Монгол Улсын үндэсний номын сан гурван сая гаруй номтой гэдэг. Тэднээс хамгийн эртний монгол ном хэдий үеийнх байдаг юм бол. Манай нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “1659 оны дармал Алтангэрэл бол Монгол Улсын номын санд байгаа хэвлэгдсэн номын нэлээд хуучин дурсгал мөн биз ээ” хэмээн “Монголын уран зохиолын тойм I” номдоо /118-р талд/ бичсэн байдаг. Саяхан болтол манай номын санд түүнээс эрт үед хамаарах монгол ном судар байгаа эсэх нь тодорхойгүй байлаа.
Ер нь XIII зуун болон түүнээс өмнө монголчуудын бичиж барласан ном судар олдоогүй. Энэ талын мэдээ ч бараг байхгүй. Одоогоор олдсон монгол бичгийн хамгийн эртний дурсгал нь Чингисийн чулуу гэж нэрлэгддэг хөшөөний 20 гаруй үгтэй бичээс (1225 он) байдаг. Түүнээс гадна Гүюг хааны тамгын бичиг (1246 он), Мөнх хааны хөшөөний бичээс (1257 он) гэх мэтийн цөөн дурсгал XIII зуунаас уламжилж ирсэн юм.
Бид 2000 оны үед Улсын төв номын сангийн фондоос Их Монгол гүрний Юань улсын үед холбогдох монгол Банзрагч буюу “Их мянган ертөнцийг магад дарагч таван сахияан нэрт их хөлгөн судар оршив” хэмээх модон барын нэгэн ховор номыг олсон билээ. Энэ ном бол монгол хүн эх хэлээрээ орчуулан монгол үсгээр хэвлэсэн, бүрэн эхээрээ Монгол Улсад байгаа цорын ганц хосгүй үнэт соёлын өв юм.
Монгол Улсаас олдсон, Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж байгаагаараа монгол хүн бүрийн бахархах соёлын эрхэм үнэт өв болж буй энэ их хөлгөн судар нь Монголын бичиг соёлын түүхэнд: нэгд, XIV зууны эхэн үеийн монгол ном, хэвлэлийн биет баримт, хоёрт, сонгодог монгол бичгийн өмнөх үеийн монгол хэл бичгийн бодит дурсгал, гуравт, XIV зууны монгол орчуулгын том төлөөлөгч, дөрөвт, төгсгөлийн тавин таван бадаг, хоёр зуу гаруй мөр шүлэг нь тухайн үеийнхээ монгол хэл, уран зохиолын үнэт дурсгал болох онцгой ач холбогдолтой юм.
Хосгүй үнэт ном гэхээр алт мөнгө, эрдэнэсээр бүтээсэн ном гэж бүү бодоорой. Номын үнэ цэнийг юугаар бүтээснээр нь биш, харин улс үндэстнийхээ бичиг соёлын түүхэнд эзлэх байр суурь, шинжлэх ухааны ач холбогдол, агуулж буй мэдээллээр нь тодорхойлдог гэдгийг юуны өмнө хэлье. Манайд буй алт эрдэнэсээр бүтээсэн ном ихэнхдээ буддын шашны түгээмэл тархсан төвд судрууд байдаг бөгөөд монгол үсгээр бичсэн ном маш цөөн байдаг юм. Дэлхийн бусад улсад ч Библи, Коран гэх мэтийн шашны гол судар номыг л үнэт эдээр уран гоё урласан байдаг.
700 шахам жилийн өмнө Их Монгол гүрний үед буюу 1320-оод онд орчуулж, 1345 онд модон бараар монгол үсгээр хэвлэсэн ийм хосгүй нандин дурсгалын үнэ цэнийг манай зарим эрдэмтэд, номын сангийн ажилтнууд үл ойшоон хайнга хандаж, Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт өвийн жагсаалтад ч бүртгүүлэлгүй дарсаар өнөө хүрсэн нь нэн харамсалтай.
Түүгээр ч үл барам “Судар бичгийн алтан сан” нэртэй үнэт ховор номын каталогтоо оруулалгүй орхижээ. Уг каталогийг “Баримтат өв: Бүртгэл судалгаа, хадгалалт хамгаалалт” төслийн хүрээнд 2014 онд хэвлүүлсэн гэх ба 2016 оны арваннэгдүгээр сард шинэчлэн засварлаж Үндэсний номын сангийн 95 жилийн ойгоор дахин хэвлэжээ. Номынхоо эхэнд төслийн удирдагч МУ-ын гавьяат багш, доктор,профессор Ш.Чоймаа, зөвлөх МУИС-ийн монгол хэлний тэнхимийн эрхлэгч доктор М.Баярсайхан, эмхэтгэгчид гээд арваад хүнийг нэрийг жагсаажээ.
Каталогийн “Өмнөтгөл”-д “Монгол Улсын үндэсний номын сангийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй монгол туургатны оюун санааны охь дээжис, эрдэнэсээр урласан хосгүй үнэт бүтээлүүдийн төлөөлөл болгож 108 өвийг та бүхэнд толилуулж байна” гэжээ. Тэгээд төгсгөл хэсэгт БАНЗРАГЧ (худам монголоор) гэсэн нэртэйгээр нэгэн судрыг хэвлэжээ.
Их Монгол Улсын үед модон бараар монгол үсгээр барласан 171 хуудас, 342 нүүр бүхий одоогоор бүтэн олдоод буй дэлхийд цорын ганц, хосгүй үнэт хөлгөн судраа номын төгсгөлд тохиромжгүйхэн газар оруулж дээ хэмээн үзтэл санаанд оромгүй зүйлтэй учрав.
Өгүүлэх нь, нэгдүгээрт, бидний өгүүлэн буй судрын нэр Банзрагч биш, “Их мянган ертөнцийг магад дарагч таван сахияан нэрт их хөлгөн судар оршив” билээ. Хоёрт, каталогт хэвлэсэн судрын зураг нь ямар нэгэн Банзрагчийнх биш, бүр өөр номын зураг байна. Гуравт, Зургийн дорх тайлбарт буй хувийн дугаар, хуудасны тоо, цаасны хэмжээ нь тохирохгүй байна.
174 хуудастай ном 5,0 мм зузаан, 2500 гр жинтэй байна гэснээс үзвэл бүр ч ер бусын судар бололтой. Дөрөвт, тайлбарт нь: “XIV зууны эхэн үед Чойжи-Одсэр орчуулж, Шаравсэнгэ, Хардаш, Аюуш гүүш нар төгсгөлийн шүлгийг бичсэн гэлцдэг” гэсэн нь үнэнд нийцэхгүй Тавдугаарт, “Болгомол цаасан дээр хар бэхээр, 29 мөрөөр монгол бичгээр бичсэн таван бүлэг зохиол” гэж тайлбарлажээ.
Зураг дээрх ном нь хар бэхээр бичээгүй, модон бараар хэвлэсэн ном болох нь илт харагдаж байна. Эдгээр тайлбар, зураг сэлтээс үзвэл миний ярьж буй дээрх хосгүй үнэт хөлгөн судар биш болох нь илэрхий бөгөөд түүнийг “Судар бичгийн алтан сан”-даа санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу оруулалгүй орхижээ.
Үүнийг сэтгэл түгшин бичиж байгаагийн учир бол Монголын бичиг соёлын дэлхийд гайхуулах нэн ховор өв болох 700-аад жилийн өмнө, Их Монгол гүрний үед хэвлэсэн номоо үгүй хийчихээд, эсвэл үгүй хийх бэлтгэл болгон огт өөр номын зураг тавьчихаад буруу тайлбар хийж хүмүүсийн толгой эргүүлж байгаа юм биш биз хэмээн бодсоноо нуух юун. Төслийн мөнгөөр арав гаруй хүний хийсэн номд ийм зүйл орсонд гүнээ харамсаж байна. Шинэчлэн засварлаж сайжруулчихаад дахин хэвлээд байгаа ном нь ийм байхад хэдэн жилийн өмнө хэвлэсэн анхны ном нь ямар байсан бол...
Ер нь төсвийн мөнгөөр хэрэгжүүлж буй төслүүд иймэрхүү чанартай байдаг юм биш биз. Урьд өмнө хэвлэгдсэн номын өвийн тухай зарим номын алдаа ч, зураг, тайлбар ч тэр хэвээрээ энэ номд тааралдаж байгаа нь “эмхэтгэгч” гэх хүмүүс тэднээс эшлэл ч авалгүйгээр шууд өөрийн болгосныг илтгэнэ. Ном судрыг тусгайлан судалдаг Ном судлал гэдэг шинжлэх ухаан, Ном судлаач гэх мэргэжил байдгийг дашрамд сануулъя.
“Монгол Улсын үндэсний баримтат 108 өв” хэмээх давхар нэртэй энэхүү номд орвол зохих олон чухал судар номыг судлан оруулалгүй, зөвхөн алтаар бичсэн, 9 эрдэнээр бичсэн гэснээс өөр тайлбаргүйгээр Доржжодба (56-р тал), Жамбалцанжид (61-р тал), Жамбиймолом (71-р тал) гэх мэтийн буддын шашны нийтлэг ном олныг оруулжээ. Соёл түүхийн ач холбогдлоороо тэднээс хэдэн арав дахин үнэ цэнэтэй гар бичмэл, модон барын ном олон бий. Юуны өмнө энэхүү номоос 1345 оны модон барын “Их мянган ертөнцийг магад дарагч таван сахияан нэрт их хөлгөн судар”, 1648 оны модон барын монгол “Хутагт ихэд тонилгогч”, 1659 оны модон барын монгол “Алтангэрэл”, тод үсгийн алтан Жадамба, Сэцэнхан Шолойн угийн бичиг, Монголын галиг үсгийн тухай Гүн Гомбожавын “Эгшиг хийгээд гийгүүлэгч үсгүүд оршив” модон барын ном, Чулуунбар, чулуун барын ном, Сумадираднагийн “Нэр, үг, утга гурвыг тодруулан харанхуйг арилгагч зул оршив” нэрт төвд-монгол толь гэх мэтийн олон ном илт үгүйлэгдэж байна. Эдгээр ном бүгдээрээ Үндэсний номын санд бий. Мөн 108 гэх тоондоо хүргэхийн тулд оруулсан, судар бичгийн хосгүй үнэт өв гэж үзэхэд хэцүү номын модон хавтас, хулсан үзэг, үнсэн самбар гэх мэтийн олон зүйлийн оронд монгол ардын хөөмөл, шармал, сийлбэр, цутгуур, уран зураг, зүмбэр, зээгт наамал, хатгамлын урлагийн гайхамшгийг харуулсан үнэт ховор хавтас, хөшиг, донтор, чимэглэлүүдийг оруулсан бол зохистой байжээ.
Эцэст нь, Их Монгол гүрний үед модон бараар хэвлэгдсэн 700 шахам жилийн настай дэлхийд бүтнээрээ үлдсэн ганц монгол номоо Монгол Улсын болон дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлж хамгаалах цаг аль хэдийнэ болсныг сануулъя.
Хэл бичгийн ухааны доктор, профессор Ж.Сэржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна