Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-оос жил бүр зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн хурал болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ийн Ази, Номхон далайн бүсийн агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчдийн хорооны VI хурал (AAC/6) 2026 оны 7 дугаар сарын 6–9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Данан хотноо болж Ази, Номхон далайн бүсийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд, иргэний нисэхийн байгууллагууд болон салбарын түншүүд бүс нутгийн хамтын ажиллагаа, агаарын навигацийн үйлчилгээний шинэчлэл, тогтвортой хөгжил, бизнесийн тасралтгүй ажиллагаа зэрэг тэргүүлэх чиглэлээр санал солилцов.
“ИНҮТ” ТӨХХК нь салбар хуралдаануудаар Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв болон нөөц төлөвлөгөөний талаар ажлын баримт бичгийг танилцуулж, гишүүн байгууллагуудтай санал солилцон, өөрийн туршлагаас хуваалцлаа.
Мөн “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг CANSO-ийн Ази, Номхон далайн бүсийн гүйцэтгэх удирдлагуудын APC3 уулзалтад оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, ICAO-ийн Minimum Implementation Path (MIP)-ийн хэрэгжилт болон ирэх жилийн бүсийн арга хэмжээний зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэв.
Хурлын үеэр Монгол Улс 2027 оны 7 дугаар сарын сүүлээр CANSO Ази, Номхон далайн бүсийн ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг албан ёсоор хүлээн авсан бөгөөд арга хэмжээний хүрээнд Монгол Улсад гишүүн орнуудын болоод Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA), Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл (IFATCA) зэрэг олон улсын байгууллагуудын 600 гаруй төлөөлөгчид оролцох юм.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах CANSO Ази, Номхон далайн бүсийн хурал нь бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ, Монгол Улсаас хэрэгжүүлж буй агаарын навигацийн шинэчлэлийн бодлого, томоохон төслүүдийг олон улсын түвшинд танилцуулах, салбарын тэргүүлэх байгууллагуудтай туршлага солилцох, шинэ технологи, шилдэг туршлагыг нутагшуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол Улсын бие даасан агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын хувьд Иргэний нисэхийн үндэсний төвийн үйл ажиллагаа, хөгжлийн зорилт, хэрэгжүүлж буй шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлуудыг олон улсын тавцанд танилцуулж, бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна