшөөрснөө, яагаад өөр хувилбарыг сонгоогүй үнэт зүйлээ хамгаалж шийдвэр гаргасанаа тайлбарлах үүрэгтэй.

ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА БҮХНИЙГ ШИЙДЭХ ҮҮ…

Хэлбэр талаасаа шууд ардчилал сонирхол татах нь аргагүй. Улсын хэмжээний том асуудал бүрийг ард түмнээс асуух нь хамгийн шударга харагдана. Гэхдээ бүхнийг санал асуулгаар шийдэх боломжгүй. Учир нь иргэд олон зуун нарийн бодлогыг судлах цаггүй зарим асуудал маш техникийн шинжтэй, зарим шийдвэр яаралтай гаргах шаардлагатай, зарим нь цөөнхийн эрхийг зөрчинө.

Бид олонх, олонхи гээд олонх нь тодорхой бүлгийн эрхийг хязгаарлахыг хүсвэл тэр нь ардчилсан шийдвэр биш.

Ардчилал бол олонхийн засаглал мөн ч зөвхөн олонхийн засаглал биш. Үндсэн эрх, хуулийн хамгаалалт, бие даасан шүүх, эрх мэдлийн хяналт, цөөнхийн аюулгүй байдал бүгд ардчиллын хэсэг.

Олонхи төрийг сонгоно гэдэг нь бусдын хүн байх эрхийг хүчингүй болгох эрхтэй гэсэн үг биш.

ТӨР ЗӨВХӨН СОНСОХ БУС САЙН ЗАСАГЛАХ ҮҮРЭГТЭЙ…

Улс төрийн философич Жозеф Чан ардчиллын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ төрийн чадвар, сайн засаглал, нийтийн сайн сайхныг орхиж болохгүй гэж үздэг.

Үнэхээр сонгогдсон гээд чадваргүй төр зөвтгөгдөж болохгүй, олон нийтэд таалагдсан гээд хариуцлагагүй бодлого зөв болохгүй. Төр иргэдийн хүсэлтийг сонсохын зэрэгцээ урт хугацааны үр дагаврыг тооцох, мэргэжлийн төрийн албыг хамгаалах, авлигаас ангид байх, бодлогын залгамж чанарыг хадгалах, ирээдүй үеийн эрх ашгийг бодох ёстой.

Өнөөдрийн Монголчууд байгалийн бүх баялгыг ашиглаад дуусгахыг хүссэн ч төд ирээдүйн үеийн эрх ашигийг хамгаалж өв үлдээх үүрэгтэй. Энэ утгаараа сайн төр зөвхөн өнөөдрийн дуу чимээг дагах ёсгүй. Дуу хоолойгүй хүмүүсийн өмнөөс ч хариуцлага хүлээх ёстой.

ПОПУЛИЗМ ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ…

Популист улс төрчидийн хамгийн хөнөөлтэй үр дагавар нь төвөгтэй асуултуудад энгийн хариулт өгдөг. Үнэ өссөн бол хүчээр бууруул, татварыг бүрэн зогсоо, бүх мөнгийг иргэдэд тараа, гадаадынхныг хөөвөл асуудал шийдэгдэнэ, авлигачдын шоронд хорьчихвол улс цэвэршинэ гэж тунхаглана. Мэдээж ийм хариулт сонсоход таатай.

Монголчууд хот, суурийн иргэншилд амьдраад удаагүй учир популист үгс асуудлыг хялбар тодорхойлж, буруутанг зааж, шийдэл шууд санал болгож буйд таатай ханддаг.

Гэвч төрийн бодит асуудал хоорондоо нарийн уялдаатай. Цахилгааны үнийг зохиомлоор баривал өр хуримтлагдаж, хөрөнгө оруулалт зогсож, хожим илүү том хямрал үүснэ. Татварыг багасгавал иргэд баярлах ч сургууль, эмнэлгийн санхүүжилт буурна, бэлэн мөнгө тараавал богино хугацаанд хэрэглээ өсөх ч инфляц нэмэгдэнэ.

Популизмын гол аюул нь ард түмнийг сонсдогт биш тэдний зовлонг ашиглан боломжгүй амлалт өгдөгт оршино. Иргэдийг хүндэтгэнэ гэдэг сонсохыг хүссэн бүхнийг нь хэлэх биш хэцүү үнэнийг ойлгомжтой, шударгаар тайлбарлахыг хэлнэ.

ТЕХНОКТАР ЗАСАГЛАЛ ЯАГААД АЮУЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАДАГ ВЭ…

Популизмыг хэт буруушаавал технократ засаглал хүчээ авдаг. Энэ үед шийдвэрийг мэргэжилтнүүд, эдийн засагчид, хуульчид, инженерүүд гаргаж эхлэнэ. Тэд олон нийтэд таалагдах эсэхийг хоёрдугаарт тавьж богино хугацаанд үр ашиг гаргадаг.

Гэхдээ ямарч сайн мэргэжилтэн нийгмийн бүх давхаргын амьдралыг өөрсдийн биеэр мэдэх боломжгүй. Мэдлэг гэдэг төгс биш бөгөөд инхэнхдээ харахад шийдвэр техникийн хувьд зөв ч үр дүн нь хэний эрх ашгийг чухалчилснаасаа хамаарч өөр байдаг. Учир нь технократ засаглалын аюул нь хүмүүсийг хүснэгтийн мөр, статистикийн нэгж болгон харж бодлогын цаана нэр, гэр бүл, дурсамж, айдас, мөрөөдөлтэй бодит хүмүүс байдгыг мартдаг сул талтай.

ЗӨВ ШИЙДВЭРИЙГ ЯАЖ ГАРГАХ ВЭ…

Монголын төр мэргэжлийн мэдлэг ба ардчилсан оролцоог нэгтгэхийн тулд дор хаяж таван зарчим баримтлах ёстой.

Нэгдүгээрт, баримтаа нээлттэй ил болгох хэрэгтэй. Төр ямар мэдээлэл, тооцоо, судалгаанд тулгуурласнаа заавал нийтэд харуулах ёстой. Мэргэжилтнүүд ингэж үзсэн хэмээх бүдэг тайлбар биш хэн судалсан, ямар хувилбарууд байсан, ямар эрсдэл тооцсон нь ил тод, ойлгомжтой тайлбар.

Хоёрдугаат, үнэт зүйлийн сонголтоо нууж болохгүй. Аливаа бодлого хэн нэгнийг түрүүлж хамгаалдаг. Тиймээс төр яагаад энэ бүлгийн хэрэгцээг нэн тэргүүнд тавьсан бэ гэдгээ тайлбарлах ёстой.

Гуравдугаарт, нөлөөлөлд өртөх хүмүүсийг эхнээс нь оролцуул. Энэ нь шийдвэр гаргасныхаа дараа танилцуулах нь оролцоо эсэргээрээ эхнээс нь асуудлаа тодорхойлох, хувилбар боловсруулах, эрсдэлийг үнэлэх үеэс нь иргэдийг оролцуулах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, цөөнхийн эрхийг хамгаалах ёстой. Олонхийн ямарч шийдвэрийг автоматаар зөвтгөж цөөнхийн үндсэн эрхийг санал хураалтаар устгаж болохгүй.

Тавдугаарт, шийдвэрээ засах боломж үлдээж гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Сайн төр гэдэг алддагүй төр биш эсэргээрээ алдаагаа хүлээн зөвшөөрч өөрчилдөг байхыг хэлнэ.

МОНГОЛЫН ТӨР ИРГЭДТЭЙГЭЭ ХЭРХЭН ЯРИХ ЁСТОЙ ВЭ…

Манай төрийн хамгийн том сул талын нэг нь шийдвэрээ тайлбарлаж чаддаггүй явдал. Шийдвэр гаргаад хууль ийм, дээрээс чиглэл өгсөн, мэргэжлийн байгууллага шийдсэн, ард түмний төлөө хийж байна гэх устгагүй тайлбартай.

Эсэргээрээ төр иргэддээ тулгарсан асуудал, хувилбарууд, ямар асуудал тулгарсан, ямар хувилбарууд байсан, тус бүр ямар давуу болон сул талтай, яагаад энэ хувилбарыг сонгосон, хэн зардал үүрэх, хохирлыг хэрхэн бууруулах, үр дүнг хэзээ, хэрхэн хэмжих гэдгийг энгийн хэлээр тайлбарлах ёстой. Тайлбарлах нь төрийн сайн дурын ажил биш үүрэг юм.

ИРГЭНИЙ ҮҮРЭГ ЮУ ВЭ…

Ардчилсан шийдвэрт зөвхөн төр үүрэгтэй биш, иргэд мөн хариуцлагатай оролцох ёстой. Өөрт таалагдсан мэдээллийг л үнэн гэж хүлээж авч болохгүй. Бүх хүнд үнэ төлбөргүй зүйл амласан хүнийг шууд дэмжиж болохгүй, өөрт ашиггүй шийдвэр бүрийг урвалт гэж нэрлэж болохгүй, Төрөөс ил тод байдал шаардахын зэрэгцээ баримттай танилцах хэрэгтэй. Эрхээ хамгаалахын зэрэгцээ бусдын эрхийг хүндэтгэх ёстой.

Ардчилал бол иргэд юу хүссэнээ төрөөр хийлгэх тогтолцоо биш. Бидний хүсэл хоорондоо зөрчилдөх үед нийтлэг шийдвэрт хэрхэн хүрэхийг зохион байгуулсан тогтолцоо юм.

ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭН ГАРГАХ ВЭ…

Ардчилсан нийгэмд эцсийн шийдвэрийг ард түмнээс эрх авсан байгууллага гаргана. Гэхдээ шийдвэр нь хуульд нийцсэн, баримтад тулгуурласан, үндэслэлтэй, ил тод, оролцоог хангасан, цөөнхийн эрхийг хамгаалсан, хянуулж, засаж болохуйц байх ёстой.

Мэргэжилтэн үнэнийг өмчилж болохгүй, олонхи шударга ёсыг өмчилж болохгүй, улс төрч ард түмний нэрийг өмчилж болохгүй. Сайн шийдвэр эдгээрийн хоорондын хяналт, маргаан, хамтын ажиллагаанаас төрнө.

МОНГОЛД ЮУ БОЛДОГ ВЭ…

Монголын мэргэжлийн мэдлэг, төрийн чадвар хоёр асар сул байна. Баримтгүй амлалт, сонгуулийн богино хугацааны шийдвэр, албан тушаалын томилгоо төрийн чадавхыг бүрэн сулруулжээ.

Монголын асуудал ард түмэн хэтэрхий их оролцсонд биш харин оролцоог сонгуулийн санал, жагсаал, сошиал уур хилэнгээр хязгаарласанд байна. Мөн мэргэжилтэн хэт их эрхтэй болсонд биш харин жинхэнэ мэргэжилтний дуу хоолой улс төрийн захиалга, намын томилгооны доор дарагдсанд байна.

Тиймээс Монголд хэрэгтэй зүйл бол иргэдгүй мэргэжлийн төр биш мэдлэггүй олонхийн засаглал ч биш харин баримтад тулгуурлаж, иргэддээ тайлагнадаг чадвартай ардчилсан төр юм.

Төр нь ардчилсан байх ёстой. Гэхдээ ардчилсан байна гэдэг баримтыг үл тооно гэсэн үг биш.

Монголын хөгжлийн зөв зам бол энэ хоёрын аль нэгийг сонгоход бус, мэдлэгийг ардчилалтай, эрх мэдлийг хариуцлагатай, шийдвэрийг тайлбартай болгоход оршино.

Хууль зүйн ухааны доктор,
Нийслэлийн Ардчилсан намын дарга,
Буянаагийн Ган-Очир
2026.08.01



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна